Төрийн 181 үйлчилгээг цахимаар нэвтрүүлнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн цахим үйлчилгээний хэрэглээнд иргэдийг сургах, олон нийтэд таниулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаарх вебинарыг 2020.08.27-ны өдөр Эстонийн цахим засаглалын академи болон Украин улсын Дижитал шилжилтийн яамны төлөөлөлтэй хамтран хийлээ.

Тус вебинарт Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, ЗГХЭГ-ын Мэдээллийн технологйин хэлтсийн дарга Ж.Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцсон бол Эстони улсын талаас тус улсын Цахим засаглалын академийн Стратеги, хөгжил хариуцсан дэд захирал, шинжээч Ханнес Асток, Эстонийн Мэдээллийн системийн агентлагийн Харилцаа холбооны асуудал хариуцсан менежер асан Катрин Паагмай болон Украины Дижитал шилжилтийн яамны дэд сайд Валерия Ионан нар оролцов. Энэхүү вебинарт Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамир мөн оролцов.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хүртээмжтэй, ил тод, хялбар хүргэх зорилгоор Бүгд Найрамдах Эстони Улсын цахим засаглалыг жишиг болгон “E-Mongolia” платформыг хөгжүүлж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас төрийн цахим шилжилт хийх чиглэлээр олон зорилт дэвшүүлж, салбар бүрт цахим шилжилтийг зохион байгуулах ажлыг Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Иймээс цаашид бид E-Mongolia гэсэн нэг цахим платформын тусламжтайгаар төрийн үйлчилгээг иргэддээ хүргэнэ. Нийт 181 үйлчилгээг цахимаар нэг дороос иргэдэд хүргэхээр төлөвлөж байгаагаас одоогийн байдлаар 106 үйлчилгээ цахим платформд шилжээд байна. Аравдугаар сарын дундуур E-Mongolia албан ёсны платформыг нээнэ” гэдгийг онцлов.

Төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэхэд иргэд, олон нийтийн мэдлэг ойлголт, уг платформыг хэрэглэж сурахад эхлээд зорилтот бүлгүүдээ тодорхойлж, тэдэнд чиглэсэн компанит ажил явуулах, ингэхдээ хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээлэл, нийгэмд нөлөө бүхий идэвхитэй санаачлагатай хүмүүс гэх мэтчилэн үндсэн хамтрагчуудаа тодорхойлж, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох арга замууд, тохиолдож байсан сорилтууд зэрэг туршлагаасаа  Эстоны болон Украины төлөөлөгчид хуваалцаж, вебинарт оролцогсод асуулт асууж, харилцан санал бодлоо илэрхийллээ.

ХХМТГ-ын дарга, хатагтай Б.Болор-Эрдэнэ E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд олон нийттэй харьцах чиглэлээр хийж буй, хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд энэхүү вебинар санаа оноо авахуйц, ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэлээ. 

 

Гэрэл зургийг: cita.gov.mn