Манай ярилцлагын 2019 оны анхны зочин бол Монголын анхны гар утасны оператор бөгөөд хамгийн том групп компаниудын нэг Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Хамада Тацуяа юм. Ноён Хамада 1997 онд их сургууль төгссөн цагаасаа хойш харилцаа холбооны салбарт зүтгэж, Мобикомын гол хувьцаа эзэмшигч KDDI-ийн Англи, Герман, Бельги дэх салбаруудад амжилттай ажилласан арвин туршлагатай, эрч хүчтэй бизнесийн лидер билээ. Тэрээр, 1996 онд байгуулагдсан цагаасаа Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг өөрчилж магнайлж ирсэн, өдгөө 1500 орчим ажилтан, 66 салбар, 530 агенттай, улсын төсөвт жилдээ 20 орчим тэрбум төгрөгийн татвар нэмэрлэдэг Мобиком Корпорацийн гүйцэтгэх захирлаар 2017 оноос хойш ажиллаж байгаа билээ. Ингээд компанийн уураг тархи болохын сацуу өөрөө тэргүүн шугамд гарч, биеэр үлгэрлэх арга барилтай Хамада захирлын ажлын арга барилтай танилцан шинэ оноо эхлүүлцгээе.
Байршил: Улаанбаатар
Эрхэлж буй ажил, албан тушаал: Мобиком Корпорацийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг лаптоп: Dell, Sony Vaio
Хэрэглэдэг таблет: iPad
Сошиал хуудсууд: Hamada Tatsuya (LinkedIn)
ТА ЭХЛЭЭД ӨӨРИЙН КАРЬЕРИЙН ТҮҮХИЙГ ТОВЧ СОНИРХУУЛАХГҮЙ ЮУ?
23 жилийн өмнө би их сургуулиа төгсөөд Токиод Мобикомтой төстэй үйл ажиллагаа явуулдаг DDI хэмээх телеком компанид орж байлаа. Тэр үед телеком салбар асар хурдтай өсөж байв. Ингээд Хоккайдод байгууллагын үйлчилгээний борлуулалт дээр хэдэн жил ажилласан.
Дөрвөн жилийн дараа би Токиод KDDI компанид орж, олон улсын бизнесийн хэлтэст нь орсон юм. Ингэж KDDI дахь олон улсын карьер маань эхэлсэн. 2004 онд Лондонд шилжиж бизнес хөгжлийн хэлтэст ажилласан. Үүний дараа компанийн Европ дахь төв оффис байрладаг Герман улсаас Польш, Чех, Словень улсуудыг хариуцан жил хагас ажиллаж байлаа. Дараа нь Франкфуртад, түүний дараа Брюссельд мөн шилжин ажилласан юм. 2011 онд Токио руу буцаж олон улсын борлуулалтын албанд Amazon, Apple зэрэг харилцагчдынхаа үйлчлүүлэгчдийг хариуцан ажилласан. Тухайн үед АНУ-ын Баруун Эрэгт ойр ойрхон очиж уулзалтууд хийдэг байлаа. 2017 онд KDDI групп Мобикомын дийлэнх хувьцааг авах үед намайг Мобиком руу томилсон хэрэг. Эхлээд нэг жил ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2017 онд гүйцэтгэх захирал болсон. Одоо энэ 2 албаа хоёуланг нь хариуцан ажиллаж байна.
ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Ажлын арга барилыг маань нэг үгээр "мэдрэхүй" гэж тодорхойлж болох юм. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийг нүдээр үзэж, гараар хүрч, чихээр сонсож бүрэн мэдэрч ажиллахыг илүүд үздэг. Энэ нь бизнест маш чухал гэж боддог. Тиймээс би бизнесийн мэдрэхүйгээ байнга хурцлахыг хичээдэг.
Би өглөө 6 цагийн үед босоод эхлээд фитнесс хийдэг. Үүний дараа кофе ууж ажилдаа эрч хүчтэй ирдэг. Тэгээд 9 цагаас эхлээд л уулзалтууд үргэлжилдэг. Өдөртөө их олон уулзалттай байдаг ч, уулзалт бүрээ үр дүнтэй, агуулга сайтай байлгахад илүү анхаардаг.
Ажлаа голдуу 20 цагт дуусгадаг. Заримдаа ажлын дараа ч бас фитнессээр хичээллэдэг. Залуу байхад оройтож ажиллаж байгаагаа нэг их тоодоггүй байжээ. Одоо бол харин цагаа үр дүнтэй өнгөрөөхийг хичээх болсон. Бас гэртээ, фитнессийн зааланд, хаа яваа газраа байнга и-мэйлээ шалгадаг нэг сул талтай. Гэхдээ нөгөө яриад байгаа мэдрэхүйн нэг хэсэг ч байж магадгүй.
ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
Гар утаснаасаа Outlook болон Messenger, Viber, Facetime апп-уудыг нэлээн их ашигладаг. Бид ажил дээрээ харилцаа холбоогоо сайжруулахын тулд Office 365-ийг ашиглаж эхлээд байгаа. Харин өөр янз бүрийн апп нэг их хэрэглээд байдаггүй.
Сошиал медиагаас Фэйсбүүк, ЛинкэдИн ашигладаг. Зурагт огт үздэггүй ч Youtube-ийн байнгын хэрэглэгч.
ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Би цагаа хянаж удирдахдаа жаахан тааруу. Уулзалтыг удааж сунжруулах нь цөөнгүй. Гэхдээ ажил дээрээ ч, амьдрал дээрээ ч юу чухал, чухал биш, аль нь амархан, амархан бишийг толгойдоо эрэмбэлээд явдаг. Чухал зүйлд их цаг зарцуулж, чухал биш зүйлийг хурдан хийж гүйцээхийг хичээдэг дээ.
ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Голдуу нэг удаагийн цаасан дээр бичээд, хийсэн зүйлээ дараад явдаг. Дэвтэр дээр бичихээр хаяж гээж орхивол үнэ цэнтэй мэдээллүүдээ алдчих юм шиг санагддаг. Өглөө босохдоо, орой унтахдаа мөн юу юуг хийх ёстойгоо өөртөө сануулдаг. Дадал болгож чадсан зүйлсийн маань нэг.
Мэдээж бас нарийн бичиг маань энэ тал дээр сайн тусалдаг.
ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Би үе үе урьдчилж мэдэгдэлгүйгээр ажилтнуудтайгаа уулзаж, оффис, үйлчилгээний цэгүүдээрээ зочилж нөхцөл байдлыг өөрөө харж, асуудал бэрхшээл байгаа эсэхийг лавладаг. Энэ тал дээр бусад захирлуудаас өөр байж магадгүй. Өөрөө хүртэж мэдрэхийг илүүд үздэг гэж түрүүнд хэлсэн шүү дээ. Аливаа арга хэмжээ, уулзалтад өөрийн биеэр байлцаж, хүмүүсийг сонсож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өөрөө хэрэглэж, өөрөө үзүүлэхийг хичээдэг. Зөвхөн цаасан тайлан харахыг хүсдэггүй хэрэг л дээ. Борлуулалтын ажил их хийдэг байсан маань ч ийм арга барилтай ажиллахад, бас сайн хийхэд нөлөөлдөг байх. Том компаниудад шатлал их байдаг болохоор шууд яваад очиход ажилтнууд их гайхаж баярлаж хүлээж авдаг. Өнгөрсөн зун би Мобикомын үйлчилгээний 20 гаруй цэгээр зочилж, ажилтнуудтайгаа мэндчилэнгээ шоколад бэлэглэсэн. Манай үйлчилгээ фронт дээр хэрхэн явж байгааг харахад таатай байсан шүү.
Мөн байгууллагын дотоод хэрэгцээнд буюу борлуулалтын багтаа зориулан өөрийн биеэр сургалтын видеонууд хийж байгаа. Анх компанид ороход ахлахууд, захирлууд маань надад олон зүйлийг заасан. Зөвхөн мэдлэг төдийгүй бизнесийн соёл, ёс зүйд суралцаж байлаа. Одоо харьцангуй туршлагатай болсон миний хувьд Монголд компани дотроо гэлтгүй энд тэнд уулзалт хийж явахад бизнесийн соёл, зан үйл дутагдалтай байгаа нь нэлээд ажиглагддаг. Тиймээс хэрхэн нэрийн хуудас солилцох, хэрхэн гар барих, хэрхэн өөрийгөө танилцуулах, үйлчлүүлэгч үгүй гэж хэлбэл, эсвэл хамаа холбогдолгүй юм яривал ямар хариу үйлдэл үзүүлэх, хэрхэн презентаци тавих зэрэг сэдвүүдээр бодит жишээнүүдтэй презентаци, видеонууд бэлдэж хийсэн.
Мөн би сардаа нэг удаа япон хэл үзэж буй монгол оюутнуудтай уулзалт хийдэг. Нэг удаадаа 60-80 оюутныг урьж карьер, бизнес, хувийн хүний хөгжил зэрэг төрөл бүрийн сэдвээр хэлэлцүүлэг хийдэг. Цаашдаа англи хэлээр ч явуулах боломжтой гэж үзэж байгаа.
ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Гүйцэтгэх захирал хүний үүрэг бол компаниа нэвт мэдэж өсөлтийг хангах, улмаар нийгэмдээ хувь нэмэр оруулж, хувь эзэмшигчдэдээ ашиг хүртээх байдаг. Тийм ч учраас надад хийхийг хүсэж буй, хийх ёстой зүйлс олон байдаг. Гэхдээ тэр бүх ажлууд ихэнх тохиолдолд яг хүссэнээр гүйцэлдэнэ гэж үгүй. Хувь хүмүүсийн гүйцэтгэл, санаа бодол, магадгүй өрсөлдөгчийн нөхцөл байдал гээд олон зүйл үүнд нөлөөлдөг. Заримдаа ажил санаснаар явахгүй үед стрессдэх нь бий. Тэр бухимдал стрессээ мэдээж удирдахыг хичээнэ. Гэхдээ заримдаа надаас үл хамаарах зүйлс байдаг тул өөрөө хянаж удирдаж болох зүйлсээ удирдаад, өөрөөс үл хамаарах зүйлийг үл тоодог доо.Хянаж болох зүйлсийг мэдлэг чадвар, нөөц бололцоогоо ашиглан шинэ санаа, шийдлүүд гаргахыг зорьдог.
Ажиллаж буй орчны хувьд Улаанбаатарт амьдрах нь надад амар байдаг. Токио хэтэрхий том болохоор ажилдаа ирж очих гэж нэлээд цагийг алддаг. Мөн Улаанбаатарт амьдралын чанарын хувьд давуу талтай зүйлс байдаг.
ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
Бид өнгөрөгч онд дата сүлжээний хүртээмжээ өргөтгөж, улс даяар дата хэрэглэх боломжийг хэрэглэгчдэдээ олгосон. Мөн үйлчилгээний чанараа сайжруулахад анхаарч, нэлээн их хөрөнгө оруулалт хийлээ. Дэд бүтцийн компани учраас бид тоног төхөөрөмж, үйлчилгээнүүдээ тогтмол шинэчилдэг.
Түүнчлэн 2018 онд бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн санхүүгийн салбарт, тэр дундаа цахим санхүүгийн үйлчилгээний салбарт орлоо. Бид Монгол Банкнаас Монголдоо анх удаа цахим мөнгөний албан ёсны зөвшөөрөл авч, Candy үйлчилгээгээ эхлүүлсэн. Энэ бол зөвхөн эхний алхам. Цаашдаа бид уг үйлчилгээг зөвхөн шилжүүлэг гэлтгүй санхүүгийн олон олон үйлчилгээ үзүүлдэг хэрэгсэл болгохоор ажиллах болно. Нэлээд цаг авах ажил л даа. Энэ бол 2019 онд миний хийх гол зүйлсийн нэг.
Мөн тодотгон хэлэхийг хүсэж буй нэг зүйл бол, өнгөрөгч 11 дүгээр сарын эхнээс Мобиком зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан дата багцуудынхаа хэмжээг нь нэмэгдүүлснээс гадна өндөр хэрэглээний 99gb хүртэлх хязгааргүй дата багцуудыг гаргалаа. Жишээ нь тоглоом их тоглодог, видео их үздэг хэрэглэгчдэд зориулсан "Энтертэйнмент дата багц"-ыг авснаар Fortnite, PubG гэх алдартай тоглоомуудыг датаны хязгааргүй тоглож, Netflix-ийг 30 хоног дата хязгааргүй хэрэглэх юм. Бас мэдээж сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийг мартаагүй. Хүмүүсийн дата хэрэглээ жил ирэх бүр өсөж байгаа, хэрэглээ нь өөр өөр байдгийг харгалзан бид тэдний онцлогт тохирсон, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг гаргасан нь энэ. Спортын суваг их үздэг хүн IPTV, кабель дээрээ спортын багц авдагтай л яг ижил.
2019 оны хувийн зорилт гэвэл 2018 оны санхүүгийн тайлангаа сайн гаргах, 2019 оны төлөвлөгөөгөө сайн боловсруулах. Мобиком Японы санхүүгийн жилийг мөрдөн тайлан, төлөвлөгөөгөө гаргадаг юм л даа. Тэгэхээр ирэх дөрөвдүгээр сараас дараа жилийн бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлнэ. Бидэнд одоо цаг бага байгаа болохоор багийнхан маань маш шаргуу ажиллаж байна.
ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?
Унтахынхаа өмнө Youtube дээр амраах хөгжим сонсдог. Өглөөгүүр, фитнесст явахдаа эрч хүчтэй, доргио хөгжим сонсож өөрийгөө цэнэглэнэ. Би залуудаа транс, электро хөгжмийн DJ байсан. Залуудаа ер нь нэлээн идэвхтэй, хөдөлгөөнтэй байлаа.
ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?
Ном их уншина аа. Надад менторууд бий ч тэдэнтэй өдөр болгон уулзаж чадахгүй. Ном харин өдөр бүр чиний ментор байж чадна. Ном бол хүний харах өнцгийг тэлдэг гол хэрэгсэл. Миний хувьд бизнесийн болон технологийн ном түлхүү уншиж, шинэ санаа сэдэл олж авахыг хичээдэг. Ихэнх нь япон хэл дээрх номууд. Жишээ нь саяхан McKinsey-ийн мэргэжилтнүүдийн бичсэн, бизнесийн салбарт өөрийн сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдах тухай номыг уншсан, сонирхолтой байсан шүү. Япон явахдаа нэлээд хэдэн ном авчихдаг. Интернетээр бас нийтлэлүүд уншилгүй яахав.
ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Нээлттэй хүн. Хүмүүстэй анхнаасаа илэн далангүй харилцах нь амар байдаг. Тийм ч учраас би борлуулалтын мэргэжилтэн болсон байх.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Өглөө голдуу 6 цагт босож, шөнө 12 цагт унтдаг. Хамгийн ихдээ л 6 цаг унтдаг юм байна.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Ер нь хамгийн их хийдэг зүйл маань фитнесс л юм даа. Бид багадаа каратэгээр 11 жил хичээллэсэн. Орон нутгийнхаа тэмцээнд амжилттай оролцож, бүх Японы аваргад хүртэл өрсөлдөж явлаа. Мөн кикбоксоор нэг жил хичээллэж байв. Тамирчин байсан болоод ч тэр үү, ер нь эрүүл мэнддээ анхаарч фитнесст их явдаг л даа. Энэ тал дээрээ маш их сахилга баттай байхыг хичээдэг юм. Мөн мотоцикл унах хоббитой. Японд надад Harley-Davidson мотоцикл бий. Түүнчлэн чөлөөт цагаараа ном уншина, хөгжим сонсоно, кино үзнэ.
ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?
Надад хүч өгдөг нэг зүйл бол би Токиод байна уу, Монголд байна уу, Лондонд байна уу, хаа ч явсан өөрийн гэсэн ул мөрийг үлдээхийг хүсдэг. Ул мөр нь бизнесийн амжилт, үзүүлэлт ч байж болно, дурсамж ч байж болно, эсвэл зүгээр сайхан найзууд ч байж болно. Юутай ч намайг байсныг гэрчлэх, дурсах хүмүүс байгаасай гэж хүсдэг. Би бол зөвхөн япон бизнесмен биш, дэлхийн иргэн. Чингис хаан хаа явсан газраа өөрийн ул мөрийг үлдээж байсан шиг өөрийн зам мөрийг үлдээх гэж хичээж яагаад болохгүй гэж. Миний хувьд Мобикомыг зөвхөн ажилтны тоо, ашгийн дүнгийн хувьд биш, хүмүүст өгөх мэдрэмж, нэр хүндээрээ өсөлттэй байгаасай гэж хүсдэг, тийм бодол сэтгэлгээгээр ажилладаг.
ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Аав маань шаргуу ажилладаг бизнесмен хүн л дээ. Нэг удаа аав их сонирхолтой зүйл хэлсэн юм:
"Чи бэрхшээлд орсон үедээ, ядарсан стрессдсэн үедээ улс орнуудын тэргүүн, сайдуудын тухай бодож бай. Тэдгээр хүмүүс асар их бэрхшээлийг сөрж ажилладаг. Хэрвээ чи ийм жижиг юманд шантарвал хэзээ ч тэдэн шиг өсөж хөгжихгүй."
Тэр үгийг нь би байнга санаж, хүнд хэцүү үед өөртөө "Чи одоо зогсвол Мобикомын гүйцэтгэх захирлаас цааш ахиж чадахгүй шүү" гэж хэлдэг юм.
Мөн Японд байдаг менторууд, үлгэр жишээ олон хүнээс урам зориг авдаг даа.
ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ТА ЮУ ГЭХ ВЭ?
Монгол залуучуудад, ер нь залуучууд ч гэлтгүй бусад хүмүүст хэлдэг хэдэн зүйлийг хуваалцъя. Би тэдэнд "Мөрөөдөх хэрэгтэй, үргэлж мөрөөд" гэдэг. Гэхдээ бодит байдал дээр мөрөөдөл амархан биелдэггүй шүү дээ. Харин мөрөөдлөө төлөвлөгөө гэж нэрлэвэл илүү бодитой болж ирдэг. Мөрөөдлөө буюу төлөвлөгөөгөө биелүүлэх цаг хугацааг зоо.
Мөн хүмүүс сэтгэл зүйн хувьд хурдтай явж, замаа товчлохыг хичээдэг. Дөт зам олох гэж их цаг үрэхийн оронд туршлага хуримтлуулахад цаг зарцуул. Энэ нь амар биш л дээ. Гэхдээ ингэснээр чи өөрт шаардлагатай бие болон оюуны хатуужлыг олж авах болно. Миний нэг авах дуртай жишээ бол, бокс тоглоход хэн ч өөрөө цохиулахгүйгээр аварга болдоггүй. Ялна гэдэг хатуужил шаарддаг зүйл. Хатуужих цорын ганц зам бол цохилт авах, цохилт авсны дараа хэрхэн сэргэхийг цаг зарцуулан байж ойлгож мэдэх, хариу цохилт хийх аргыг олох явдал. Бизнест ч яг адил. Надад бизнесийн удирдлагын магистрын зэрэг байхгүй л дээ. Энэ зэргийг л авчихвал гүйцэтгэх захирал болчихно гэж боддог хүмүүс цөөнгүй байдаг. Гэтэл хэрхэн цохихыг сургуульд сураад амьдрал дээр цохиж үзээгүй бол яаж сайн цохилт хийх билээ. Тэгэхээр товчхондоо асуудал бэрхшээлгүйгээр амжилт олно гэж байдаггүй юм шүү гэж хэлье.
Хүмүүс намайг их сургуульд ямар чиглэлээр мэргэшсэнийг асуудаг юм. Би Европын түүх, тэр дундаа дундад зууны Европын түүхийг судалсан. Түүх судалсан учраас ул мөрөө үлдээхийг хүсдэг байх. Оюутнуудтай ярилцахад тэд ирээдүйд бид юу хийх хэрэгтэй вэ гэж их асуудаг. Тэгвэл одоо юу сурч байгаа чинь чиний ирээдүйд хийхийг хүсэж буй зүйлийг тодорхойлохгүй шүү гэж хэлмээр байна. Чи одоохондоо хууль сурахыг хүсэж болно. Гэхдээ энэ чинь өөрчлөгдөж болно шүү дээ. Гүйцэтгэх захирал хүн олон сэдвийн талаар ойлголттой байх ёстой байдаг. Суралцах нь үйл явцын нэг л хэсэг гэж би боддог.
Тэгэхээр өөрийгөө бүү хязгаарла. Би залуучуудын аль сургуулийг төгссөнд, өмнө нь аль хэлтэст ажиллаж байсанд нэг их ач холбогдол өгдөггүй. Харин бие хүний хувьд төлөвшсөн, өөрийгөө дайчилж чаддаг эсэхэд нь анхаардаг юм. Мэдлэг чадвар гэдэг чухал ч бүхнийг тодорхойлох зүйл биш.
Мэдээллийн эх сурвалж: https://www.unread.today/posts/post/1795