Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциациас / МХОА / 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан ээлжит “Өглөөний уулзалт, ярилцлага”-ын зочноор МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин уригдаж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын бизнес эрхлэгчидтэй цаашид хэрхэн хамтран ажиллах болох талаар ярилцлаа.

МҮХАҮТ-ын бизнесийн орчинг сайжруулах, бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогыг сайжруулах чиглэлээр бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх зорилго, зорилтууд нь МХОА-ийн зорилго, үндсэн чиглэлтэй нийцэж байгаа бөгөөд хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх нь аль аль талын нийтлэг сонирхол юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Танхим нь бодлогын хувьд хувийн хэвшлийнхнийг хэрхэн нэгдмэл болгох, төрөөс гаргаж буй бодлого, шийдвэрт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг татан оролцуулах, тэдний нэгдсэн дуу хоолой болох зорилгынхоо хүрээнд аль болох бизнесийн байгууллагуудыг нэгтгэх чиглэлийг нэг бодлогоо болгож байна. Салбар болгонд танай ассоциаци шиг нэгдэж, өөрсдийн асуудлаа ярьдаг практик жишиг их байгаа, танхимын хувьд салбар бүрийг нэгтгэн зангидах, асуудлуудыг нь том зураглалаар хардаг, салбар хооронд уялдуулах шаардлагатай байгаа гэж бид харж байгаа. Манайд хаягдсан асуудлуудын нэг нь салбар хоорондын ойлголцол байдаг. Салбар бүр өөрсдийнхөө асуудлыг ярьдаг, салбараа бүхэлд нь хамгаалах, хөгжүүлэх, дараа нь боловсон хүчин бэлтгэхээс авахуулаад хамтарч ажилладаг. Төртэй асуудлыг ярилцах, ойлголцох түвшний асуудал яригдахад ТББ-ууд тал талаас ярьдаг биш, та бүхэн өөрсдөө нэгдээд ярьдаг байх нь нэгдсэн нэг ойлголцолд хүрэхэд чухал гэдэг. Дэлхий дахинд хувийн хэвшлийн байгууллагууд салбар салбартаа танхим байгуулж, тэдгээр салбар танхимууд нэгдээд тухайн салбар танхимын ерөнхийлөгчид үндэсний танхимынхаа зөвлөлийг бүрдүүлээд дундаасаа ерөнхийлөгчөө сонгоод нэгдсэн бодлоготойгоор ажиллаад явдаг жишиг тогтсон байна. Энэ тохиолдолд төртэй үр ашигтай ажиллах, салбар хоорондын хамаарал шийдвэрлэгдэж чаддаг байна. Тиймээс бид бизнес эрхлэгчдийнхээ урд нь гарч манлайлан ажиллах ёстой, одоо бид задарч, нээлттэй ажиллдаг болно гэж үзэж байгаа, энэ чиглэлээр ажиллаж байна. Танхимаас төрд хэрхэн зөв лобби хийх вэ гэсэн чиглэлээр гадны экспертүүд оролцуулсан сургалтыг зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээлд, хөрш улс орнуудынхаа зах зээлд бизнес эрхлэгчидээ гаргах чиглэлээр ажиллаж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь үсрэнгүй хөгжиж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж буй тэргүүлэгч салбарын нэг учраас танхимын шинэ бодлого, зорилтыг мэдэрч хүлээн авч ажиллах салбар гэж бодож байна.” хэмээн танилцууллаа.

Ассоциацийн гишүүдээс тулгамдаж буй асуудлууд, хамтран ажиллаж болох чиглэлийн талаар саналаа бас хэлж, харилцан санал солилцлоо. 

Бид мэдлэг шингээсэн, хөрөнгө оруулалтын орчин хурдан эргэлттэй бизнес хийж байгаа бөгөөд гадаад валют ашиглан эдийн засгаа бүрдүүлж байгаа учраас валютын ханш, инфляцийн түвшингээс хамаарч манай салбарын орлого, үр дүн буурч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа ч бид энэ дарамтыг хэрэглэгчиддээ үүрүүлээгүй, харин ч үйлчилгээний үнэ тарифаа нэрлэсэн үнээр 20-оос дээш хувиар хямдаруулсан. Компанийн засаглал, бизнесийн ёс зүй, хэрэглэгчидтэй эргэх холбоо тогтоох, халамжлах (customer care) зэрэг хэмжигдэхүүнээр олон улсын жишигт нийцсэн, шилдэг байж чаддаг гэж бид үздэг. Манай салбарт төрийн шууд дарамт байхгүй ч зарим шууд бус дарамт бизнесийн орчинд сөрөгөөр нөлөөлж байна. Жишээлбэл, ШӨХТГ-аас жилдээ 1-2 удаа торгууль тавьдаг, түүнчлэн төрөөс татвар нэмэх бодлого баримталж байгаа, тухайлбал, бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд татварын өмнөх орлогоос 2%-ийг төвлөрүүлдэг нь татварын нэмэлт дарамт болж байна. Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслөөр бас нэг сан үүсгэх гэж яригдаж байгаа гэх мэт бизнесийн орчинг муутгах зүйлүүд байсаар байна. МХХ-ны технологи бусад салбарын хөгжлийн хурдасгуур болж нийгмийн бүх салбарт хэрэглэгдэхүүн болж байгаа дэлхийн чиг хандлагаас хамааран бидний хувьд дижитал хэмжигдэхүүнээ шинэчлэн тогтоох асуудал, түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалт чухлаар тавигдаж байна. Тиймээс бид нэгдмэл бодлоготойгоор төртэй хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс танхимын шинэ бодлогод нийцүүлэн салбарын танхим байгуулж жишиг бий болгох, УИХ-аар хэлэлцэгдэх байгаа Лицензийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, цаашлаад Өргөн нэвтрүүлгийн тухай зэрэг хуулийн шинэчлэлд нэгдэж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ МХХ-ны технологийн давуу талыг үр дүнтэй ашиглах, тухайлбал ухаалаг хот (smart city) төдийгүй аюулгүй хот (safety city) гэх мэт нийтийн томоохон асуудалд хамтарч ажиллах, гадаад зах зээлд гарах чиглэлээр ч хамтрах боломжтой гэж үзэж байна.

Ингээд ассоциацийн зүгээс МҮХАҮТ-д итгэх итгэл сайжирч байгаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж, энэ асуудлаар дахин уулзаж, илүү дэлгэрэнгүй ярилцахаар тохирлоо.