Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциациас “Дижитал шилжилт-бидний хувь нэмэр” хэлэлцүүлгийг Блю Скай зочид буудлын “Топаз” уулзалтын танхимд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зөвлөх Н.Очирпүрэв, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зөвлөх Ц.Хишигжаргал болон Цахим бодлогын түр хорооны Бодлогын зөвлөлийн гишүүд, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, Харилцаа Холбооны Зохицуулах хорооны Дэд дарга Д.Сэрээдорж, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн, ахлах мэргэжилтэн Х.Нинжболор зэрэг албаны хүмүүс, Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүд болон удирдах ажилтнууд оролцлоо.
Тус хэлэлцүүлэгийг Ассоциацийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Тацуяа Хамада хэлэлцүүлэгийг нээж үг хэлэхдээ өнөөдөр дэлхийн улс орон болгон нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил дэвшил нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр ашиг авчирна гэж үзэж, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх зорилтуудыг тавьж байна. Монгол Улс ч энэ жишгээр дижитал шилжилтийг бодлогын зорилго болгон дэвшүүлж, эхний ээлжинд төрийн үйлчилгээг цахимжуулах ойрын хугацааны зорилтыг тавьж байна. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар дэлхийн хөгжлийн чиг хандлагаас огтхон ч хоцроогүй бөгөөд ассоциацийн гишүүд нь мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд томоохон тоглогчдын хувьд салбарын хөгжлийг дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлэн цогцлооход түүчээлэн 3G, 4G технологийг нэвтрүүлж монголын хүн амд өндөр хурдны өргөн зурвасын интернетийн үйлчилгээ, төрөл бүрийн дата үйлчилгээг хүргэж байна. Тиймээс бидний бүтээн байгуулсан дэд бүтэц, нэвтрүүлсэн технологийн давуу талыг Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур болгон ашиглах боломжийг УИХ-ын гишүүд та бүхэнд танилцуулж, бодлогын түвшинд авч үзээсэй гэж хэмээн хүсч, энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна хэмээн ноён Тацуяа Хамада онцлон тэмдэглэлээ.
Дараа нь Ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамир Мэдээлэл холбооны оператор компаниуд нэгдэж ассоциаци байгуулсан зорилгыг танилцууллаа. Тус ассоциацийн гишүүн оператор компаниуд Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг бий болгон тоон боломжийг өсгөн нэмэгдүүлж, дижитал шилжилтэнд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа юм. Монгол Улс цахим засаглалын үндэсний хөтөлбөрөө баталж хэрэгжүүлж эхэлж байгаа энэ цаг үед бидний байгуулсан сүлжээ, нэвтрүүлсэн технологи, үйлчилгээний давуу талыг энэхүү цахим шилжилтэнд ашиглаж, үр ашгийг нэмэгдүүлэх, чанар, найдвартай байдлыг хангах боломжтой хэмээн тэрээр ярилаа.
Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээний өнөөгийн түвшин, боломжийн талаар Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Золбаяр танилцуулав.
Ассоциацийн гишүүд нь харилцаа, холбооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, үйлчилгээг Монгол Улсын бүх сум суурин газарт хүргэж, нийтдээ 43 мянга гаруй км шилэн кабелийн сүлжээг байгуулж, 310 сумыг холбосны зэрэгцээ бүх сум суурин газарт үүрэн холбооны 3G, 4G станцуудыг суурилуулсан байна. Өнөөдөр Монгол Улсын бүх аймаг, хот, сум суурин газар интернетэд холбогдож, иргэд хүссэн цахим үйлчилгээг хүлээн авах боломж бүрдээд байна. Цаашид шилэн кабелийн дэд бүтэц хүрээгүй сумд, хилийн боомт, суурин газруудыг холбох төслүүдийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг хэрэгтэй байна. Түүнчлэн төрийн цахим үйлчилгээг операторын горимд шилжүүлэхэд Мэдээлэл Холбооны сүлжээ, Монгол шуудан, Монголын Цахилгаан Холбоо компаниудын дэд бүтэц дээр түшиглэн сумын холбооны салбараар операторын үүргийг гүйцэтгүүлэх бүрэн боломжтой. Энэ тохиолдолд салбар сүлжээний дэд бүтэц байгуулж, давхардсан хөрөнгө оруулалт шаардлагагүй, цаг алдахгүйгээс гадна сумын холбооны салбар нь батлагдсан төсвийн эх үүсвэртэй тул цахим шилжитийг үр ашигтай богино хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бий болгоно.
Монголын Цахилгаан Холбоо ХК-аас “Цахим сум” төслийг хэрэгжүүлж, иргэдэд интернетийн үйлчилгээ үзүүлж байгаагийн зэрэгцээ төрийн байгууллагуудыг шилэн кабелиар холбох ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар МЦХ ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Алтан-Очир танилцууллаа. Өнөөдөр 257 сумын ЗДТГ, 344 сумын сургууль, 260 сумын цэцэрлэг, 247 сумын эмнэлэг, 130 сумын цагдаагийн байгууллага, 95 сумын соёлын төв шилэн кабелийн сүлжээнд холбогдоод байна. МЦХ ХК-ийн хувьд төрийн байгуулагуудыг өндөр хурдны найдвартай сүлжээг нь байгуулж, шилэн кабелийн үндсэн сүлжээнд холбож өгөх, түүнчлэн төрийн байгуулагуудын сүлжээний ашиглалт, үйлчилгээг зохион байгуулж үйлчлэх бүрэн боломжтой. Цаашид төрийн цахим үйлчилгээний эрэлт хэрэгцээний дагуу тухайн сүлжээний багтаамжийг нь өргөтгөөд явах боломжтой, энэ тохиолдолд улсын төсвөөр хийгдэх төрийн байгууллага, яамдын дэд бүтцийн төслийг давхцуулахгүйгээр төрийн байгууллагууд зөвхөн төгсгөлийн төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах ажлыг хийгээд явахад хөрөнгө оруулалтын үр ашгийг бий болгож чадна. Энэ тохиолдолд төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний ашиглалтын урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Үүрэн холбооны оператор компаниудын хувьд төрийн байгууллагын цахим сүлжээг зөвхөн шилэн кабелийн сүлжээ төдийгүй 3G ба 4G технологийг ашиглан зохион байгуулах бүрэн боломжтойг Юнител группээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран газрын бүртгэлтэй холбоотой иргэдэд үзүүлэх үйлчилгээг 4G технологи ашиглан 2018 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж буй жишээ харуулж буйг тайлбарлалаа.
Мобиком корпорацийн хувьд дата төвийг анх 2002 онд Улаанбаатарт, 2015 онд Дархан-Уул аймагт байгуулж байсан бол 2018 онд олон улсын гуравдугаар зэрэглэлийн стандартыг хангасан шинэхэн дата төвийг Улаанбаатар хотод байгуулсан. Энэхүү дата төв нь өмнөх дата төвүүдийн хүчин чадлыг 4 дахин ихэсгэсэн, 1000 кг/м2 багтаамжтай, 40 зогсуур /rack/ бүхий, цахилгаан тэжээлийн бүрэн нөөцтэй, аюулгүй байдлын дөрөвдүгээр түвшний хяналтын, галын болон агааржуулалтын сайжруулсан системтэй, 24/7 ажиллагаатай юм. Түүнчлэн Мобиком корпорацийн байгуулсан улс хоорондын интернетийн сүлжээ нь ХонгКонг, Токио, Франкфурт, Нью Йорк, Лос Анжелис зэрэг хотууд дахь интернетийн үндсэн төвүүдтэй 99.9 хувийн найдвартай байдлыг хангасан шилэн кабелийн өндөр хурдны холболтоор холбогдож, өөрийн дата төвүүдийн хамт интернетийн гадаад гарцыг зохион байгуулдаг төдийгүй олон улсын интернетийн транзит урсгалыг дамжуулах, олон улсын глобал IT үйлчилгээ болон клауд системийн үйлчилгээг үзүүлж байна. Энэ нь Монгол Улсын дижитал шилжилтэнд бүрэн дэмжлэг үзүүлж, олон улсны зах зээлд нэвтрэх боломжийг олгох боломжтойг Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас нэвтрүүлж байгаа төрийн мэдээлэл солилцооны ХУР ба танилт нэвтрэлтийн ДАН систем болон цахим мэдээллийн аль ч суурь системийн баталгаажуулалтыг гар утасны мэссеж ашиглан хэрэгжүүлэхээр төлөвлөж болно. Тухайлбал хэрэглэгчийн нэр, бүртгэл, аппликэйшнд нэвтрэх гэх мэт эрхийг баталгаажуулах, цаг товлох, мэдээлэл сануулах, хэрэглэгчтэй эргэх холбоо үүсгэх, хариу үйлдэл үзүүлэх гэх мэт олон үйлдлүүдэд мэссеж ашиглах бөгөөд энэхүү үйлчилгээнд зориулж найдвартай ажиллагаа, нууцлалыг хангасан мэссежны нэгдсэн төвийг байгуулах шийдлийг үүрэн холбооны оператор компаниуд эрэлхийлэн судалж байгааг Скайтел компанийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа танилцуулав. Энэ нь цахим засаглалыг хэрэгжүүлэхэд иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, шуурхай хангах боломжийг бий болгох төдийгүй үүрэн холбооны операторуудын хувьд нэгдсэн бодлого, зохицуулалттайгаар тал бүрийн эрх ашгийг хангаж, дижитал шилжилтэнд дэмжлэг үзүүлж, эдийн засгийн үр ашгийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Хэлэлцүүлэгт танилцуулсан илтгэлүүд нь мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц, үйлчилгээ, технологийн давуу тал, боломжуудыг ойлгомжтой энгийн байдлаар зураглан харуулж, хэлэлцүүлэгт уригдсан зочид санал бодлоо илэрхийлэн, чөлөөтэй ярилцлаа.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 73 дугаар тогтоолоор Цахим засаглалын үндэсний хөтөлбөрийг баталж, энэ оны 10 дугаар сар гэхэд төрийн цахим үйлчилгээг операторын горимд шилжүүлэхээр шийдвэрлсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр ЗГХЭГ болон Цахим бодлогын түр хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тиймээс энэ ажлыг үр дүнтэй, оновчтой, шуурхай хэрэгжүүлэхэд мэдээлэл холбооны операторууд та бүхний санал санаачлага, дэмжлэг чухал гэж үзэж, өнөөдрийн хэлэлцүүлэгт ач холбогдол өгч байна. Өнөөдрийн танилцуулга, саналаа ажлын хэсэгт танилцуулах, бодит ажил хэрэг болгох, ажлын хэсгийн хүрээнд хийгдэх шийдэл, зохион байгуулалтын арга хэмжээтэй уялдуулах хэрэгтэй. Энэ талаар санаачлагатай ажиллахыг та бүхнээс хүсч байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.