Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас харилцаа холбооны сүлжээг байгуулах, ашиглах, хамгаалахад тулгамдаж буй асуудлуудыг судлан тэдгээрт хийсэн анализ, бас тодорхой шийдлүүдийг холбогдох төрийн байгуулагуудад санал болгон ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ байгуулах стандартуудыг шинэчлэн боловсруулах чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэд хэдэн стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж ажиллалаа.
Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас 2019-2020 онуудад дараах стандартыг шинэчлэн боловсруулж, зарим нь ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Нэг. Цамхаг байгуулах стандарт. “Холбооны цамхаг болон антены суурь байгуулахад тавих ерөнхий шаардлага” стандартад нэмэлт өөрчлөлт хийх багийн ахлагчаар МХОА-ийн Гүйцэтгэх захирал У.Тамир, МХС ТӨК-ийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Н.Баярхүү, Юнител ХХК-ийн Дэд бүтэц төлөвлөлтийн ахлах инженер М.Энх-Оргил, Мобиком корпораци ХХК-ийн Сайт байгуулалт, барилгын инженер О.Отгонбаяр, “Скайтел” компанийн Медиа, Ай ПИ сүлжээний албаны төлөвлөлтийн ахлах инженер З.Отгонхүү нарын бүрэлдэхүүнтэй баг ажилласан.
Тус стандартын цамхаг байгуулахтай холбоотой гарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, олон улсын стандарт болон орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан цамхаг байгуулах зураг төслийг нэг маягын зурагт үндэслэх, гоёл чимэглэлийн хэлбэрээр захиалгаар үйлдвэрлэгдсэн цамхаг ашиглах, барилгын дээвэр дээр антены суурь /pole, rooftop/ суурилуулах, 10 жилээс дээш наслалттай цамхагт ядралын зэрэг тогтоох, ажлын тавцангийн хамгаалалтыг сайжруулах, цамхагт ажиллагсдыг уналтаас хамгаалах системтэй байх зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгалаа.
Уг стандарт Мэдээлэл, харилцаа холбооны стандартын техникийн хороогоор 2019 онд батлагдаж MNS 5884:2019 дугаартайгаар улсын стандартад бүртгэгдсэн.
Хоёр. Зам хөндлөн гарах стандарт. MNS 6597:2016 “Холбооны кабель шугамыг авто зам, төмөр зам хөндлөн гарах болон гүүрний байгууламжаар дамжуулан суурилуулахад тавих ерөнхий шаардлага” стандартыг шинэчлэн боловсруулах багийн ахлагчаар Мобиком Корпораци ХХК-ийн Техникийн төлөвлөлтийн ахлах инженер С.Ариунболд, багийн бүрэлдэхүүнд МХОА-ийн Гүйцэтгэх захирал У.Тамир, Скайнэтворкс ХХК--ийн зургийн инженер О.Нарантуяа нар ажиллаж байна.
Уг стандартад харилцаа холбооны шугам сүлжээг авто болон төмөр замыг хөндлөн гаргах, гүүрийн байгууламжаар суурилуулах стандарт шаардлагыг илүү тодорхой болгож, замыг сэтлэлгүйгээр тусгай механизм ашиглан цайрдсан төмөр хоолойг буудаж суурилуулах /Jacking method/ аргыг ашиглах, автозам болон гүүрэн байгууламжийг шинээр барьж байгуулахдаа холбооны сувагчлалыг нэг маягийн зургийн техникийн шаардлага, үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг нормд тусган төлөвлөх зэрэг шинэ зохицуулалтыг тусгасан.
Уг стандартыг Мэдээлэл, харилцаа холбооны стандартын техникийн хороогоор 2019 онд дэмжин баталсан бөгөөд Төмөр замын стандартын техникийн хорооны 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн хурлаар мөн дэмжигдэн батлагдлаа. Автозамын стандартын техникийн хороогоор хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.
Гурав. Орон сууцны түгээх сүлжээний төлөвлөлтийн стандарт. MNS 6580:2016 “Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт, ерөнхий шаардлага” стандартад нэмэлт өөрчлөлт хийх багийн ахлагчаар Скайнэтворкс ХХК-ийн Ерөнхий менежер, Монгол Улсын гавьяат багш, зөвлөх инженер, доктор Ц.Болд, багийн бүрэлдэхүүнд Мобиком корпораци ХХК-ийн Сайт байгуулалт, барилгын инженер О.Отгонбаяр, Юнител ХХК-ийн Сүлжээ төлөвлөлтийн газрын ахлах инженер Б.Баярхүү, МХОА-ийн менежер /тухайн үеийн/ Б.Алтай нар ажилласан.
Энэхүү стандартад орон сууцны мэдээлэл холбооны сүлжээний төрлийг сонгох хувилбар нь хоёрдмол утгатай тусгагдсанаас маргаан үүсгэдэг ба техникийн өрөө, зогсвор, кабелийн зарим үзүүлэлт, төрөл марк, шаардлагуудыг практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа асуудлыг болон барилгын гадна холбоо, шилэн кабелийг барилгын дээврээс хэрхэн, ямар технологиор дотогш оруулах зэрэг стандартчилагдаагүй байсныг шинэчилсэн.
Уг стандарт Мэдээлэл, харилцаа холбооны стандартын техникийн хороогоор 2019 онд батлагдаж MNS 6580:2019 дугаартайгаар улсын стандартад бүртгэгдсэн.
Дөрөв. Аюулгүй ажиллагааны стандарт. MNS 5596:2020 Мэдээлэл холбооны сүлжээнд ажиллахад тавигдах аюулгүй ажиллагааны шаардлагыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар МХОА-ийн Гүйцэтгэх захирал У.Тамир, багийн бүрэлдэхүүнд ХХМТС-ийн багш, доктор Ш.Ганболд, багш, доктор 3.Буянхишиг, МХС компанийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Н.Баярхүү, “Юнител” компанийн Дэд бүтэц төлөвлөлтийн ахлах инженер М.Энх-Оргил, МХОА-ийн ажилтан Д.Отгонжаргал нар ажиллаж байна.
Энэхүү стандартад мэдээлэл холбооны сүлжээнд ИТА-ууд ажиллахад тавигдах аюулгүй ажиллагааны шаардлагыг практикт мөрдөгдөж буй байдалтай болон аюулгүй ажиллагааны нийтлэг стандартуудтай харьцуулан шинэчилж, энэхүү стандартад сүлжээний бүтэц бүрдэл хэсэг бүрийг хамруулан аюулгүй ажиллагааны шаардлагыг цогцоор нь тусгасан болно.
Одоогийн байдлаар уг стандартад салбарын нийт 12 байгууллагаас санал авч, Харилцаа холбооны зохицуулах хорооноос томилсон эксперт болох Монгол Улсын гавьяат холбоочин, зөвлөх инженер Ц.Эрдэнэцэцэгийн санал дүгнэлтийг тусгаад байна. МХХ-ны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд Мэдээлэл, харилцаа холбооны стандартын техникийн хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн болсон.
Тав. Техникийн өрөөний стандарт. Шинэ барилга, орон сууцны мэдээлэл харилцаа холбооны сүлжээг төлөвлөхдөө техникийн өрөөг төлөвлөхгүй орхидог, төлөвлөсөн ч тухайн өрөө нь техник төхөөрөмж байрлуулах зай талбайн болон бусад стандарт үзүүлэлтүүдийг хангахгүй байх тохиолдол ихээхэн түгээмэл байдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Мэдээлэл, харилцаа холбооны техникийн өрөөнд тавигдах шаардлага” стандартыг шинээр боловсруулж байгаа бөгөөд багийн ахлагчаар Скайнэтворкс ХХК-ийн Ерөнхий менежер, Монгол Улсын гавьяат багш, зөвлөх инженер, доктор Ц.Болд, багийн бүрэлдэхүүнд ХХМТС-ийн багш, доктор Ш.Ганболд, багш, доктор 3.Буянхишиг нар ажиллаж байна.
Энэ стандартаар техникийн өрөөний байршил, зай талбай, хийцэд төдийгүй цахилгаан тэжээл, агааржуулалт, гэрэлтүүлэг, дулаан, чийгшил гэх мэт орчинд тавигдах шаардлагыг тодорхойлсон.
Одоогийн байдлаар уг стандартад салбарын нийт 12 байгууллагаас санал авч, Харилцаа холбооны зохицуулах хорооноос томилсон эксперт болох ISO-ийн сургагч багш, Монгол Улсын Барилгын зөвлөх инженер Т.Энхтуулын санал дүгнэлтийг тусгасан.
МХХ-ны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд Мэдээлэл, харилцаа холбооны стандартын техникийн хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн болсон.