“ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА

“ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА" ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ICT-Expo” үзэсгэлэнгийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн “Дижитал шилжилтэнд хамтдаа” гэсэн уриан дор харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил, дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг хурдасгахад хэрхэн үр ашигтай ашиглах вэ, хэрхэн хамтран ажиллаж, зөв оновчтой гарц, шийдлийг олох вэ гэх мэт асуудлаар бодлого боловсруулагчид, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд хэлэлцдэг форум зохион байгуулж байна.

Энэ жилийн “Дижитал хөгжилд хамтдаа” форумыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци хамтран 9 дүгээр сарын 24-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгууллаа.

Тус форум нь Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар өнгөрсөн 5-р сард баталж, салбарын хувьд эрх зүйн шинэчлэл хийсэн энэ цаг үед болж, хуулийн шинэ зохицуулалтын талаар танилцуулсанаараа онцлог байлаа.

Нэгдүгээр хэсэг - “Салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах нь” сэдэвт панел хэлэлцүүлэг

Уг хэлэлцүүлэг нь хоёр панел хэсгээс бүрдсэн ба эхний панел хэсэгт МУИС-ийн дэд захирал Ч.Лодойравсал модератораар , УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Үндэсний хөгжлийн газрын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Стратеги төлөвлөлтийн газрын дарга Ц.Одхүү нар панелистаар, хоёр дохь хэсэгт “Цахим эрин дэх Монгол” төслийн менежер С.Тэнгис модератораар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, ХХААХҮЯамны ТНБД Т.Жалбалцэрэн, Үндэсний хөгжлийн газрын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Юнител группийн газрын захирал Б.Энхтүвшин, Одо экосистем ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Машаа нар панелистаар оролцож, Монгол Улсын дижитал шилжилтийн бодлого, үндэсний хөгжлийн бодлогыг боловсруулах, бодлогын судалгааг хийхэд шаардлагатай мэдээллийг хэрхэн цахимжуулж байгаа талаар, түүнчлэн цахим ХАА-н стратегийн асуудлаар хэлэлцлээ. 

Өнөөдөр дэлхийн улс орон болгон харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил дэвшил нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр ашиг, тогтвортой хөгжлийг авчирна гэж үзэж, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх зорилтуудыг тавьж байна. Монгол Улс ч энэ жишгээр дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон УИХ-аас Цахим бодлогын түр хороо байгуулж, Засгийн газрын түвшинд ч Цахим засаглалын үндэсний хөтөлбөр баталж, эхний ээлжинд төрийн үйлчилгээг цахимжуулах ойрын хугацааны зорилтуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

“Өнөөдөр харилцаа холбооны компаниуд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 40 мянга гаруй км шилэн кабелийн сүлжээг байгуулж, 310 сумыг холбосны зэрэгцээ бүх сум суурин газарт үүрэн холбооны 3G, 4G станцуудыг суурилуулж, 280 мянган өрх, 2400 гаруй албан байгууллага, давхардсан тоогоор 4.3 сая хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэж байгаа бөгөөд шилэн кабелийн сүлжээ, үүрэн холбооны 3G, 4G технологийг ашиглан иргэд хүссэн цахим үйлчилгээг Монгол Улсын бүх сум, суурин газраас хүлээн авах боломж бүрдээд байна.” хэмээн пеналист Ц.Одхүү танилцууллаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Английн Оксфордын их сургуулийн дэргэдэх Технологийн хөгжлийн комисс болон  Аксесс Сольюшнс ХХК нар хамтран хэрэгжүүлж бүхий “Цахим Эрин дэхь Монгол Улс (Mongolia in the Digital Age)” төслийн хүрээнд хийгдсэн Монгол Улсын технологийн хөгжлийн бэлэн байдлыг үнэлгээ хийхэд дэд бүтэц, технологи, үйлчилгээний хувьд бүрэн бэлэн байдалтай байна гэсэн дүгнэлт гарсан гэдгийг тус төслийн менежер С.Тэнгис мэдэгдлээ.

Тиймээс энэхүү нэгэнт бүтээн байгуулсан дэд бүтэц, нэвтрүүлсэн дэвшилтэт технологийн давуу талыг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ, салбар бүрийн цахим шилжилтийг хэрхэн уялдуулах вэ зэрэг асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх хамтын ажиллагаа, манлайлал чухал гэдэгт панел хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгтэй байлаа.

Дижитал шилжилтэд тэргүүлж буй улс орнууд болох БНСУ, Эстони, Сингапур, АНУ, Австрали, Канад, Европын холбоо зэрэг улс орнуудын төрөөс баримталсан бодлого, туршлагаас харахад оролцогч бүх талуудын уялдаа холбоог хангах нэгдсэн удирдлагатай байх, бодлогын үе шат болгонд хэрэгжилтийн үнэлгээг хийж байх, цахим тогтолцооны архитектур, сүлжээний дизайн, стандартыг мөрдүүлэх зэрэг асуудлууд чухлаар тавигддаг байна.

Энэ жишгээр шинэхэн батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийгэм эдийн засгийн бүхий л салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, түүнчлэн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа, холбоог хангах бүрэн эрхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт олгосон.

Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, салбар бүр ямар нэг хэмжээгээр цахим шилжилтийн хэрэгжүүлж, олон сая төгрөгийн хөрөнгө мөнгийг зарцуулж, тэр нь төдийлөн үр дүнтэй болж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд энэхүү шинэ зохицуулалт нь чухал ач холбогдолтойг панел хэлэлцүүлэгт оролцогсод онцлон тэмдэглэсэн юм.  

Форумын дараах хэсэг- “Дижитал шилжилт-бидний манлайлал” панел хэлэлцүүлэг

Энэ хэлэлцүүлэгт үүрэн холбооны компаниуд бизнесийн салбарт дижитал шилжилт хэрхэн хэрэгжиж, ямар өөрчлөлтийг авчирч байна вэ гэсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Могул Консалтинг Сервис ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Жавхлан модератораар, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Юнител группын Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Скайтел группын Борлуулалт үйлчилгээ хариуцсан дэд захирал Г.Амарчингүн нар панелистаар оролцлоо.

Илтгэгч Г.Амарчингүн илтгэлдээ “Дижитал шилжилт халдварлахгүй салбар гэж байхгүй, шилжилт хэрэгжүүлсэний үр дүнд нь том өөрчлөлт авчирна, гэхдээ ямар ч бизнес орвонгоороо эргэхгүй, харин бизнест шинэ боломжуудыг бий болгоно. Дижитал шилжилт нь бизнесийн үйл ажиллагаагаа технологижуулах ажиллагаанаас эхэлж, энэ нь бизнесийн загварыг нь өөрчилнө, үр ашгийн өсөлт, шинэ бизнесийг бий болгоно. Бизнесийн байгууллагууд дижитал шилжилтийг хэрэгжүүлэхдээ хамгийн түрүүнд стратегиа өөрчлөхөөс эхэлж байна. 2018 он гэхэд глобал 200 компанийн 67% нь дижитал дэвшлийг бизнесийнхээ стратегийн гол цөм болгоод байна. Uber, Netflix, Amazon, PayPal зэрэг шинэхэн компаниудаас эхлээд American airline, Mercedes Benz, General electric, JP Morgan Chase, Boeing, Walt Disney зэрэг компаниуд дижиталчлалыг стратегийнхаа гол чиглэл болгосон байна. Салбарын хувьд технологийн салбараас гадна сонин сэтгүүл, ном, хөгжим, видео, жижиглэн худалдааны салбар дижитал шилжилтийг аль хэдийн хэрэгжүүлж эхлээд байна. Банк санхүү, телеком, тээвэр, ХАА, эрүүл мэндийн салбар, төрийн үйлчилгээнд дижитал шилжилт эрчимжиж байна.” гэж танилцууллаа.

Тэгвэл Монгол Улсад, ялангуяа харилцаа холбооны салбарт бизнес эрхлэгчид дижитал шилжилтэнд технологийн салбарын хувьд бусад салбарын дижиталчлалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ өөрсдөө ч дижитал шилжилтийг манлайлахыг зорьж байна. 

Илтгэгч Б.Мөнхзориг “Мобиком корпорацийн хувьд дижитал шилжилт хийх гурван жилийн төлөвлөгөө гаргаж, 20 гаруй жижиг төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал “Customer Experience” төслийн мөн чанар нь Мобикомын хэрэглэгч болсон үеэс нь өнөөдрийг хүртэлх бүхий л хэрэглээг судалж, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн big data дээр үндэслэн, тухайн хэрэглэгчийн хэрэглээний зан төлөвт төгс нийцэх тэрхүү бүтээгдэхүүнийг санал болгож байна. Үүний зэрэгцээ компани дотоод үйл ажиллагаагаа дижиталчлах, ингэхдээ ажилтнуудынхаа дунд дижитал сэтгэлгээг бий болгох, хэвшүүлэх, удирдлагын манлайллыг хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлсэнээр одоогийн байдлаар инженер техникийн ажилтнуудын засвар үйлчилгээнд зарцуулдаг цаг 25%-иар, ашиглалт үйлчилгээний зардал 25%-иар, нэг ажилтанд ноогдох программ ашиглалтын зардал 43%-иар буурч, үүлэн технологи ашигласнаар ажлын бүтээмж нэмэгдсэн байна.” хэмээн ярьлаа.

Панелист Д.Энхбат “Юнител группын хувьд телеком, энтертайнмэнт, медиагийн салбарын дижитал шилжилтэнд дэмжлэг үзүүлэх, эдгээр салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ “Гэр интернет” үйлчилгээг нэвтрүүлж, алслагдсан, гэр хорооллын иргэдийн цахим үйлчилгээ хүлээж авах боломжийг бүрдүүлсэн. Хэрэглэгчийн болон хэрэглээний өгөгдлүүдийг боловсруулахад хиймэл оюун ухаан, үүлэн технологийг ашиглаж эхэлсэн байна. Ингэснээрээ нэгж хугацаанд үйлдвэрлэх мэдээллийн тоог эрс нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ нөөцийн бүрдүүлэлтийг сайжруулсан, тухайлбал хүний нөөц, цаг хугацааны нөөц, мэдлэгийн нөөцийг бий болгож байна.” хэмээсэн юм. 

Скайтел группын хувьд дижитал шилжилтийг стратегиа болгон компанийнхаа нөхцөл, байдлыг олон улсын шинэлэг аргачлалаар үнэлж, тодорхой зорилго, зорилтуудыг тодорхойлж, бизнесийн загварчлалын судалгаа хийж байна. 

Төрийн хувьд хувийн хэвшилтэйгээ хамтын ажиллагааг бий болгох, удирдлагын манлайллыг үзүүлэх, эрх зүйн, бодлогын шинэчлэлийг хийх нь дижитал шилжилтийн улс орны хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал алхам мөн хэмээн панелист Ж.Бат-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

Форумын гуравдугаар хэсэг-“Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадварын хэмжүүр” панел хэлэлцүүлэг

Уг хэлэлцүүлэг "Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадварын хэмжүүр" сэдвийн хүрээн дор Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми, "Цахим эрин дэх Монгол" төслийн менежер С.Тэнгис нар илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Ikon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа модератораар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, МЦХ ХК-ийн Стратеги төлөвлөлтийн газрын захирал Ч.Пүрэвсүрэн, Харилцаа Холбооны зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Х.Нинжболор, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми, "Цахим эрин дэх Монгол" төслийн менежер С.Тэнгис нар панелистаар оролцлоо.

Энэ панел хэлэлцүүлэгт өрсөлдөх чадварыг олон улсын, бүс нутгийн түвшинд, улс орны хэмжээнд, салбар хооронд гэх мэтчилэн дүгнэж ярьдаг, харин салбар дотроо өрсөлдөх чадварыг тодорхойлдог уу, юугаар илэрхийлж, хэмжих вэ, хэмжиж байна уу, хэмжилтийн үр дүнгүүд байна уу гэх зэрэг урьд өмнө нь хөндөгдөж байгаагүй сэдвүүдийг ярилцлаа.

“Цахим Эрин дэх Монгол Улс” төслийн хүрээнд хийгдсэн Монгол Улсын технологийн хөгжлийн бэлэн байдлыг үнэлгээний үзүүлэлтүүдийг илтгэгч С.Тэнгис танилцуулж, харин илтгэгч Б.Лакшми өрсөлдөх чадварыг хэрхэн судалдаг талаар танилцуулж, энэ панел хэлэлцүүлэгт бэлтгэж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хувьд судалж, Зохицуулах хорооны статистик судалгаатай танилцахад тодорхой мэдээллүүд байхгүй байсан гэлээ. Салбарын хэмжээнд компаниудын өрсөлдөх чадавхийг Зохицуулах байгууллагаас нь үнэлж болох уу гэсэн асуултанд Харилцаа холбооны зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Х.Нинжболор “Зохицуулах байгууллага нь олон улсын жишгээр зах зээлийн өрсөлдөөн, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих, ингэснээр хэрэглэгчдийн хувьд үр ашгийг бий болгох гэсэн чиглэлийн зохицуулалт хийдэг тул зохицуулах байгууллага нь гэхээсээ үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө хүсвэл индастри зохицуулалтын хүрээнд хийх нь зохистой” хэмээн хариуллаа.

Энэ панел хэлэлцүүлэг салбарын хэмжээнд өрсөлдөх чадавхийг өөр өнцгөөс харах гэж оролдсон, цаашид үргэлжлүүлэн ярилцах сэдэв ч болж болох талтайг илтгэсэн ярилцлага боллоо.