Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгууллаа

Монгол Улсын харилцаа холбооны салбарын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын нийтлэг эрх ашгийг нэгтгэн илэрхийлэх зорилгоор Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо (МНХ)-г үүсгэн байгуулах анхдугаар Их хурал өнөөдөр (2026.10.19) амжилттай зохион байгуулагдлаа.

Тус холбоог дараах таван байгууллагын санаачилгаар үүсгэн байгуулсан юм. Үүнд:

• Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци

• Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний ассоциаци

• Монголын олон суваг дамжуулагчдын холбоо

• Мэдээлэл холбооны дэд бүтэц, угсралтын ажил эрхлэгчдийн холбоо

• Монголын оюуны өмч хамгаалах холбоо

Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдсанаар салбарын байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, гишүүдийн нийтлэг эрх ашгийг нэгдсэн байдлаар төлөөлөн хамгаалах боломж бүрдэж байна. Түүнчлэн салбарын бодлого, хууль тогтоомж, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, байр суурийг нэгтгэн илэрхийлэх, технологийн хөгжил, инновац болон хүний нөөцийн чадавхыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм.

Анхдугаар Их хурлаар холбооны дүрмийн төслийг хэлэлцэн баталж, удирдах болон хяналтын бүтцийг бүрдүүлэн, холбооны ерөнхийлөгчийг сонгож, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойллоо.