Бид оны эхний ээлжит өглөөний уулзалтаараа Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд өгөх санал болон Улаанбаатар хотын захирагчийн албанаас ирүүлсэн "Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, кабель шугамын ашиглалт үйлчилгээний журам"-ын төсөлд өгөх саналаа нэгтгэж ярилцлаа. Тус уулзалтанд МХОА-ийн гишүүн байгууллагуудын хуулийн болон техникийн газрын дарга, инженерүүдийн төлөөлөл нийт 23 хүн оролцов. "Мэдээлэл холбооны сүлжээ" компанийн Гүйцэтгэл чанарын хэлтэс ерөнхий инженер Н.Наранбаатар хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын захирагчийн албатай хамтран хийж гүйцэтгэх гэж буй ажлын урьдчилсан төлөвлөгөөгөө танилцуулав.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагууд газар доогуур худаг, сувагчлал байгаа газруудад сувагчлалаар шилэн кабелиа татаж, сувагчлал нь гэмтэлтэй болон огт сувагчлал байхгүй газруудад гэрэлтүүлгийн шон ашиглаж /агаараар/ кабель татаж тухайн бүс нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү дэд бүтцэд олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоогоор Улаанбаатар хотын захын дүүрэг, гэр хорооллын бүсэд үйлчилгээ үзүүлэх хамгийн боломжит хувилбар нь энэ юм. Хэрэв гэрэлтүүлгийн шонгоор холбоо мэдээллийн кабель явуулахыг шууд хоригловол энэ журам батлагдсан өдрөөс эхлэн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчид бидний тухайн үед дүүргүүдтэй гэрээ байгуулан зөвшөөрөл авч байгуулсан дэд бүтэц эрсдэлд орох, хэрэглэгчид тасралтгүй найдвартай үйлчилгээ үзүүлэх чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх, тухайн бүс нутгийн хэрэглэгч харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ авч чадахгүйд хүрэх эрсдэл үүсэж байна гэдгийг холбооны гишүүд санал нэгтэйгээр хэлж байв.
Түүнчлэн харилцаа холбооны чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч компаниуд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх гэмтэлтэй худаг, сувагчлалаа засварлаж хэвийн болгосон, шинээр сувагчлал татсан нутаг дэвсгэрт кабелийг сувагчлалаар татах чиглэлээр хамтран ажиллаж байна. Тиймээс МХС ТӨХК-иас шинээр сувагчлал татсан нутаг дэвсгэрт агаараар татсан кабелийг үе шаттайгаар сувагчлалд шилжүүлэх чиглэлээр уг журамд тодорхой заалтууд нэмэх саналтай байгаагаа онцлов.
Уулзалтын төгсгөлд хуулинд болон журмын төсөлд өгөх саналаа компани бүр нэгтгэн ирүүлэх, ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.