Шилэн кабелийн инженерүүдийн ажил мэргэжлийн уралдаан тэмцээн  амжилттай болж өндөрлөлөө

Мэдээлэл холбооны Операторуудын ассоциаци болон Скайнэтворкс ХХК -ийн санаачилгаар шилэн кабелийн сүлжээ эрхлэж буй компаниудын дунд “Шилэн кабелийн инженерүүдийн ажил мэргэжлийн уралдаан” хоердугаар нээлттэй тэмцээн 2019 оны 5-р сарын 03-ны өдөр МҮЭСТО Тэмүүжин спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Тэмцээнд Монголын Цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Скайнэтворкс ХХК, Мобиком Корпораци ХХК, Мобиком нэтворкс ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Юнивишн ХХК, Төрийн мэдээлэл холбооны газар, Жемнэт ХХК, ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн сургууль, зэрэг байгуулагуудын шилэн кабелийн инженерүүдээс бүрдсэн нийт 15 баг оролцож өрсөлдөв. Тэмцээний шалгуурын эхний шат нь мэргэжлийн түвшний асуулт хариулт бүхий онолын тест бөглөх хэсэг байсан бол хоёрдугаар шатанд шилэн кабелийн залгаа хийх сорил байлаа.

Мэдээлэл, харилцаа холбооны операторууд сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад өндөр өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг байгуулахад чиглэсэн 1.2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээр нийтдээ 38 мянга гаруй км шилэн кабель, 340 гаруй сум, суурин газарт байгуулсан хөдөлгөөнт холбооны 3G, 4G станцууд, 180 гаруй мянган өрхийг хамарсан гурвалсан технологийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсын 2.5 сая орчим хэрэглэгчид 108.5Гбит/с орчим хурдаар гадаад улс, оронтой интернэт сүлжээгээр мэдээлэл солилцож байна.

Энэхүү сүлжээг барьж байгуулах, ажиллагааны тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахаар нийт 1855 инженер, техникийн ажилтнууд ажиллдадаг.

Тэмцээний үндсэн зорилго нь эдгээр инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, мэдлэг, туршлагаа харилцан солилцох, хамтдаа хөгжихэд оршиж байгаа юм. Үүний зэрэгцээ шилэн кабелийн угсралт, суурилуулалтын стандартыг мөрдөх технологийн ур чадварыг эзэмшүүлж, мэргэшүүлэх дадлага сургуулилт болох юм.

Тус уралдааны тэргүүн байранд Скайнэтворкс  ХХК-ийн баг, дэд байранд  Мобиком Корпорацийн баг, гуравдугаар байранд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн баг тус тус шалгарчээ.

Энэхүү уралдааныг анх 2016 онд Скайнэтворкс ХХК санаачилан зохион байгуулж байсан бөгөөд цаашдаа Мэдээлэл холбооны Операторуудын ассоциаци нь уламжлал болгон харилцаа холбооны технологийн төрөл бүрээр хийхээр төлөвлөж байна.