Мэдээлэл холбооны операторуудын ассоциацаас “Мобайл танилтыг нэвтрүүлж буй олон улсын туршлагын талаарх судалгаа” сэдэвт ээлжит өглөөний уулзалтыг 2020 оны Нэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж, тус хэлэлцүүлэгт нийт 20 хүн оролцлоо.
Тус ассоциацийн захиалгаар ХХЗХ-ны мэргэжилтэн Х.Нинжболор, Ч.Оюунгэрэл нарын хийсэн “Mobile identity буюу Мобайл танилтын олон улсын туршлагын талаарх судалгаагаа танилцуулж, ассоциацийн гишүүдийн ажилтнуудтай санал бодлоо солилцов.
Судалгааны хүрээнд гар утасны дугаарыг цахим үйлчилгээнд батламж болгон ашиглаж байгаа мобайл танилтын (mobile identity) талаарх олон улсад нэвтрүүлсэн арга, туршлагын талаар интернэт орчин дахь нээлттэй мэдээллүүдийн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд голчлон Дэлхийн банк, GSM холбоо (GSMA), ОУЦХБ-аас гаргасан судалгааны баримт бичгүүдэд үндэслэсэн хийсэн гэв.
Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй ID4D (Identification for Development) төслийн санаачлага нь улс орны хөгжлийг дэмжихэд дижитал үйлчилгээг ашиглах, түүнд иргэнийг таних, баталгаажуулах ажиллагаа чухал болохыг тодорхойлж, өргөн хүрээнд буюу оролцогч талууд, хууль эрх зүй, хэрэглээ, технологи, стандарт, туршлага, хэрхэн хэрэгжүүлэх, нэвтрүүлэх арга зам зэргийг багтаасан олон тооны баримт бичгүүд боловсруулан гаргасан байна.
Мобайл танилт нь дижитал үйлчилгээнд үйлчилгээ авч буй хүнийг таньж, итгэмжлэх арга хэлбэрүүдийн нэг нь бөгөөд гар утасны хэрэглээ өндөр түвшинд хүрсэн улсуудын хувьд ашиглахад тохиромжтой, сүүлийн үед хэрэглээнд өргөн нэвтэрч байна. Түүнчлэн GSMA нь 2013 оноос Мобайл танилтын хөтөлбөр (Digital Identity Programme) хэрэгжүүлж, мобайл танилтын олон улсын нэгдсэн стандарт “Мобайл коннект”-ийг хөгжүүлсэн байна. Мобайл коннектийг одоогоор 31 улсад 20 оператор компани үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж байгаа тухай онцлож байв.
Аливаа танилтын систем өгөгдөл цуглуулах, хадгалах, ашиглах гэсэн хэсгүүдээс бүрдэх тул өгөгдөл хамгаалалт, нууцлалын тухай хуулиуд зайлшгүй шаардлагатай болдог. Дэлхийн банкны ID4D санаачлагаас дижитал танилтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой зөвлөмжүүдийг гаргасан. Зөвлөмжид тусгаснаар ID систем нь төрийн байгуулага, хувийн хэвшил, хувь хүний итгэлцэл, үүрэг хариуцлага дээр суурилах ёстой бөгөөд энэ нь зөвхөн дотоодын хил хязгаараар хязгаарлагдахгүй гэдгийг анхаарч авч үзэх хэрэгтэй гэдгийг онцгойлон дурьдсан байна. Манай улсын хувьд танилтын систем дөнгөж эхлэл төдий, төрөөс “Дан” гэх танилтын системийг эхлүүлсэн, хувийн хэвшил дунд банк, санхүүгийн салбарт тоон гарын үсэг, мессеж ашигласан танилтын хэлбэрүүд ашиглагдаж эхэлсэн ч өгөгдөл хамгаалах хууль, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгааг ч судлаач Ч.Оюунгэрэл хэлж байв.
Судалгааны хүрээнд хэд хэдэн улсын туршлагыг авч үзсэний дотор БНСУ болон Молдав улсын хувьд онцлог байв. БНСУ-ын үүрэн холбооны операторууд мобайл танилтын системийг 10 жилийн турш тус тусдаа хөгжүүлсний эцэст нэгдсэнээр уг үйлчилгээг ашиглаж орлого олох томоохон хэрэгсэл болгож чадсан байна. Харин Молдав улсын төр, үүрэн холбооны компаниуд хамтдаа, Дэлхийн банкны төслийн тусламжтайгаар мобайл танилтыг маш богино хугацаанд хөгжүүлсэн нь харилцан итгэлцлийг хэрэгжүүлсэн бодит туршлага болж, бүх талуудад үр ашгаа өгчээ. Харин Европын холбооны хувьд мобайл нэвтрэлт 84%-тай “eIDAS” үйлчилгээндээ мобайл ID-г ашиглах замаар банк, санхүүгээс эхлэн дотоодын төрөл бүрийн үйлчилгээ, бизнесийн болон үндэстэн дамнасан томоохон үйлчилгээнүүд зэрэг дижитал эдийн засгийн бүхий л салбаруудаа дэмжих боломжтой гэж үзсэн.
Түүнчлэн Эстони улсын хувьд эхэн үедээ үүрэн холбооны операторууд өөр өөрийн технологи, өөр өөр СИМ апплет ашиглаж байсан бол 2014 оноос төвлөрсөн Мобайл-ID үйлчилгээ үзүүлэгчтэй болсон. Мобайл-ID нь бүх цахим үйлчилгээ болон Засгийн газрын үйлчилгээнүүдэд ашиглагдагдах гол хэрэгсэл болсон, Украйн, Австри, Швед, Финланд, Турк зэрэг улсад Мобайл танилт хэрхэн хэрэгжиж үр ашгаа өгч байгаа сайн туршлагын талаар хуваалцлаа.
Харин манай улсын хувьд Засгийн газраас иргэд, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө, нийгмийн даатгал, татварын зэрэг төрийн үйлчилгээнд хадгалагдаж буй бүртгэлийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлж, цахим үйлчилгээг хөгжүүлэхээр ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрх зүйн орчин нь түүнээс хоцрогдож байгаа бөгөөд одоогийн байдлаар Кибер аюулгүй байдлын тухай, Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслүүд дээр Засгийн газрын түвшинд ажиллаж байна. Цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 онд баталсан ч хэрэгжилт нь хангалтгүй байна.
Засгийн газраас 2005 онд “Цахим Монгол” хөтөлбөр, 2012 онд “Цахим засаг” хөтөлбөр, 2019 онд “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг тус тус баталсан бөгөөд сүүлийн хөтөлбөрт хөдөлгөөнт холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээг авах нөхцөл болон үүрэн холбооны дугаараар нь иргэнийг цахим орчинд таних боломжийг тус тус бүрдүүлнэ гэж заасан ч ямар арга замаар яаж хийх нь тодорхой бус, санхүүжилт ч тусгагдаагүй байна.
Тиймээс уулзалтанд оролцогсдын асуусан, ярилцсан асуудлууд нь Монголдоо мобайл танилтыг нэвтрүүлэх боломжийн талаар байлаа. Уулзалтанд ХХМТГ-ын Систем нэгтгэлийн албаны дарга Л.Энхбат, мэргэжилтэн Ц.Оюун, Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг нар оролцож, энэ чиглэлээр бодлогын түвшинд хийж буй ажлуудыг тайлбарлав.
Уулзалтын эцэст мобайл танилтыг бизнес хэлбэрээр хөгжүүлэх, түүнчлэн төртэй хамтрах боломжийн талаар асуудлыг гүнзгийрүүлэн судлах, харилцан мэдээллээ солилцож ажиллах нь зүйтэй гэдэгт уулзалтанд оролцогчид санал нэгдэв.