Ассоциацаас зохион байгуулдаг ээлжит “Өглөөний зочин”-оор “Үндэсний хөгжлийн газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр уригдан оролцлоо. Тус уулзалтанд Ассоциацийн гишүүн байгууллагуудын төлөөлөл 14 хүн оролцож, Үндэсний хөгжлийн газраас хэрэгжүүлж буй цахим системийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, харилцан ярилцлаа.
Үндэсний хөгжлийн газрын салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр “Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөх, хувийн хэвшлээ дэмжих, төлөвлөж буй бодлогоо хувийн хэвшилтэйгээ, иргэдтэйгээ ярилцдаг, тэдний санал бодлыг тусгаж, ажил хэрэг болгож явдаг тогтолцоог 2015 оноос хойш бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна. Уг нь яам болгонд бодлогын газар байдаг ч өөр өөрийн салбарын бодлогыг боловсруулах зорилготой болохоос биш бусад салбартай хэрхэн уялдаж ажиллах вэ гэдгийг тодорхойлдоггүй. Үндэсний хөгжлийн газар энэ чиг үүргийг хүлээснийхээ хувьд салбар хоорондын бодлогыг хэрхэн уялдуулж, түүнийг улс орны хөгжлийн бодлогод хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ гэдэгт төвлөрдөг. Үндэсний хөгжлийн газрын бас нэг харах өнцөг нь эдийн засгийн үр ашиг авчрах хөгжлийн бодлого чухал ч, бодлого нь иргэдийн ядуурлыг бууруулахад эерэгээр нөлөөлөхийг авч үзэх ёстой гэж үздэг. Дэлхий нийтэд ядуурлыг эрчимтэй бууруулах, байхгүй болгох зорилтууд тавигдаж байгаа бөгөөд мэдээллийн технологийг ашиглах нь түүнд хүрэх боломжийг хурдасгана гэж үзэж байна. Манай улсын 3 хүн тутмын нэг нь ядуу гэсэн судалгаа байна. Монгол улсын хэмжээнд 218 бодлого батлагдсан байна. Гэвч энэ олон бодлогуудыг иргэдэд таниулах мэдүүлэх нэгдсэн систем байхгүй, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэгдсэн платформ байхгүй нь бодлогын хэрэгжилт хангалтгүй байхад нөлөөлж байгаа гэж хэлж болно. Манай урд хөршид л гэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологийг ашиглан ядуурлыг бууруулж байгаа бодит жишээ байна. Хятад Улс хиймэл оюун ухаан ашиглан хөгжлийн бүх бодлогоо тодорхойлдог, ядуурлыг бууруулахад чиглэсэн блокчайн систем ажиллуулдаг зэрэг технологийн шийдлээ зөв сонгосноор ядуурлаас гарч байна. Цахим системийг хийх судалгааны явцад Монгол Улсын хувьд бодлогууд нь гарчихсан, мэдээллийн бааз маш сайтай хэрнээ түүнийг хэрэгтэй зүйлдээ ашиглаж чаддаггүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа, салбаруудын том зах зээл рүү та бүхэн хэрхэн орох уу гэдгийг бодох шаардлагатай болж байна.” хэмээн танилцууллаа.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн системтэй байх, яам болгон мэдээллээ тухай бүр оруулдаг байх, уг системийг ажиллуулах дүрэм, арга зүйтэй байх ёстой гэсэн зохицуулалтууд тусгагдсан.
Үндэсний хөгжлийн газраас нэгдсэн системийг бий болгосноор Монгол Улсын хөгжлийн 50 жилээр урагшлуулна гэж үзэж платформыг хөгжүүлж байна. Эхний ээлжинд Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн индексийг тодорхойлох зорилго бүхий https://ldi.nda.gov.mn/ системийг нэвтрүүлж, 12 сард нээлтээ хийхээр төлөвлөж байна. Энэхүү системд Монгол улсын бүх орон зайн хувьд хөгжлийн индексүүд, макро ба микро зах зээлийн орчин, салбар бүрийн түвшинг харуулахыг зорьж байгаа бөгөөд аймаг сумд, баг, УИХ, яам, төрийн байгууллагуудыг нэгтгэсэн үүлэн технологи ашиглана.
Тус системийг нэвтрүүлснээр 21 аймгийн цогц мэдээллийг нэг дороос авч болохоос гадна хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй ажиллах юм байна.
Түүнчлэн “Ойрын таван жилд соёлын аж үйлдвэрийн цахим систем, дэлхийн монголчуудын цахим систем, ажилгүйдэл, ядуурлын цахим систем, тээвэр ложистикийн систем, гэсэн цогц системийг хийх хэрэгтэй байгаа. Энэ бүгдийг хамарсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн “big data”-г тасралтгүй хөгжүүлэх хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Та бүхэн энэ платформыг хөгжүүлэхэд хэрхэн оролцож болох талаар саналаа хэлэх нь нээлттэй. Манай газрын хувьд хувийн хэвшлийнхэнтэй, танай салбарынхантай хамтран ажиллах бүрэн боломжтой” гэдгийг онцлон хэлж байлаа.
Харилцаа холбооны салбарын ямар мэдээллүүдийг энэ системд оруулах талаар санал солилцоход тухайлбал нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувийг хамарсан, хаана сүлжээнд холбогдож чадахгүй байгаа гэсэн мэдээллүүд чухал байгааг Үндэсний хөгжлийн газраас онцлов.
Ассоциацийн гишүүдээс энэ платформын амьдралын мөчлөг ямар байх вэ, хир найдвартай байх талаар асууж тодруулав. Уулзалтын үр дүнд энэ асуудлыг Удирдах зөвлөлдөө танилцуулж, магадгүй ассоциацийн түвшинд ажлын хэсэг байгуулан энэ системд ямар мэдэээлийн ямар түвшинд оруулахыг тодорхойлох боломжтой гэж үзлээ.