МУ-ын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зарласан 2020 оны ТОП-100 ААН, байгууллагад тус холбооны гишүүд болох "Мобиком корпораци" ХХК, "Юнител" ХХК, "Скайтел" ХХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-иуд шалгарсан байна. Энэ жилийн хувьд дэлхий дахинд ковид-19 цар тахлын улмаас эдийн засаг уналтанд орж, хэцүү нөхцөл байдалд ажиллаж байгаа боловч 2020 онд ТОП 100 ААН татварын орлогын 49 хувь, ДНБ-ийн 88 хувьтай тэнцэх борлуулалтыг бүрдүүлж чадсан байна. Та бүхэнд талархал дэвшүүлье.
"ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг. Өнгөрсөн оны хувьд Монгол Улсын ДНБ-ийн хэмжээ 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь ДНБ-ийн хэмжээ буурахад нөлөөлсөн. 2020 оны хувьд бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсан, иргэдийн худалдан авах чадвар доройтсон, нийлүүлэлт доголдсон, бүхий л салбарын бүтээмж унасан. Дэлхий эдийн засаг ч тодорхой бус байдалд орж, төлөвлөж байгаагүй зардал, сорилт аж ахуйн нэгжүүдийн хувьд гэнэт бий болсон. Эдгээр нь 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн эрэмбэ, дарааллыг ихээхэн өөрчилж, шинэ шинэ салбар урагшлах, зарим нь ухрах нөхцөлийг бүрдүүлсэн нь дамжиггүй" гэж МХАҮТ-аас онцлон дурджээ.