Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн дэд ажлын хэсэг хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай" хуулийн төслийн ажлын дэд хэсэг өнөөдөр /2021.09.07 11 цаг/ хуралдаж байна. Ажлын дэд хэсгийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат ахлаж ажиллаж байгаа бөгөөд ажлын дэд хэсэгт УИХ-ын холбогдох байнгын хорооны албан тушаалтнууд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон энэ чиглэлийн бусад Төрийн бус байгууллага, холбоодын төлөөллөөс бүрдэн ажиллаж байна.

Өнөөдрийн ажлын дэд хэсгийн хуралдаанд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Л.Нямдаваа, ТЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, Инновац, цахим бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх П.Батбаатар, нарийн бичгийн дарга Ц.Мөнхсайхан, судлаач Д.Онолт, УИХ-ын гишүүний зөвлөх Б.Батцэцэг болон бусад гишүүд оролцон хуулийн төслийн зүйл заалт бүрээр ярилцаж байна.

 

Эх сурвалж: Инновац, цахим бодлогын байнгын хороо