МЭДЭГДЭЛ

Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци нь үүрэн холбооны оператор компаниудыг гишүүнчлэлдээ багтаасан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй гишүүн байгууллагуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага юм.

Бид 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ондо ХХК-ын ТУЗ-ын дарга Ч.Анар, Гүйцэтгэх захирал Б.Мандуул нарын хэвлэлийн хурлаар дурдсан агуулгатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Үүрэн холбооны оператор компаниудын шүүхийн маргаан нь анх Харилцаа холбооны зохицуулах хорооноос ярианы үйлчилгээний тусгай зөвшөөрлийг “үүрэн холбооны үйлчилгээ”, “суурин холбооны үйлчилгээ”, “сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ” гэсэн гурван төрлөөр л олгодог байтал Ондо ХХК-д энэ ангилалд байхгүй “тусгай нэршил”-ээр “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” гэсэн тусгай зөвшөөрөл өгснөөс үүдэлтэй бөгөөд энэ шүүхийн маргаан Захиргааны хэргийн шүүхэд үргэлжилж байна.

Гэтэл Ондо ХХК-аас тусгай зөвшөөрөлтэй холбоотой шүүхийн маргаан нь эцэслэн шийдэгдээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр албажиж гараагүй байх энэ үед “харилцааны холбооны бүхий л компаниуд картель үүсгэн хавчин боогдуулсан, шинэ компанийг салбарт оруулахгүй үгсэн хуйвалддаг”, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлахуйц, хангалтгүй техник технологи хэрэглэдэг” зэрэг маш ноцтой мэдэгдэл хийж,  манай гишүүн байгууллагууд төдийгүй 20 жилийн түүхтэй   харилцаа холбооны салбарын нэр хүндэд халдаж буйд харамсаж байна.

Оператор компаниудын хувьд харилцаа холбооны салбарын хууль, тогтоомж, журмын хэрэгжилтийг зохих ёсоор шаардах зорилгоор Монгол улсын шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлж буйг тухайлсан компанийн хувийн эрх ашгийн төлөө ашиглан, салбарын нэр хүндэд ноцтойгоор халдсан мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлж буй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

 

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ОПЕРАТОРУУДЫН АССОЦИАЦИ