Мэдэгдэл

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 9.3-д “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3%-тай тэнцүү хэмжээтэй байх” гэж холбогдох хууль тогтоомжийн дагуу 25 хувийн татвар төлөн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн татварын дараах цэвэр ашгаас Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, Татварын ерөнхий хуульд тусгагдаагүй хөрөнгө төвлөрүүлэх нэршлээр дахин 3%-ийн татвар авахаар тусгагдаад байгаатай холбоотойгоор бид энэхүү мэдэгдлийг гаргаж байна. 

Энэ нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд “Хуулийн этгээдэд өмнө байсан үүрэг дээр нэмж үүрэг хүлээлгэхгүй, аливаа нэмэлт зардал гаргахгүй” гэж заасантай нийцэхгүй, Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль болон Компанийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул энэхүү заалтыг бид ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгийн 70-90 хувийг тогтмол төвлөрүүлдэг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид бид дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг цаг алдалгүй нэвтрүүлэх, хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, нийгэм эдийн засгийн бусад салбаруудын дижитал шилжилтийн суурь дэд бүтцийг байгуулах, Монгол Улсын цаашдын хөгжилд дижитал технологи, түүнд суурилсан шийдлийг төрийн болон хувийн байгууллагад санал болгох чиглэлээр ажиллаж, 7000 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгосоны зэрэгцээ үйлчилгээнийхээ үнэ тарифыг жилээс жилд буулгасаар ирлээ.

Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид салбарын хэмжээнд зөвхөн өнгөрсөн 5 жилд гэхэд л 1 их наяд 52.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу аж ахуй нэгжийн орлогын албан татвар, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад хуулиар тогтоосон албан татвар, шимтгэл, төлбөр, хураамжийг төлж, улсын төсөвт 763 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн.

Энэхүү санг байгуулах үетэй харьцуулахад харилцаа холбооны салбар бүрэн либеральчлагдсан тул ийм албадлагын арга шаардлагагүй болж, сүлжээ үйлчилгээгээ хүргэх, өргөтгөх асуудлыг үйлчилгээ эрхлэгчид өрсөлдөөний зарчмаараа өөрсдөө бие даан шийдэж байгаа бөгөөд цаашдаа ч шийдээд явах бүрэн боломжтой. Тус санд хөрөнгө татан төвлөрүүлэлт нь ялгавартай, зориулалт бусаар зарцуулдаг зэргээс цаашид уг сангийн бодлого, зориулалтыг илүү тодорхой болгох шаардлагатай болсныг холбогдох этгээдүүдэд удаа дараа бид тавьсаар ирсэн.

Компанийн цэвэр ашиг бол үйл ажиллагаанаас олсон орлогоос зардлаа хасч, хуулийн дагуу холбогдох татвараа төлсний дараа ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ОНОГДОХ ХУУЛЬ ЁСНЫ ӨМЧ мөн бөгөөд ямар нэгэн санд иргэн, аж ахуйн нэгжийг хууль ёсны өмч болох “цэвэр ашгаасаа” хөрөнгө төвлөрүүлэхийг үүрэгжүүлсэн хууль батлах нь ХУВИЙН ӨМЧ ХӨРӨНГӨД шууд халдсан үйлдэл болж байгаа тул бид Үндсэн хуулийн цэцэд хандах болохоо үүгээр МЭДЭГДЭЖ БАЙНА.

 

 

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ОПЕРАТОРУУДЫН АССОЦИАЦИ