Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлогын судалгаатай танилцлаа

МХОА-аас Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын тулгамдсан асуудлаар "Зочин" урьж оролцуулсан уулзалт ярилцлага, хэлэлцүүлгийг гишүүдийнхээ дунд тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү уулзалт ярилцлагын анхны хэлэлцүүлэгийг 2019 оны 5 дугаар  сарын 15-ны өдөр Blue Sky  Зочид буудлын Топаз танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн зочноор судлаач Ж.Баатархүү /зөвлөх инженер, доктор PhD/ уригдаж, Үндэсний хөгжлийн газрын захиалгаар хийсэн Харилцаа холбоо мэдээллийн технологийн хөгжлийн судалгаагаа танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчидтой санал бодлоо солилцож, нээлттэй ярилцлаа.

Тэрээр тус судалгаагаа маш богино хугацаанд хийснийг онцлон тэмдэглээд, мэдээлэл холбооны хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлын статистик үзүүүлэлтүүд, хууль эрх зүйн орчин гэсэн үндсэн хоёр чиглэлээр хийсэн тухайгаа ярьж байв..

Судалгаа нь агуулга, ач холбогдлын хувьд мэдээлэл, харилцаа холбооны салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон учир шалтгааныг илрүүлж, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бодлогын судалгаа болсон бөгөөд нөхцөл байдлын шинжилгээний үр дүнд үндэслэн орон зайн байршил, анализ төлөвлөлтийн зураглал болон тодорхой дүгнэлт, зөвлөмжүүдийг гаргасан байна.

Судалгаанд салбарын Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн гишүүд эрдэмтэд болон холбогдох байгууллага, мэргэжилтний санал, зөвлөмжийг авч тусгасан байна.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, хөтөлбөрийг шинэчлэх, шинээр боловсруулахад үндэслэл, суурь баримт бичиг болгон ашиглагдах юм байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид уг судалгааны ач холбогдлыг онцлон, зарим статистик болон дүгнэлтийг гүнзгийрүүлэн цааш судлах, салбарын хөгжлийн үндсэн үзүүлэлтүүдийг нягтлан авч үзэж шинэчлэх, энэ чиглэлээр Статистикийн Үндэсний төвтэй хамтран ажиллах ёстойг тэмдэглэн хэлж байв.

Хэлэлцүүлэгт ассоциацийн гишүүдээс гадна ХХЗХ-ны МХХ-ны технологи, зохицуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир, Зах зээлийн судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Д.Ариунболд болон бусад холбогдох мэргэжилтнүүд нь оролцлоо.