Короновирусын цар тахлын нөхцөл байдлын улмаас Ассоциацаас гишүүдийнхээ дунд зохион байгуулдаг “Өглөөний уулзалт”-ууд түр хугацаанд хойшлоод байсан билээ. Гэсэн ч зай барих онцгой байдлын журмаа баримтлан “Дижитал хувьсалд сэтгүүлчид бэлэн үү” сэдэвт санал асуулга, медиа мониторингийн үр дүнг танилцуулах уулзалтыг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд гишүүн байгууллагын PR, олон нийт, стратеги хариуцсан дарга мэргэжилтнүүдийн 16 төлөөлөл оролцож санал бодлоо солилцов.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын талаарх нийгмийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон нийттэй харьцах ажлыг зохион байгуулах, гишүүн байгууллагын үйл ажиллагааны талаарх бодитой мэдээ мэдээллийг нийгэмд хүргэх, тайлбарлан таниулах, нийгэмд оруулж буй хувь нэмрийг сурталчилах нь ассоциацийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг хэмээн ассоциацийн дүрэмд заасан байдаг. Ассоциацийн үйл ажиллагааны 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан “дижитал боловсрол олгох чиглэлээр нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хамтран ажиллахад нь гишүүддээ дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд хийгдсэн энэхүү судалгааг “Бие даасан боловсрол хөгжлийн төв” ТББ-аар хийж гүйцэтгүүлсэн юм.
Мэдээлэл, харилцаа холбооны хөгжил дэвшил, технологийн шинэ боломжууд, тэдгээрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр дагаврын талаарх сэтгүүлчдийн мэдлэг ойлголтыг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сонин, цахим сайт болон орон нутгийн хэвлэлийн 70 сэтгүүлчээс санал асуулгын аргаар судалж, цахим сайтууд болон өдөр тутмын сонин хэвлэлд мэдээлэл харилцаа холбооны салбарын талаар ямар агуулгатай мэдээ мэдээллүүд нийтлэгдэж байгааг хамгийн олон уншигчтай өдөр тутмын 3 сонины 2019 оны бүх дугаарын 660 нийтлэл, цахим сайтуудад 2019 онд нийтлэгдсэн нийт 302 мэдээлэлд мониторинг хийх замаар тандсан болно.
Судалгааны дүнгээс харахад мэдээлэл харилцаа холбооны хөгжил дэвшил, технологи, дижитал шилжилтийн талаар сэтгүүлчдийн мэдлэг ойлголт дутмаг, орчин үед тренд болсон “дижитал хувьсал”, “аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал”, “юмсын интернет”, “хиймэл оюун ухаан” гэх мэт үг хэллэгийг түгээмэл ашигладаг ч ерөнхий агуулгыг хөндсөнөөс биш нарийн судлаагүй, тоо баримтгүй, өнгөц төдий, ихэнхидээ цаг үе, үйл явдлын мэдээ, ярилцлага хэлбэрээр зөвхөн нэг талын байр суурийг илтгэсэн байдлаар мэдээлж байгаа нь энэхүү чухал сэдвийн ач холбогдлыг бууруулж байна хэмээн судлаачид дүгнэжээ.
Сонинд нийтлэгдсэн нийтлэлүүдийн 89 хувь нь тухайн сэдвийн хүрээнд зөвхөн мэдээлэх, танин мэдүүлэх түвшний, асуудлыг хөнгөн хэлбэрээр хөндсөн, мөн төлбөртэй нийтлэл, 11 хувь нь асуудал дэвшүүлж, шийдэл гарцыг эрэлхийлсэн бүтээл байсан бол асуудлыг задлан шинжилж, гүнзгийрүүлэн судалсан нэг ч бүтээл бүртгэгдээгүй байна. Гэвч хэт сөрөг эсвэл хэт эерэг хандлагатай мэдээлэл байхгүй, гарц, шийдэл эрэлхийлсэн сэтгүүл зүйн бүтээлүүд бас нилээдгүй байсан, зарим сэтгүүлчид энэ чиглэлээр дагнан сурвалжилж, мэргэших хандлагатай байгааг нотолж байна гэж судалгааны тайланд өгүүлжээ.
Харин цахим сайтуудад нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлийн 92 хувь нь тухайн сэдвийн хүрээнд зөвхөн мэдээлэх, танин мэдүүлэх түвшний мэдээлэл, 7 хувь нь тухайн хөндсөн сэдвийнхээ асуудлыг дэвшүүлж, шийдэл гарцыг эрэлхийлсэн, 1 хувь нь асуудлыг задлан шинжилж гүнзгийрүүлэн судалсан сэтгүүл зүйн даацтай бүтээл байв. Ярилцлагын 14 хувь, сурвалжилгын 8 хувь, нийтлэлийн 21 хувь нь сэдвийн гүн рүү чиглэсэн, агуулгыг олон талаас нь хөндөхийг оролдсон байгааг энд дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тооны хувьд цөөн ч чанарын хувьд мэдээллийн сайтын сэтгүүл зүйн бүтээлүүд тийм ч муу биш байгааг баталж байна хэмээн судлаачид онцлон дүгнэжээ.
Энэхүү судалгааны дүнтэй гишүүн бүр танилцаж, цаашид ассоциацийн зүгээс ямар ажил зохион байгуулж болох талаар хамтран ажиллахаар уулзалтанд оролцогсод санал нэгдлээ.