2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан “Өглөөний уулзалт, ярилцлага”-ын зочиноор МХТС-ийн багш, зөвлөх, эксперт Б.Тунгалаг уригдаж, Цахим шилжилт ба цахим эдийн засгийн бодлого, олон улсын туршлага сэдвээр ярилцлаа. Зөвлөх Б.Тунгалаг “Цахим засгийн газар ба цахим шилжилтийн бодлого, туршлага, иргэдийн цахим ур чадвар, цахим бодлогын хэрэгжилт зэрэг өргөн хүрээг хамарсан илтгэл танилцуулж, уулзалтанд оролцогсодтой санал бодлоо солилцлоо.
Цахим шилжилтэд тэргүүлж буй улс орнууд болох БНСУ, Эстони, Сингапур, АНУ, Австрали, Канад, Европын холбоо болон Индонез, Өмнөд Африк зэрэг улс орнуудын төрөөс баримталсан бодлого, туршлагаас харахад юуны түрүүнд цахим шилжилтийн бодлогын хүрээ, үе шат, зорилго, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлдог байна. Тэгэхдээ цахим орчны архитектурын төлөвлөлт, стандарт, техникийн шаардлагууд, оролцогчдын үүрэг, хөрөнгө оруулалтын хэмжээ, хэлбэр, үйлчилгээн дэх шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлүүдийг тодорхойлдог. Харин бодлогыг хэрэгжүүлэхэд оролцогч бүх талуудын уялдаа холбоог хангах нэгдсэн удирдлагатай байх, бодлогын үе шат болгонд хэрэгжилтийн үнэлгээг хийж байх, цахим тогтолцооны архитектур, сүлжээний дизайн, стандартыг мөрдүүлэх зэрэг асуудлууд чухлаар тавигддаг байна.
Цахим шилжилтийн суурь нь найдвартай, өргөн хүртээмжтэй сүлжээг бий болгож, холболтын тэгш боломжийг бий болгох гэж үзэж, улс орон болгон мэдээлэл холбооны үндсэн сүлжээг хөгжүүлэхийг хамгийн нэн тэргүүний зорилтоо болгосон байдаг байна.
Цахим шилжилт хийхэд “хүн бүрийг цахим боловсролыг эзэмшүүлэх” буюу иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх нь амин чухал асуудлын нэг хэмээн авч үздэг байна.
Уулзалтанд оролцогсод дээрх асуудлаар санал бодлоо солилцож, цахим шилжилт хийхэд манай орны хувьд өнөөгийн түвшингээ тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, үүн дээр үндэслэн бодлогоо шинэчлэн тодорхойлох, сайн туршлага бүхий бусад орнуудын жишгийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллах ёстойг цохон тэмдэглэж байв.