Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадамжийг сайжруулах, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл дэх шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дагуу энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ хүрээнд хуулийн төслийн боловсруулалтыг сайжруулах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, гарааны бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, инженер, технологийн ажилтнуудын дуу хоолойг сонсох, тэдний саналыг авах зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлэн, цахим шилжилтийн ач холбогдлыг үнэлэн, хөгжлийг хурдасгах үйл хэрэгт хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн оролцоо, ач холбогдлыг онцоллоо.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан зарчмын шинжтэй гол зохицуулалт нь:
1. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ.
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно.
3. Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна.
4. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно.
5. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.
6. Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: https://itoim.mn/a/2024/05/14/society/xmy