Цахилгаан эрчим хүчний үнийн нэмэгдэл, Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас IPTV үйлчилгээ эрхлэгч компаниудад сүлжээний MDU төхөөрөмжийг тоолууртай болгох, тоолуурын заалтаар цахилгааны төлбөр тооцоог баталгаажуулах шаардлагыг удаа дараа ирүүлж байгаа асуудлаар МХОА-ийн гишүүн байгууллагын хуулийн хэлтэс болон орон нутгийн сүлжээ хариуцсан газар техникийн инженерүүдийн нийт 21 хүн уулзаж, санал солилцлоо. Мөн ХХЗХ-ноос Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц, хөгжлийн хэлтсийн дарга Х.Нинжболор, ахлах мэргэжилтэн М.Эрдэнэцэцэг, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх хэлтсийн дарга А.Уранчимэг нар хүрэлцэн ирж санал солилцов.
Хэрэв эдгээр MDU төхөөрөмжийг цахилгаан тоолуурт холбовол тоолуур худалдан авах, баталгаажуулах, холболт хийх ажлын хөлс, цахилгааны кабель, нэмэлт самбар зэрэг үргүй зардал компани тус бүрээс гарна. Цаашид сүлжээ нэвтэрсэн байрны төхөөрөмжийн тоо нэмэгдэхийн хэрээр энэ зардал нэмэгдэнэ гэж үзэж байна. Ухаалаг тоолуурын нэг бүрийн үнэ 280,000-320,000 мянган төгрөгийн өртөгтэй гэж тооцвол зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 10,000 гаруй орц байна гэсэн урьдчилсан тооцоо байгааг хэлж байв. Одоо үйлчилгээнд ашиглаж байгаа MDU төхөөрөмж нь 1 цагт дунджаар тогтмол 15 ватт тог зарцуулдаг бөгөөд энэ маш бага цахилгаан зарцуулж байгаа гэсэн үг юм. Иймээс одоо байгаа төхөөрөмжийг тоолууржуулах ямар ч шаардлагагүй гэж үзэж байгаагаа компаниуд илэрхийллээ. Түүнчлэн энэ мэтчилэн шаардлага ирээд байвал үнэ нэмэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг ч хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци хамтран Эрчим хүчний зохицуулах хороонд тус MDU төхөөрөмж тоолууржуулах асуудлаар болон тэгш бус үнийн тарифтай холбоотой асуудлаар уулзалт зохион байгуулах, албан бичгээр нэгдсэн саналаа хүргүүлэхээр тохиролцлоо.