Танилц: ICT Expo 2020 онцлох гурван технологи

Технологи сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг “ICT EXPO 2020” үзэсгэлэн, арга хэмжээ аравдугаар сарын 9-11 өдрүүдэд уламжлал ёсоор Мишээл экспо төвийн олон улсын үзэсгэлэн худалдааны танхимд дэлгэгдлээ.  

Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том энэхүү арга хэмжээний үеэр технологийн компаниуд жил бүр төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд шинэ технологи, үйлчилгээгээ танилцуулдаг. Манай улсын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд салбарын хөгжилд боловсон хүчин болон хөрөнгө оруулалтын орчин хамгийн ихээр дутагдаж байгааг онцолдог.

Харамсалтай нь, Монгол Улсын мэдээллийн технологийн инженерүүд бэлддэг хамгийн том институц болох ШУТИС энэ удаагийн төдийгүй сүүлийн жилүүдийн “ICP EXPO”-д маш хангалтгүй оролцож байгааг дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, энэ онд ШУТИС улиг болсон “Цагаас зураас дагадаг робот”, өнгөрөгч онд “iTools” компани танилцуулж байсан “шалгалтын хариултын хуудас боловсруулах систем” болон “Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар захиалгын систем”-ыг танилцуулжээ. Энэ бол ШУТИС-ийн хувьд маш чамлалттай үр дүн юм.  

Мөн сүүлийн жилүүдэд “ICT EXPO” үзэсгэлэнд “Fintech”-д суурилсан бичил зээлийн үйлчилгээнүүд томоохон байр суурийг эзлэх болсон. Нэг талдаа энэ нь нэг үе ээ бодоход хөрөнгө оруулагчид дотоодын технологийн компаниудад итгэл хүлээлгэх болсны илрэл ч гэлээ нөгөө талдаа зөвхөн ашигтай салбаруудад хөрөнгө оруулалт олдож байгаа нь харамсалтай. Тиймээс ирэх жилүүдэд зөвхөн “ICT EXPO”-г зохион байгуулагчид гэлтгүй төр болон хөрөнгө оруулагчдын зүгээс хиймэл оюунд суурилсан дараагийн төвшний “High Tech” хөгжүүлэгчид болон залуу инженерүүдийг бодлогоор дэмжих шаардлагатай харагдаж байна.

Гэхдээ энэ удаагийн арга хэмжээнээс урьдын адил технологид хайртай, технологийг дэмждэг залуусын халуун дулаан уур амьсгал илүү их мэдрэгдэж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Ингээд “ICT EXPO 2020”-ын үеэр танилцуулагдсан хамгийн онцлох гурван технологийг танилцуулж байна.

1. CloudPrint – МУИС-ийн мундаг залуус

Монголын хамгийн анхны “Cloud” системд суурилсан өөртөө үйлчлэх хэвлэлийн төхөөрөмжийг МУИС-ийн оюутнууд танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийн эд анги болон үйлдлийн системийг бүхэлд нь манай залуус зуун хувь өөрсдөө хөгжүүлсэн гэдгээрээ онцлог бөгөөд бахархууштай. Тэд “CloudPrint” төхөөрөмжөө өнөөдөр зах зээлд танилцуулсан бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн МИУС-ын байрууд болон “CU”, “Circle K” сүлжээ дэлгүүрүүдэд байршуулахаар төлөвлөжээ. Ашиглах пункт хувьд “CloudPrint” төхөөрөмж аль эрт монголчуудын энгийн хэрэглээ болсон “ТҮЦ” машинтай ижил тун энгийн учир ашиглахад ямар ч хүндрэлгүй. Та бүхэн энэхүү хөдөлмөрч залуусын гарааны компанийг дэмжин “CloudPrint” төхөөрөмжөөр үйлчлүүлээрэй.  

2. Дараагийн төвшний технологиудад суурилсан Монголын цоо шинэ “EdTech” компани

Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахал хүн төрөлхтөнд “EdTech” салбарын хэрэгцээ болон түүний хөгжилд хөрөнгө оруулах нь ямар их шаардлагатай гэдгийг хангалттай нотлон харуулсан. Тэгвэл үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа “Mexim Consulting” ХХК нь боловсролын салбарт чиглэсэн технологи хөгжүүлэгч манай улсын цөөн хэдэн “EdTech” компаниудын нэг юм. Тэд олон улсын хөгжүүлэгчидтэй хамтран хиймэл оюун, өргөтгөсөн бодит байдал болон зайнаас удирдах технологид суурилсан гайхалтай суурь системийг эх хэл рүү гээ хөрвүүлж эхлээд байна. "ICT EXPO 2020"-ийг үзэж сонирхож буй хүмүүсийн хандлагаас харахад энэхүү технологийг Монголд нутагшуулж, боловсролын системдээ нэвтрүүлснээр сурагчдын суралцах хүсэл, багш нарын ажиллах идэвх, ажлын бүтээмж болон нийт сургалтын чанар эрс сайжрах сайн тал ажиглагдаж байв. 

3. Ухаалаг ХХК - Ухаалаг бөгөөд байгальд ямар ч хор хөнөөлгүй нэрийн хуудас

Мэдээллийн технологийн мэргэжлээр огт суралцаагүй, энэ салбартай ямар ч холбогдолгүй СЭЗИС-ийн гурван оюутан 2019 оны сүүлээр Ухаалаг ХХК-ыг үүсгэн байгуулжээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал М.Мөнхтүшигийн хэлснээр “Зөвхөн АНУ-д л гэхэд жил бүр нэрийн хуудасны цаас хийх зорилгоор зургаан сая мод тайрдаг” байна. Тиймээс манай улсын хувьд ч жилээс жилд буурсаар байгаа ойн нөөцийг хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор гурван найз монголдоо анхдагч энэхүү ухаалаг, байгальд хор хөнөөлгүй нэрийн хуудсыг хийхээр шийдсэн байна.

 

Мэдээллийг:  http://itoim.mn/article/o7ZOu/23938