МУ-ын их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал шийдэл" хэлэлцүүлэг МҮХАҮТ-д 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр болж өнгөрлөө.
Тус хэлэлцүүлэгт Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүд болон соёл боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, харилцаа холбооны салбарын 20 гаруй төлөөлөл оролцож, зөвшөөрлийн тухай хууль болон түүнийг дагасан хууль, журмыг хэрэгжлүүлэхэд тулгарч буй асуудал, шийдлийн эргэн тойронд санал солилцов.
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир “Харилцаа холбооны оператор компаниудын хувьд технологийн үсрэнгүй хөгжил, хурдацтай өөрчлөлтийг дагаад өндөр үнээр хөрөнгө оруулалтууд хийдэг ч үр ашгаа өгөхөд тусгай зөвшөөрлийн хугацаа чухлаар тавигддаг. 5 жилээр тусгай зөвшөөрлийн хугацааг тодорхойлж байгаа нь хугацааны бодлогыг алдагдуулсан, бизнесийн орчныг дордуулсан өөрчлөлт болсон гэж бодож байна. Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж орсон хуулийн өөрчлөлтүүдийг дахин харж үзэх хэрэгтэй. Түүнчлэн банк санхүү, харилцаа холбооны салбар нь илүү либеральчлагдсан, технологи өөрчлөгдөхийн хэрээр бизнес модель өөрчлөгддөг учраас үүнийг дагаад тусгай зөвшөөрлийн ангилал өөрчлөгддөг байх, түүнчлэн тусгай зөвшөөрлийн тоог багасгах гэхээсээ илүү өөрчилж, хөрвөдөг байх нь илүү хэрэгцээтэй байна” гэсэн бол, тусгай зөвшөөрлийн хугацаа заасан хэсгүүд нь бусад хууль журам, Зөвшөөрлийн зөвлөлөөр орохоор өөрөөр ойлгогдохоор байгаа учраас хугацааны асуудлыг илүү тодорхой болгох нь чухал тухай Мобиком компанийн Хууль эрх зүй, зохицуулалтын албаны захирал Ч.Буянтогтох саналаа нэмж илэрхийллээ. Тус уулзалтад хэлэлцсэн саналыг гишүүд дотроо нэгтгэж, бичгээр хүргүүлэхээр боллоо.