У.Тамир: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь бидэнд татварын нэмэлт дарамт учруулж байна

Алслагдсан орон нутагт зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээ хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өртгөтгөх зорилгоор Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг 2001 онд байгуулж, үйл ажиллагааг нь 2006 онд эхлүүлжээ. Сангийн эхний зорилго нь үүрэн холбооны үйлчилгээг сум суурин газарт хүргэх байсан бөгөөд тухайн үед 100 хүнд ноогдох үүрэн телефоны хэрэглэгчийн тоо ердөө 19 байв. 

Сан байгуулагдсаны дараах гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 100 гаруй сум, суурин газруудад үүрэн холбооны үйлчилгээ оруулснаар 100 хүнд ноогдох үүрэн холбооны хэрэглэгчийн тоо 2009 он гэхэд 82.2 болж нэмэгдэж, олон улсад шилдэг практикаар нэрлэгдсэн амжилт ч бий. 

Засгийн газрын бусад сангаас ялгаатай нь улсын төсөв, хандив, тусламжаас гадна хувийн аж ахуйн нэгжүүдээс хөрөнгө төвлөрүүлдэг ганц сан юм. Тухайлбал, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдийн татвар ногдох орлогын хоёр хувийг энэ санд өгөх учиртай.

Харин саяхан Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсний үр дүнгээр Засгийн газрын тусгай сангийн хуулийг шинэчлэн найруулж, Монгол Улсын 2020 оны төсөвтэй хамт УИХ-аар батлахдаа “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцүү хэмжээтэй байна” гэж заажээ.

Үүнтэй холбогдуулан Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциациас  болон Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Энэ талаар Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамираас тодрууллаа. 

-Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлах үед танай ассоциациас болон бусад бизнесийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас мэдэгдэл гаргасан. Ямар шалтгаанаар мэдэгдэл гаргасан бэ?

-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд харилцаа холбооны чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч бүх аж ахуйн нэгжүүд энэ санд татвар ногдох орлогоос хоёр хувийг өгдөг.

Харин ирэх оноос цэвэр ашгийнхаа гурван хувийг өгөхөөр болж өөрчлөгдөж буйг эсэргүүцэж байгаа юм. Уг хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх шатанд бид Сангийн яаманд, УИХ-аар хэлэлцэх үед нь УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын дарга, гишүүдэд энэ асуудлыг авч үзээч ээ гэсэн албан хүсэлт, тайлбар өгсөн боловч үр дүнд хүрсэнгүй. Харин бидний санал хүсэлтийг харгалзан үзэж санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг багасган бидний ачааллыг бууруулсан гэж Сангийн яамнаас тайлбар өгсөн ч тооцоолол хийж үзэхээр төлөх мөнгөн дүн буурахгүй, харин ч өсөхөөр байгаа. 

Тодруулбал, сүлжээний болон үйлчилгээний тусгай зөвшөөрлийг тус тусдаа эзэмших тухай УИХ-аар батлагдсан сүлжээ, үйлчилгээний салгалтын бодлогын дагуу томоохон групп компаниуд нь тус тусдаа тусгай зөвшөөрөл эзэмшдэг хэд хэдэн охин компанитай байдаг. Гэтэл санд хөрөнгө татах болохоор тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрээс тооцдог тул охин компаниуд нь санд мөнгө  төлсөн мөртлөө толгой компанидаа хуваарилсан ноогдол ашгаасаа давхар мөнгө төлөх болж байгаа юм. Тиймээс бодит байдалд бидний ачаалал хөнгөрөхгүй болж байна. 

Түүнчлэн эсэргүүцэж буй өөр нэг үндэслэл нь цэвэр ашиг бол тухайн компанийн хувийн өмч. Орлогоосоо зардлаа хасаж, татвараа төлөөд үлдсэн цэвэр ашиг нь цаашид шинэ бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд зориулагдаж, үлдсэн нь хувь эзэмшигчдэдээ ноогдол ашгаар хуваарилагддаг. Тиймээс цэвэр ашиг бол тухай компанийн хувийн өмч бөгөөд хувийн өмчид  халдах нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг.

Цэвэр ашиг бол тухайн компанийн хувийн өмч. Татварын хууль тогтоомжид зааснаар татвар нь албан татвар, хураамж, төлбөр гэсэн ангилалтай байдаг. Гэтэл дээрх санд төвлөрүүлэх хөрөнгө нь эдгээр ангиллын алинд ч хамаарахгүй байна. Мөн дээрх санг хуулинд эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлэх сангийн ангилалд багтаасан байгаагаас санг бүрдүүлэх хуулийн үндэслэл нь сайн дурын хандив, тусламж байхаар байтал бидний өмч хөрөнгөөс татвар хэлбэрээр албадан тус санд хөрөнгө төвлөрүүлж, татварын нэмэлт дарамт бий болгож байна гэж бид үзэж байгаа юм.

Тэгэхээр бид гурван хувийн татвар нэмж төлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн үндсэн зарчим, Татварын ерөнхий хуулийн татвар ноогдуулах, хураах үйл ажиллагаанд шударга, үр ашигтай байх гэсэн зарчимтай нийцэхгүй байгаа хэрэг болж байна.

-Танай ассоциацид хэдэн компани багтдаг вэ?

-Манай гишүүд бол Мобиком корпораци, Скайтел,Юнител, “Монголын цахилгаан холбоо” ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Мобиком нэтворкс, Скайнэтворкс хэмээх харилцаа холбооны салбарын хөгжлийг дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлэн цогцлооход түүчээлэгч оператор компаниуд байдаг.  

Ассоциацийн үндсэн зорилго бол Монгол Улсын цаашдын хөгжилд дижитал шилжилтийн суурь дэд бүтцийг байгуулах, дижитал технологид суурилсан шийдлийг бий болгоход манлайлан ажиллах,бизнесийнхээ орчныг сайжруулах, салбарын бодлого зохицуулалтыг зөв боловсронгуй байлгахад анхаарах, тулгамдаж буй асуудлуудаа төр, бодлого, зохицуулалтын  байгууллагатай хамтран шийдвэрлэх юм. 

Ассоциаци маань хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхлэхдээ тулгамдсан асуудлуудаа тодорхойлоход зайлшгүй сайжруулах шаардлагатай зүйлийн нэг бол Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бодлого, үйл ажиллагаа хэмээн онцолсон. Тиймээс бид хоёр жилийн өмнөөс л энэ сангийн асуудлыг холбогдох бүх шатанд нь тавьсаар байгаа. 

-Ямар асуудлууд үүсээд байна вэ. Түүнийг засаж сайжруулахаар ямар шаардлагуудыг тавьж байгаа вэ?

-Юуны өмнө сангийн бодлогыг шинэчлэх шаардлагатай. Анх санг байгуулах үед харилцаа холбооны салбарыг зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үйл явцыг хурдасгах, сумдын түвшинд үйлчилгээ хүргэх зорилтуудыг тавьж байсан.

Өнгөрсөн хугацаанд харилцаа холбооны салбар бүрэн либеральчлагдсан, 300 гаруй сумдад шилэн кабелийн сүлжээ хүрч, бүх сум суурин газарт үүрэн холбооны 3G, 4G технологи бүрэн нэвтэрсэн. 100 хүнд ноогдох үүрэн телефоны хэрэглэгчийн тоо 130.3 болж бүх сум суурин газар интернетийн үйлчилгээнд холбогдсон. Саяхан Засгийн газраас хийсэн дижитал шилжилтийн бэлэн байдлын судалгаагаар манай улс дэд бүтцийн хувьд бүрэн бэлэн байдалтай байна гэсэн дүн гарсан байсан.

Харилцаа холбооны тухай хуулинд сангийн бодлого гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргийг төрийн нэг байгууллагад олгосон хуулийн гажуудал байдаг.

Ийнхүү санг байгуулсан зорилго, зорилтууд бүрэн хангагдсан гэж бид үзэж байгаа. Тиймээс ч сүүлийн жилүүдэд сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах байдал нэмэгдсээр байна. Одоо бол уг сан нь арилжааны утгаар бизнес хөгжих боломжгүй байгаа зорилтот зах зээлд сүлжээ, үйлчилгээг хүргэх үндсэн зорилго, зориулалтаасаа хазайсан, олон улсын жишгээс гажсан тогтолцоо болж хувирсан гэж бид үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, сангийн үйл ажиллагааг зохицуулах журманд хэт ерөнхий зохицуулалтууд тусгагдсан, 2009 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт хийгдээгүй учир сангийн үйл ажиллагаа ил тод бус, хэрэгжүүлж буй төслүүдийн сонголт, үр ашиг, чанарт хяналт тавих тогтолцоо байхгүй байна.

Ер нь бол Харилцаа холбооны тухай хуулинд сангийн бодлого гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргийг төрийн нэг байгууллагад олгосон хуулийн гажуудал байдаг. Өөрөө бодлогоо гаргаад өөрөө хэрэгжүүлээд өөрөө өөртөө хяналт тавина гэдэг үйл ажиллагаа гажуудахын үндсэн шалтгаан нь болж байна. 

Түүнчлэн сангийн хөрөнгө төвлөрүүлэлт нь ялгавартай, шударга бус байна гэж бид үзэж байгаа. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 500 гаруй аж ахуйн нэгж байгаа. Тэд бүгд хоёр хувийн шимтгэлээ төлөх ёстой. Гэтэл өгдөг нь цөөн бөгөөд манай ассоциацийн гишүүд л сангийн жил бүрийн хөрөнгийн 70-90 хувийг дангаараа бүрдүүлдэг.

100 хүнд ноогдох үүрэн телефоны хэрэглэгчийн тоо 130.3 болж бүх сум суурин газар интернетийн үйлчилгээнд холбогдсон.

Бусад компани хэдэн төгрөг төлдөг, үүргээ биелүүлэхгүй байвал ямар хариуцлага тооцох нь ч тодорхойгүй. Үүнээс гадна төвлөрсөн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах явдал ч гарч байгаа.Энэ санд улсын төсвөөс хөрөнгө бараг хуваарилдаггүй, бусад хандив, тусламж зэрэг эх үүсвэрийг эрж хайдаггүй, эх үүсвэр нь зөвхөн биднээс авсан мөнгөөр хязгаарлагдаж байна. Ийм тохиолдолд сангийн хөрөнгийг гол төвлөрүүлэгчдийн хувьд бид энэ талаар ярихаас өөр арга алга. Журмаар бол хөрөнгө төвлөрүүлэгчдээс бүрдсэн Хяналтын зөвлөл ажиллах ёстой. Энэ хяналтын зөвлөлд өнгөрсөн жилээс манай гишүүдийн захирлуудын төлөөлөл орсон боловч хяналтын зөвлөл хэрхэн ажиллах, ямар эрх үүрэгтэй байх нь тодорхойгүйгээс үндсэндээ ажиллаж чадахгүй, бидэнд хяналт тавих боломж олгохгүй байна. 

-Сангийн мөнгийг үр ашиггүй зүйлсэд зарцуулдаг гэлээ. Оны эхээр төрийн тусгай сангуудад шалгалт оруулсан. Энэ үед БНҮҮС-д ямар зөрчлүүд илэрсэн бэ?

-Сангийн яамнаас тусгай сангуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж эхлэх үеэс манай санд үүсээд буй асуудлууд, зөрчил, дутагдлын талаар тодорхой тайлбар, олон улсын туршлагын талаарх мэдээллийг манай ассоциациас Сангийн яаманд өгсөн. Шалгалтын дүнгийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна. 

Харилцаа холбооны тухай хуулинд ч, Засгийн газрын тусгай сангийн хуулинд ч сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглосон байдаг. Гэтэл үүнийг зөрчиж, сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглах явдал жилээс жилд нэмэгдсээр байна. Тухайлбал сургалт, судалгаа, сурталчилгаа, гарын авлага бэлтгэх зэрэг зориулалт бус зүйлд зарцуулахаас гадна төрийн өмчийн зарим компанийн ашиглалтын алдагдлыг хаахад ч зарцуулж байна. 2010-2018 онд санд нийт 24.1 тэрбум төвлөрснөөс зориулалтаар бусаар 4.2 тэрбум гаруй төгрөгийг ашигласан байна. Бид энэ асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгээд явж байна. 

-Цаашид ямар байдлаар ажиллах нь зөв гэж та бүхэн үзэж байна?

-Ер нь бүх нийтийн үйлчилгээний бодлого нь харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт үйлчилгээг хүргэх зорилго тавих гэсэн үг биш, харин иргэдийг харилцаа холбооны наад захын үйлчилгээгээр хангаж, цаашдаа зах зээлийн ялгавартай (market gap) байдлыг арилгахад чиглэгдэх ёстой.

Австрали, Франц, Европын холбоо гэх мэт хөгжингүй орнуудад хөдөө орон нутагт мобайл үйлчилгээ хүргэх гэж тодорхойлдог. Европын холбоо өргөн зурвасын интернетийг айл өрхийн 50 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьж байсан.Харин хөгжиж буй орнуудад цахилгаан холбооны үйлчилгээг хүмүүс ямар нэгэн дундын цэгээс хүртэж болох боломжийг бий болгоход илүүтэй чиглэдэг. Одоогийн байдлаар 69 улс оронд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан ажиллах эрх зүйн зохицуулалттай байна. Гэтэл эдгээр сангийн дөнгөж 38 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, 14 хувь нь шинэчлэн сайжруулах ажлыг хийж байгаа, 48 хувь нь ажилладаггүй байна.

Түүнчлэн тэдгээрийн 38 хувь нь зориулалтаа шинэчилсэн, өөрөөр хэлбэл интернетийн үйлчилгээг хүргэх болгон өөрчилсөн байгаа бөгөөд үлдсэн 62 хувь нь санг алслагдсан бүс нутаг, бага орлоготой, эмзэг бүлгийн хүмүүст наад захын үйлчилгээг хүргэхийг зорилгоо болгосон хэвээр байна. Иймээс улс орнууд энэ аргыг ашиглахаас татгалзаж, өөр үр дүнтэй арга эрэлхийлэх, ялангуяа төр хувийн хэвшлийн түншлэлийн аргыг илүүд үзэж  байна.

Манай улсад бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан анхны зорилго, үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс өнөөдөр манай улсад бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан анхны зорилго, үүргээ гүйцэтгэсэн боловч гэхдээ санг үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн бодлого баримталж байгаа бол өмнөх алдаа оноон дээрээ дүгнэлт хийж, санг шинэ хувилбараар ажиллуулах шаардлагатай. Энэ нь бүх нийтийн үйлчилгээний бодлогоо шинэчлэн тодорхойлохоос эхлэх учиртай. Олон улсын жишгээр зах зээлд хэрэглээг нэмэгдүүлэх, дэвшилтэт үйлчилгээг эрэлттэй болгоход түлхэх хүч болох зорилтуудыг дэвшүүлж, гол нь үр дүнд суурилсан байх зарчмыг баримталж байна.

Жишээлбэл, хөдөө орон нутагт интернетийн үйлчилгээний багтаамжийг нэмэгдүүлэх, интернетийн үйлчилгээг нэвтрүүлэхдээ сургуулиудад санхүүгийн туслалцаа үзүүлэх, алслагдсан бүс нутагт тусгайлан санхүүжилтийн туслалцаа үзүүлэх гэх мэт арга хэрэгслүүдийг зарим улс орнууд ашиглаж байна.Монгол Улсын хувьд Дижитал шилжилт хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж эхэлж буй өнөөгийн цаг үед дижитал хүртээмж, цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлийг авч үзэж болох юм. 

Эцэст нь нэмж хэлэхэд сангийн хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөж, бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлох, засаглалын механизмыг сайжруулах, үр дүнтэй, ил тод байх, байнга үнэлгээ хийж байх зэрэг шинэ зохион байгуулалтын бүтцийг хийх ёстой.

 

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/1qqf