У.Тамир: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд жилд 3 тэрбум төгрөг төвлөрдөг ч зарцуулалт ил тод биш!

ЖДҮХС-гаас нөлөө бүхий улс төрчид хамаарал бүхий компаниудадаа бага хүүтэй зээл авсан нь ил болсон юм. Тэдгээр гишүүдийн зарим нь ялаа эдэлсэн бол зарим нь одоо ч УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Боловсролын зээлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг төсвөөс санхүүждэг сангууд олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг хэвээр байна.    

Засгийн газрын 29 тусгай сан байдгийн нэг нь Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан (БНҮҮС). Энэ сангийн онцлог нь улсын төсвөөс санхүүждэггүй. Сангийн орлогын 70-90 хувийг харилцаа холбооны салбарын цөөн, том компаниуд бүрдүүлдэг юм.                   

2009 оны тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ыг баталжээ. Харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан нутгуудад хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор энэ санг байгуулсан.

Төр хувийн хэвшлээс авдаг татвараа өсгөхийн тулд хуулиа өөрчилжээ. Харин харилцаа холбоо, мэдээллийн технологийн компаниуд БНҮҮС-д татвар төлөхийг олон үндэслэлээр эсэргүүцэв.

Гэвч өнөөдрийг хүртэл тус санд нийт хэчнээн төгрөг төвлөрсөн, ямар ажлууд хийсэн нь тодорхой бус. Харилцаа холбооны компаниуд 2019 оныг хүртэл татварын дараах цэвэр ашгийн 2 хувийг тус санд бүрдүүлж байсан бол одоо энэ хэмжээ 3 хувь болсон. Мөн энэ оноос сангийн орлогыг бүрдүүлэх ААН-ийн тоог нэмж, мэдээллийн технологийн компаниудыг нэмжээ. Учир нь Харилцаа холбооны тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Харилцаа холбоо гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрлийг нэрлэнэ. “Мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг; гэсэн заалтыг нэмсэн байна.

Төр хувийн хэвшлээс авдаг татвараа өсгөхийн тулд хуулиа ийнхүү өөрчилжээ. Харин харилцаа холбоо, мэдээллийн технологийн компаниуд БНҮҮС-д татвар төлөхийг олон үндэслэлээр эсэргүүцэв. Иймд Мэдээлэл, харилцаа холбооны операторуудын ассоциацын гүйцэтгэх захирал У.Тамиртай ярилцав. Энэ ассоциацад салбарын хамгийн том найман компани гишүүнээр элсжээ.      

САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР АШИГЛАН, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛҮҮД ГАРСАН

-Бүх нийтийн үйлчилгээний санг байгуулаад 11 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд энэ санд хэчнээн хэмжээний мөнгө төвлөрсөн, түүгээр ямар ажлууд хийсэн юм бол?
-Анх 2000 онд Харилцаа холбооны тухай хуульд Бүх нийтийн үүргийн сангийн тухай заасан. Олон улсын жишгээр харилцаа холбооны , наад захын зайлшгүй үйлчилгээг хүн амд хүргэх зорилгоор энэ санг байгуулдаг. Мөн энэ нь харилцаа холбооны салбарыг либералчлах бодлогын нэг хэсэг. Аль болох олон компанийг зах зээл рүү оруулах зорилгоор энэ бодлогыг хэрэгжүүлсэн юм. Энэ сангийн хөрөнгөөр хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилго агуулдаггүй.             

2000 оны эхээр олон компани үйл ажиллагаа явуулах болж, манай салбарт өрсөлдөөн бий болсон ч цөөн хүн амтай сум, багт үйлчилгээ хүрэхгүй байв. Иймд алслагдсан сумдад үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлэх шийдэлд хүрсэн. Харилцаа холбооны тухай хуульд энэ сангийн зорилго, зорилтыг тодорхойлсон юм. Удалгүй Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гаднын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгөөс гадна компаниудаас төлбөр авахаар заасан. Үйлчилгээ эрхлэгч ААН-үүдээс төлбөр татан төвлөрүүлэх болсноор сан “амилж”, 2006-2009 оны хооронд алслагдан сум, суурин газруудад үүрэн холбоог шуурхай нэвтрүүлсэн. Олон улсын цахилгаан холбооны байгууллага Монголд хэрэгжүүлсэн энэ төсөл олон улсад сайн туршлага боллоо хэмээн үнэлж байв.

Санд хэн, хэдэн төгрөг төвлөрүүлдэг, юунд зарцуулсан нь тодорхойгүй.

Бүх нийтийн үйлчилгээний бодлого гэж юуг хэлэх вэ гэдгээ бид байнга тодорхойлох шаардлагатай. Бүх сумдад үүрэн холбоо нэвтэрсэн тул одоо юу хийх вэ гэдгээ тогтох шаардлага үүслээ. Гэвч өнөөг хүртэл шинэ зорилго, зорилт нь тодорхойгүй байна. Эхний зорилтдоо хүрсэн тул сангийн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг асуулт урган гарсан.

-Бүх нийтийн үүргийн сан үүргээ гүйцэтгэсэн талаар тодруулахгүй юу. Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо өссөнөөр хэмжсэн үү, бүх нутагт шилэн кабел татсаныг хэлж байна уу. Ямар үзүүлэлтээр та бүхэн ингэж дүгнэж байна вэ. Төлбөр өгч буй компаниуд болон төлбөрийг цуглуулж буй төр хэмжих үзүүлэлтүүдээ нэгтгэсэн үү?     
-БНҮҮС хуульд заасан үүргээ биелүүлсэн. Үүрэн холбооны дараа интернет үйлчилгээг нэмсэн болов уу гэж бодож байна. Гэхдээ хэвлээд, баталсан бодлого байхгүй. Иймд би итгэлтэй хэлж чадахгүй байгаа юм. Бодлого боловсруулах үүргийг хуульд ХХМТГ-т ногдуулсан. Иймд бид бодлого хаана байна гэж асуудаг. Харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлого гэж ерөнхий бодлого бий. Үүнийг ХХМТГ гол чиглэлээ болгож байна. Төрийн бодлогыг энэ сангаар дамжуулан хэрэгжүүлж байгаа нь буруу. Гэтэл сангийн зорилго өөр.

Шилэн кабелийн сүлжээг эхэн үедээ гадаадын зээл тусламжаар хийсэн. Дийлэнх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлсэн юм. Бүх сумдад 3G, 4G сүлжээ орсон тул БНҮҮС үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг. Харин ХХМТГ хилийн боомтууд, аялал жуулчлалын баазууд, зарим багт сүлжээ ороогүй гэдэг.

-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд нэг жилд ямар хэмжээний хөрөнгө төвлөрдөг вэ?
-Манай ассоциацын нэг зорилго нь энэ сангийн үйл ажиллагааг сайжруулах, ил тод болох юм. Сангийн талаарх мэдээллийг авах гэж янз янзаар оролдсон. ХХМТГ-ын  цахим хуудсанд бүх мэдээллээ ил тавих ёстой. Гэтэл байршуулсан мэдээлэл нь хангалтгүй. Санд хэн, хэдэн төгрөг төвлөрүүлдэг, юунд зарцуулсан нь тодорхойгүй. Жилд 3 тэрбум төгрөг төвлөрүүлж байх шиг байна. Бид нарийн тоог мэдэхгүй ч сангийн санхүүгийн тайлан бий. Гэхдээ энэ тайланг тогтмол нийтэлдэггүй. Зарим жилийн тайлан байхгүй.

2017-2018 оны аудитын тайланд үндэслэн манай ассоциацын гишүүд нийт хөрөнгийн 70-90 хувийг бүрдүүлж байна гэж тооцоолсон. Сүүлийн арван жилд нийт 30 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний 24-25 тэрбум төгрөгийг зарцуулсан.

-Зориулалт бусаар хөрөнгө зарцуулсан ямар тохиолдлууд бий вэ?
-Гарын авлага, судалгаа, сурталчилгааны контент бэлтгэн цацахад сангаас мөнгө гаргажээ. 2018 онд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн судалгааг хийсэн ч судалгааны үр дүнг бидэнд танилцуулаагүй.      

Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг иргэдэд хэрхэн хэрэглэхийг заан таниулах ажилд санхүүжилт гаргасан байна. Эдгээр нь ХХМТГ-ын үндсэн үүрэг юм. Тус агентлаг улсын төсвөөр энэ ажлаа хийх ёстой. Гэтэл сангийн хөрөнгөөр хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл мөн. Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн аль алинд сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж болохгүй гэж заасан.          

-Та бүхэн 2019 онд мэдэгдэл гарган, энэ асуудлыг хөндсөн. Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн байсан.
-Сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан тул бид Захиргааны хэргийн шүүхэд хандахаар болсон. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд татварын өмнөх орлогын 2 хувийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлнэ гэж заасан юм. 2018 онд олон нийтийн зүгээс хүчтэй шаардлага тавьж, алдагдалтай ажилладаг, Засгийн газрын тусгай сангуудыг цэгцлэхийг шаардсан. Засгийн газраас үүрэг өгсний дагуу бүх тусгай санг шалгасан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруул гэсэн Засгийн газрын тогтоол ч гарсан. Энэ үед бид Сангийн яаманд БНҮҮС-тай холбоотой бүх мэдээллийг гаргаж өгсөн. Тусгай сангуудад илүү нарийвчилсан шалгалт хийхийг хүссэн юм.      

-Сангийн яам ямар хариу өгөв?
-Бидэнд шалгалтын дүнг танилцуулаагүй. Хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахад бид оролцсон. Тэр үеэр манай сантай холбоотой ямар зөрчлүүд илрэв, яаж сайжруулах ёстой гэж үзэж байна вэ гэдгийг асуусан. Та бүхэнд санал байвал албан бичгээр ханд гэхэд нь илгээсэн. Гэвч цэвэр ашгийн 3 хувийг (өмнө нь 2 хувь байсан) санд төвлөрүүлэх болсныг хуулийн төслийг УИХ-д өргөн барихад нь л мэдсэн.

Учрыг лавлатал үүрэн холбооны дөрвөн компанийн санхүүгийн баримтуудад тооцоо хийгээд, та бүхний ачааллыг бууруулах болсон. Цэвэр ашгийн 3 хувийг санд төвлөрүүлэхэд та бүхний ачаалал 16 хувиар буурна гэсэн юм. Гэтэл бодит амьдралд багасаагүй, харин ч ихэссэн. Толгой компанийн сацуу охин компаниуд ч энэ төлбөрийг төлж байна.

Уг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд төлбөр төлөгчид нэмж үүрэг хүлээлгэхгүй гэж заасан. Цэвэр ашиг бол татвар, зардлын дараах үлдэгдэл тул тухайн компанийн эздийн хөрөнгөд тооцогдоно. Эздийн өмчөөс татвар авах нь хувийн өмчид халдаж байгаа хэрэг юм. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил. Мөн Татварын хууль бүх хүнд ижил, шударгаар үйлчлэх ёстой. Энэ хуульд татварыг гурав ангилсан. Эдгээр нь татвар, хураамж, төлбөр юм. Гэтэл манай гишүүдийн  санд төвлөрүүлсэн хөрөнгө эдгээрийн алинд ч хамаарахгүй. Хуульд санд төвлөрүүлэх хөрөнгө л гэж бичсэн. Хуулиар үүрэгжүүлсэн, албадан төлүүлж буй тул татвар ч юм шиг. Гэтэл Татварын хуулийн ангилалд багтаагүй.

Энэ байдлыг хэлж тайлбарлахад ХХМТГ биднийг ойлгон, зарим саналыг хүлээн авсан. Тас хөндлөн суугаагүй. Сангийн журмыг шинэчлэх саналыг маань ч хүлээж авсан. Ингээд хамтарсан ажлын хэсэг ажиллан, журмаа шинэчилсэн. Хэт ерөнхий, олон асуудал тодорхойгүй байсныг дэлгэрүүлсэн. “Сангийн хяналтын зөвлөл ажиллана. Ажиллах журмыг ХХМТГ батална” гэсэн заалтыг илүү нарийвчилсан. Хяналтын зөвлөлийн эрх мэдэл, агентлагтай хэрхэн хамтран ажиллах талаар нэмсэн юм. Гэсэн ч энэ журам одоо асуудал дагууллаа.

-Ямар асуудал вэ?
-Санд хөрөнгө төвлөрүүлэх ААН-үүдийн хамрах хүрээг өргөжүүлж, мэдээллийн технологийн компаниудыг нэмсэн юм. Журам боловсруулах ажлын хэсэгт манай ассоциацаас хоёр төлөөлөл багтан ажилласан. Ажлын хэсгийн гишүүд 3-4 асуудлаар санал нэгдэж чадаагүй юм. Энэ талаар агентлагийн дарга ХХМТГ-ын өмнөх даргад танилцуулан, эргэж харахыг хүссэн ч хүлээж аваагүй. Тухайн үед бидний тавьсан саналуудыг хүлээн авсан бол маргаан үүсэхгүй байв. 

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг батлахдаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхгүй гэж заасан. Учир нь тэд тусдаа сантай болсон. Ингэснээр санд төвлөрөх 3 тэрбум төгрөгийн орлого буурна. Энэ сан харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг л хүргэх зорилготой тул мэдээллийн технологийн компаниудыг нэмэхийг эсэргүүцсэн. ХХЗХ-ноос тусгай зөвшөөрөл авсан ААН-үүдийг л хамруулах нь зөв. Мөн мэдээллийн технологийн компаниудад энэ талаар урьдчилан мэдэгдээгүй, саналыг нь аваагүй тул тэд эсэргүүцэх нь https://youtu.be/AyHuvy4-g_sаргагүй юм.                                                                                            

Харилцаа холбооны тухай хуульд зааснаар Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бодлогыг тодорхойлон, хэрэгжилтэд хяналт тавих нь ХХМТГ-ын үүрэг. Тэдний баталсан бодлогыг хэрэгжүүлэх нь ХХЗХ байв. Гэтэл Харилцаа холбооны тухай хуульд 2009 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бодлого гаргах, хэрэгжүүлэх үүргийг аль алийг нь ХХМТГ-т өгчихсөн. Энэ нь буруу. Түрүүн дурдсанчлан, эхний гурван жилд сан маш идэвхтэй ажиллахдаа ХХЗХ-ны дэргэд байрлаж байв. Гэтэл 2009 оноос хойш санд мөнгө төвлөрүүлэх, зарцуулах эрхийг ХХМТГ хамтад нь хэрэгжүүлж, өөрөө өөртөө хяналт тавьж байна. Хуулийн энэ алдаанаас үүдэн сангийн орлогын мэдээлэл ил тод биш болж, хууль бус зарцуулалт гэх мэт уршгууд гарч эхэлсэн. Эхлээд эрх зүйн энэ зөрчлийг арилгах шаардлагатай.      

-Бусад улсуудад Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байдаг уу, яаж ажилладаг юм бол?
-Олон улсад ийм сан байгуулахаас татгалзаж эхэлсэн. 69 улсад ийм сан бий. 2018 онд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас судалгаа хийж, Бүх нийтийн үүргийн үйлчилгээний сангуудад үнэлгээ өгсөн. Тэгэхэд 69 улсын 38 нь ажиллахгүй, нэр төдий байдаг. Үлдсэн 31 сангийн тал нь үйл ажиллагаагаа сайжруулж байна гэдэг. Арваад улсад л энэ сан ажиллаж байна. Эдгээр нь хөгжиж буй, буурай орнууд. Харилцаа холбооны шинэ технологиуд хурдтай хөгжиж байгаа тул хөгжингүй орнуудад санг татан буулгасан.    

Гар утас борлуулсан орлогоос авна гэвэл Тедид суугаа бүх хүнээс авах болно. Финтекийн үйлчилгээний орлогоос авна гэвэл банкууд ч ийм үйлчилгээтэй.     

-Та түрүүн Хяналтын зөвлөлийн ажлыг илүү тодорхой болгосон гэсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Сангийн хяналтын зөвлөлийн 9 гишүүний 6 нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын төлөөлөл байна гэж журамд нэмсэн юм. Олон улсын жишгээр тухайн санд хөрөнгө төвлөрүүлсэн этгээд өөрөө Хяналтын зөвлөл байгуулан, бидний мөнгийг зөв зарцуулсан уу гэж хянадаг. Гэвч сангийн Хяналтын зөвлөл өмнө нь бараг ажиллаагүй. Одоо ямар  байна гэхээр баахан ТББ-ын төлөөллийг энэ зөвлөлд оруулсан. Гэтэл тэдгээр нь санд хөрөнгө төвлөрүүлдэг компаниудыг төлөөлөхгүй. Өргөн нэвтрүүлгийн байгууллагууд, сургалт сурталчилгааны ТББ-ууд, ХХМТГ, ХХЗХ-ны мэргэжилтнүүд багтсан. Хэдий журмаа шинэчилсэн ч ийм бүрэлдэхүүнтэй байх нь Хяналтын зөвлөлийн үр нөлөө, хүчийг сулруулна гэж бид журам боловсруулах явцад тайлбарласан ч бидний саналыг хүлээж аваагүй. Энэ бүрэлдэхүүнийг өөрчлөх ёстой.    

Би энэ жил ээс ассоциацаа төлөөлөн Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэллээ. Цэвэр ашгийн 3 хувийг хэрхэн, яаж тооцох вэ гэдэг дээр санхүүгийнхэн одоо ч нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Хамт суугаад тооцоо нийлэх гэхээр санхүүгийн үзүүлэлтүүд нь зөрдөг. Мөн ямар орлогыг орлого гэж үзэх вэ гэдэг нь ойлгомжгүй. Үүрэн холбооны компаниуд сүүлийн үед финтекийн компани байгуулах боллоо. Гар утас худалдан, борлуулдаг. Эдгээр үйлчилгээний орлогоос санд хөрөнгө төлөх үү гэх мэт олон асуулт бий. Гар утас борлуулсан орлогоос авна гэвэл Тедид суугаа бүх хүнээс авах болно. Финтекийн үйлчилгээний орлогоос авна гэвэл банкууд ч ийм үйлчилгээтэй.             

Бас нэг асуудал байгаа нь Хяналтын зөвлөл зөвхөн санал зөвлөмж гаргах үүрэгтэй. Энэ онд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Хяналтын зөвлөл анхны хурлаараа  хэлэлцсэн юм. Гэтэл өнөөх л зориулалтын бус зардлууд хэвээрээ. Би эсэргүүцсэн ч цөөнх болж, олонхын саналын дагуу тэдгээр зардлыг гаргах болчихсон. Эндээс Хяналтын зөвлөл бүтцээ зөв гаргахгүй бол хууль зөрчсөн хэвээр байх нь харагдаж байна.

-Хяналтын зөвлөлийн дарга нь хэн бэ?
-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн их сургуулийн нэг багш бий.        

-ХХМТГ-ын шинэ дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллийн технологийн компаниудыг ойлгож байна, журмыг эргэж харна гэсэн хариу өгчээ.
-Ийм  хариулт өгсөнд бид баярлаж байна. Дэлхийн банк олон улсын шинжээчдээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд үнэлгээ хийлгэх болсон. Канадын маш туршлагатай компани энэ зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан. Монгол талаас ч мэргэжилтнүүд оролцох юм билээ. Бид тэдний үнэлгээнд найдвэр тээж байна. Анх энэ сангийн хуулийг батлахад Дэлхийн банк тусалсан юм. Ямар зорилго, чиглэлээр энэ санг анх байгуулснаа тус банк сайн мэднэ. Тэр сан нь өнөөдөр ямар болсныг олж харна.

ХХМТГ-т одоо бас нэг ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсэг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал бэлтгэх үүрэгтэй. Цэвэр ашгийн 3 хувийг төвлөрүүлэх нь зөв үү гэдгийг судлаад эхэлсэн юм билээ.

ЗАХЫН ХОРООЛЛУУДАД ИНТЕРНЕТ ХҮРГЭНЭ, ХУРДЫГ НЭМНЭ ГЭСЭН ЗОРИЛТУУД УРИАЛГА БОЛЖ ҮЛДСЭН

-Зарим ААН энэ төлбөрийг шилжүүлдэггүй гэлээ. Төлөхгүй байснаар ямар нэг торгууль шийтгэл хүлээлгэдэг үү?
-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд хариуцлагыг Зөрчлийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан. Гэхдээ санд хөрөнгө төвлөрүүлэхгүй бол ийм арга хэмжээ авна гэж нарийвчилж заагаагүй. Цаашдаа ХХЗХ ААН-үүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо санд хөрөнгө төвлөрүүлэхийг нь үүрэгжүүлэх санал гарсан. Төлөөгүй байвал тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй байна гэж үзэн, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Гэвч бодит амьдралд энэ заалт хэрэгжихгүй.

Өнгөрсөн хугацаанд зарим ААН яагаад хөрөнгө төвлөрүүлээгүйг би мэдэхгүй байна. Энэ талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй.                                 

Хот тэлэх хэрээр ус, цахилгаан, дулааны шугамаа төлөвлөдөг шиг харилцаа холбоог хамтад нь төлөвлөх ёстой юм.         

-Цар тахлын улмаас сурагчид, оюутнууд олон сар гэрээсээ хичээллэлээ. Харилцаа холбооны үйлчилгээ алслагдсан сумдад хүрсэн, бид цахим хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг гэдэг ч нийслэлийн захын зарим хороонд, зарим  багт интернет сүлжээгүй байгаа нь олон сурагч, оюутанд сорилт боллоо.
-Датагаар мэдээлэл авах нь өргөн зурвасын асуудал. Уг нь манай улс захын хороололд ч интернет хүргэнэ, хурдыг нь нэмнэ гэсэн зорилтууд дэвшүүлсэн. Гэхдээ уриалга болж үлддэг. Бодлогоо хэрэгжүүлдэггүй. Тоон технологид шилжин, шилэн кабел татаж эхлэх үед сүлжээний мастер төлөвлөгөө баталдаг байв. Ямар арга, ямар технологиор хаана хүргэх вэ гэдгээ төлөвлөдөг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд төлөвлөлтийг орхигдуулсан. Бүх сум, суурин газарт интернет сүлжээ оруулсны дараа тайвширчихсан. Энэ ажлыг төр хийдэг. Хот тэлэх хэрээр ус, цахилгаан, дулааны шугамаа төлөвлөдөг шиг харилцаа холбоог хамтад нь төлөвлөх ёстой юм. Гэтэл харилцаа холбооны дэд бүтцийг хийдэггүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр энэ талаар огт дурддаггүй. Төр сувагчлалаа татвал ААН-үүд хоорондоо өрсөлдөн сүлжээ оруулах боломжтой. Түүнээс бидэнд гэр хороололд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн зорилт байхгүй. 

Захын хорооллуудад үйлчилгээ хүргэх нь хувийн хэвшлийн үүрэг мэтээр ярьдаг. Хэрэглэгчдийн төлбөрийн чадвараас хамаарч хаана бүх нийтийн үйлчилгээг, хаана дэвшилтэт технологийн үйлчилгээ хүргэх бодлогоо төр тодорхойлох хэрэгтэй. Ковид үүнийг батлан харууллаа.            

-Танд баярлалаа.