Бидний дараагийн сонгосон сэдэв бол "Цахим хөгжлийн хурдасгахад харилцаа холбооны дэд бүтцийн боломж" байв. Тус сэдвийн хүрээнд “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн Стратеги, санхүү төлөвлөлтийн газрын захирал Ц.Одхүү илтгэл тавьж, панел хэлэлцүүлэгт Мобиком, Юнител, Скайтел, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Гүйцэтгэх захирлууд оролцож, ЦХХХ-ны сайдын зөвлөх Ч.Золбаяр модератор хийж, тун сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.
“Монгол Улсад 48644 км шилэн кабелийн сүлжээгээр 350.5 ГБит хэмжээний өндөр хурдны интернетийн урсгал урсч байна. Бүх сум суурин газарт үүрэн холбооны 3G, 4G нэвтэрч, 4.8 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Цахим хөгжлийг айл бүрт, гар утас бүр дээр авчрах боломж, суурийг бий болгосон. Интернет, гар утасгүйгээр хүн бүрийн амьдрал төсөөлшгүй болсон. Монголын таван хүн тутмын дөрөв нь интернэт сүлжээ ашиглаж байна. Манай улсад интернэтийн сүлжээ нэвтэрснээс хойш 25 жилийн хугацаанд нийт хатуу хучилттай авто замын урт 9,000 километр гээд тооцоход түүнээс хоёр дахин урт үргэлжлэх шилэн кабелаар эх орныхоо өнцөг булан бүрт хамгийн өндөр хурдны сүлжээг бий болгожээ зэрэг сонирхолтой тоо баримт, мэдээллийг хуваалцсан юм.
“Харилцаа холбооны үйлчилгээ орон зайнаас үл хамаарсан үнэ тарифыг нэвтрүүлсэн. Дэлхийн хамгийн хямд үнэтэй улс орны жагсаалтанд Монгол улс 2022 оны байдлаар 12-д жагсаж байна. Үүнийг үнэтэй мэтээр ойлгож байгаа нь манай салбарынхны буруу биш, хэрэглэгчдийн амьдралын чадвар орлогын хэмжээнээс хамаарч байгаа асуудал юм. Энэ салбарын 78 хувийн орлогыг бүрдүүлж, ихэнх ачааллыг нуруундаа үүрч байгаа оператор компаниуд маань хойшдоо ч гэсэн өөрсдийн бий болгосон энэхүү сүлжээний асар том боломжийг иргэддээ, мөн мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг дэлхий рүү нээж өгөхийн тулд дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлье” гэж МХОА-ийн Ерөнхийлөгч, Мэдээлэл холбооны сүлжээ компани Б.Мөнхбат захирал онцгойлон хэлж байсан.
“Орчин үед интернэтийн сүлжээ дагаж хөгжил ирдэг болж байна. Өөрөөр хэлбэл, интернэтэд холбогдсон айл, сум, баг, тосгоны хөгжлийг дагаад эдийн засаг, нийгмийн хөгжил ч илүү хурдсаж байна. Төрийн үйлчилгээ цахимжаад хэрэглэгчийн гар утсанд ирдэг боллоо. Дэд бүтэц, интернэтийн сүлжээнд тулгуурлаад шинэ үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх боломж нээгдсэн. Старт-ап компаниуд шинээр төрөн гарч байна. Такси дуудлага, хоол хүргэлт зэрэг хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд чухал үйлчилгээнүүд бий болоод байна" гэж Юнител групп компанийн Гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав хэллээ.
Харин Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Ч.Золбаяр "Өмнө нь интернэт хэрэглэнэ гэдэг нь тансаг хэрэглээ байсан. Харин одоо бол интернэт аль хэдийн хүн төрөлхтөний салшгүй хэрэгцээ болон хөгжсөн байна. Энэ нь цаашид аливаа мэдээллийн технологийг ашигласан шинэ бизнесийг гаргаж ирэх үндэс суурь болж байгаа юм" гэсэн юм.
Харин "Скайтел" группийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн "Нэг айл дунджаар интернэтэд холбоотой 5-9 төхөөрөмж хэрэглэж байна. Өрхийн хэрэглээний төхөөрөмжүүд олон төрлөөр хөгжиж, илүү ухаалаг болж байна. Дэлгүүрээс 64 нэр төрлийн өрхийн хэрэглээний ухаалаг төхөөрөмж авч болно. Цаашид ухаалаг төхөөрөмжийн хэрэгцээ улам илүү нэмэгдэнэ. Гэхдээ асар хурдтай технологио дагаад л хөгжихөөс өөр гарц бидэнд үгүй. Энэ жил 5G технологи нэвтэрнэ" гэсэн мэдээллийг өгсөн.