Эрчим хүчний тариф 2023 онд нэмэгдэхэд мэдээлэл харилцаа холбооны салбарыг уул уурхай, крифто валюттай нэг ангилалд оруулснаар оператор компаниудын цахилгааны үнэ огцом нэмэгдсэн, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хэрэглэж байгаа эцсийн төхөөрөмж дээр цахилгааны ухаалаг тоолуур тавих шаардлагыг компаниуд руу удаа дараа хүргүүлж буй асуудлуудаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуунтай уулзаж, санал солилцлоо.
Тус уулзалтыг ХХЗХ-ноос санаачлан зохион байгуулсан бөгөөд уулзалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, ЗБХГ-ын дарга Т.Батболд, ХХСДБХ-ийн дарга Х.Нинжболор, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, “Скайтел” компанийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн болон бусад гишүүн компанийн стратеги, хууль бодлого зохицуулалтын газрын захирлуудын нийт 20 гаруй хүн оролцлоо.
Эрчим хүчний ангиллыг өөрчилснөөр харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын зардал өмнөх онтой харьцуулахад 57 хувь буюу 1,3 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн судалгааг танилцуулж, тус ангиллыг өөрчлөх боломжтой эсэхийг ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуунаас тодруулахад өсөлттэй эсэх тоо баримт, судалгаанд үндэслэн Харилцаа холбооны салбар гэсэн тусдаа ангилал үүсгэн өөрчлөх боломжтой гэсэн хариулт өгөв.
Түүнчлэн одоо ашиглаж, тогтмол чадлаар ажиллаж байгаа 50,000 төхөөрөмж дээр нэмж тоолуур тавина гэдэг нь үргүй зардал болох учраас тоолуургүйгээр асуудлыг хэрхэн шийдэж болох талаар нь судлаж үзэн дахин уулзалдахаар болов. Нэг дор бүгдийг солих нь төлөвлөөгүй гэнэтийн их зардал гарах тул шат дараатай шинэчлэх, дундын төхөөрөмж тавих зэрэг шийдэл байж болох юм гэсэн шийдэл гарсан. Уулзалтын төгсгөлд хамтарсан ажлын хэсэг байгуулан, компани тус бүр мэдээллээ гаргаж өгч дахин уулзалдахаар боллоо.