Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциациас ээлжит “Өглөөний зочин” уулзалт, хэлэлцүүлгээ Туушин зочид буудлын хурлын танхимд 2019 оны 6 сарын 12-ны зохион байгууллаа.
Зочноор Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Х.Нинжболор уригдаж, Мэдээлэл, харилцаа холбооны салбарт нэгдсэн тусгай зөвшөөрлийг нэвтрүүлж байгаа олон улсын чиг хандлагын талаар ярилцаж, Монгол Улсын Засгийн газраас болон С.Бямбацогт нарын УИХ-ын гишүүдээс УИХ-д өргөн барьсан Зөвшөөрлийн тухай хууль олон улсын чиг хандлагатай хэрхэн нийцэж байгаа талаар ярилцлаа.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарт либеральчлал эрчимтэй нэвтэрсэн 1990-ээд оны эхэн үеэс технологи, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг үйлчилгээ тус бүрээр, сонгон шалгаруулах зарчмаар, хатуу нөхцөл шаардлагатай тусгай зөвшөөрөл олгох зарчим үйлчилж байсан бол либеральчлал гүнзгийрэхийн хирээр технологийн хөгжил шинэ шинэ нэр төрлийн үйлчилгээнүүдийг бий болгож, үүнтэй нийцүүлэн тусгай зөвшөөрлийг ангилан олгож, тухайн ангилалд нь тохирсон нөхцөл шаардлагуудыг тогтоодог класс лицензийн хэлбэрт шилжсэн. Энэ тогтолцоонд тусгай зөвшөөрлийн ерөнхий шаардлага, олгох процесс нь ил тод, ялгаваргүй байх ёстой гэсэн зарчмыг баримтладаг бөгөөд дийлэнхи улс орнууд энэ аргыг ашиглаж байна.
Монгол Улсын хувьд ч сүлжээ ба үйлчилгээ гэсэн төрлөөр ангилж, класс лицензийг олгодог. Технологийн хурдтай өөрчлөлт нь зөвхөн технологийн төдийгүй төрөл бүрийн үйлчилгээний нэгдэн нийлэлтийг бий болгож, бизнес модель маш хурдтай өөрчлөгдөхөд хүргэж байна. Ийм тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох процессийг хөнгөвчлөх, илүү уян хатан болгох, технологи, үйлчилгээгээр нь салган авч үзэх боломжгүй болж байгаатай холбоотойгоор ижил төсөөтэй бизнеснүүдийг нэгтгэсэн нэгдсэн тусгай зөвшөөрлийн тогтолцоонд шилжих нь зохистой гэсэн санаа олон улсын түвшинд яригдаж, зарим улс орнууд хэрэгжүүлээд эхэлсэн. Гэвч нэгдсэн тусгай зөвшөөрлийн тогтолцоог нэвтрүүлэхэд энэ асар хурдтай технологийн болон бизнесийн хурдыг гүйцэх бараг боломжгүй болж байгаа нь шинэ сорил, бэрхшээл болж байгаа бөгөөд одоогоор улс орнуудын 20 хурэхгүй хувь нь энэ тогтолцоог нэвтрүүлээд байгаа юм байна.
Гэтэл УИХ-д өргөн баригдаад байгаа Зөвшөөрлийн хуулиар тусгай зөвшөөрлийн нэр төрлөөр нь хууль болгон баталж, нэмэлт, өөрчлөлт орох бүрд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах болж байгаа нь салбарын хөгжлийн онцлогоос хамааран бизнес модельуд нь хурдан хувирч өөрчлөгдөж байдаг, бүрэн либеральчлагдсан мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд бизнес эрхлэгчдэд хүндрэл учирч мэдэх эрсдэлтэйг уулзалтанд оролцогсод онцолж байв. Түүнчлэн шинэ хуулинд тусгай зөвшөөрлийн хугацааг богиносгож байгаа нь өндөр хөрөнгө оруулалт шаарддаг бизнесийн хувьд эрсдэлд оруулах магадлалтай болж байна.
Шинэ хуулийн төсөлд тодорхой төрлийн зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагаанд эсхүл тухай жилд олгох зөвшөөрлийн тоо хэмжээнд хязгаарлалт тогтоох асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр тусгасан нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих Засгийн газрын хяналтыг улам бүр гүнзгийрүүлэхийн зэрэгцээ ингэж хяналт тавих ажиллагаа илүү төвлөрсөн болох нь чирэгдэл ихтэй, уян хатан биш, удаан болно гэж үзэж байгаа талаар уулзалтанд оролцогсод санал солилцлоо.