Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат хоолыг хаанаас ч хамаагүй захиалж, автобус хүлээж түүртэлгүй чиглэлийг нь дор нь харчихна… Өдрөөс өдөрт шинэчлэгдэн, хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед монголчууд бид хэрхэн цахим үндэстэн болох эхлэлээ тавив? 

Нэг цахим үйлчилгээний ард л гэхэд тооцоолж барамгүй цаг зав, мөнгөн урсгал, дэмий зардал, алдагдсан боломжийн өртөг хэмнэгдэж байдаг. Хурууны үзүүрээ хөдөлгөөд л өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн дотоодын цахим үйлчилгээнүүдийг нэгтгэн хүргэж байна.

#1 Мобайл банк – Бүх банкны аппликейшн

Бэлэн мөнгө, картын хэрэглээ бага багаар цахимжсаар ухаалаг утасны аппликейшн бүгдийг нь орлохуйц болжээ. Өөрийн ашигладаг банкны аппликейшнээ татаад л, интернэт банктай болчихсон байхад түрийвчээ орхих, картаа мартах асуудал үгүй.

#2 Нийтийн тээврийн төлбөр, чиглэл: Umoney + Hipay + UB Smart Bus 

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа цэнэглэх цэг хайж явдаг цаг өнгөрчээ. Hipay ашиглаад гар утсаараа шуудхан л цэнэглэчихнэ. Мөн хаана хэзээ автобусанд сууж, бууснаа харж ч болно. Umoney-оор нийтийн тээвэр, хот хоорондын тээвэр, нислэг, галт тэрэгний хуваарийг харж болох бол UB Smart Bus-аар нийтийн тээврийн дэлгэрэнгүй чиглэл, зогсоолыг харах боломжтой.

#3 Такси дуудлага: Ubcab

Аюулгүй, найдвартай, түргэн шуурхай такси үйлчилгээний тэргүүлэх сүлжээ. Жолоочийн тухай мэдээллийг харж, үнэлгээ өгч, хэрэгцээтэй үедээ хүргэлт хийлгэж, тусгай VIP такси ч дуудаж болох ухаалаг платформ бол яах аргагүй Ubcab.

#4 Хоол хүргэлт: Tok tok + Songo + Toki 

Дээрх аппликейшнүүдийн “ачаар” бид хүссэн ресторан, зоогийн газрынхаа цэстэй танилцаж, хаягаа оруулаад л хоолоо хүргүүлэн авах боломжтой болжээ. Газрын зураг, хаягаа оруулах ухаалаг цэстэй, тооцоогоо мобайлаар, бэлнээр, картаар гээд төрөл бүрээр төлж болох тул ямар ч асуудал гарахгүй.

#5 Цахим төлбөрийн баримтын систем: Ebarimt

Төлбөрийн баримтаа утасны камераараа уншуулаад л болоо! Мөн татварын буцаан олголт, сугалааны дүнгээ харахаас гадна өөрийн зарлагаа төрөл ангиллаар нь хуваан, тооцоолох боломжтой.

#6 Үндэсний сошиал аппликейшн: Mongol Chat + Meme Chat

Эх хэлээрээ чатлах боломжтой, монгол залуусын бүтээсэн аппликейшнүүд. Фэйсбүүкийн мессенжерт байдаг бүх функцүүдтэй бөгөөд төлбөр тооцоо хийх гэх мэт нэмэлтүүдтэй.

#7 Төрийн үйлчилгээ: E-Mongolia

Иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд компани байгуулах, орон сууц худалдан авах, боловсрол, тээврийн хэрэгслийн лавлагаа гээд 540 төрлийн үйлчилгээг шууд авах боломжтой сайт. Төрийн үйлчилгээг иргэн бүрт ойртуулсан томоохон дэвшил юм. Мөн төрийн үйлчилгээний тухай мэдээлэл авч, ойлголт мэдлэгтэй болоход ч хэрэгтэй.

#8 Боловсрол: Mplus + Esan + Tomyo + Mongoltoli.mn 

Цахим ном унших, татаж авах, зохиолч бүтээгч нарт хөрөнгө оруулах, олон улсын сэтгүүл, судалгааны материал уншихад Mplus, Esan тусалж чадна. Харин цахим сургалтын Tomyo сайт нь хэрэглэхэд хялбар, академик хичээлүүдтэй бөгөөд даруй 200,000 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Зөв бичгийн дүрэм шалгах, эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд Mongoltoli.mn тусалж чадна.

#9 Эх хэл: Ikon + Chimege

Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдтэй хоршин ажиллах эл хоёр технологи нь монгол кирилл үсэг ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ашиглахад тун хялбар. Монгол яриаг бичвэрт буулган хөрвүүлэх ухаалаг Чимэгэ системийн монгол хэлний нарийвчлал 97 хувь байгаа нь олон улсад өндөрт тооцогдох үзүүлэлт юм.

#10 Үүрэн телефон: Unitel + Mobicom + Skytel + My GMobile

Гар утсаараа утасны төлбөр тооцоогоо хийж, нэгж дата худалдан авч, хэрэглээний дэлгэрэнгүй зардлаа харах боломжтой. Утастай хэн бүхний заавал татах ухаалаг үйлчилгээний нэг.

Дашрамд дурдахад, шинэ технологи шилдэг шийдлүүд бүхий мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө. Уг арга хэмжээнд очихыг хүсвэл есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.

 

 

Эх сурвалж: ublife.mn