Ассоциацийн дүрэмд зааснаар гишүүн байгууллагууд хамтдаа хөгжих уриан дор өөрсдийн хийж хэрэгжүүлсэн сайн туршлагаа хоорондоо хуваалцдаг бөгөөд 2019 онд Мобиком корпорациар зочилж, чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг хэрхэн хэрэгжүүлсэн амжилтаасаа хуваалцаж байсан билээ.
Энэ жилийн хувьд Юнител групп өөрсдийн сайн туршлагаа хуваалцах санаачлага гарган, 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Централ тауэр дахь оффистоо биднийг урьсан юм. Ассоциацийн гишүүдийн маркетинг, хүний нөөц, захиргааны газрын дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн 28 хүн зочилж, туршлага судлав.
Дэлхий дахинаа Ковид-19 цар тахал нүүрлэж, хүн төрөлхтөнд хэрхэн зөв зохион байгуулалттай ажиллах, зайнаас ажиллах, ажлын цагийг уян хатан байлгах чиглэлээр менежмент хийх шаардлагатай болсныг ойлгуулж, бизнес эрхлэгч бүр дотоод үйл ажиллагааны зарчим, менежментийг өөрчлөн шинэ норм тогтоох болсон. Юнител компани дэлхий нийтийн энэхүү чиг хандлагатай хөл нийлүүлэн ажлын байрны уян хатан зохицуулалтыг хийж, 2000 гаруй ажилчдынхаа цагийн менежментэд туслах, гэр бүлтэйгээ илүү ойр байх боломжийг хангах зорилгоор Улаанбаатар хотын 4 зүгт офисоо тараан байршуулж, гэртээ эсвэл хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт ойрхон оффисыг сонгож 7 хоногийн тодорхой өдрүүдэд тэдгээр оффист ажиллах сонголтыг бий болгосон байна. Түүнчлэн нээлттэй оффисын зохион байгуулалтад шилжиж, зай талбайн оновчтой зохион байгуулалт хийсэн нь олон уулзалтуудыг зэрэг хийх боломжтой цомхон уулзалтын өрөөнүүд, бусаддаа саад болохгүйгээр утсаар ярих эсвэл ганцаараа төвлөрөн ажиллах боломжийг хангасан жижиг өрөөнүүд, ажиллагсдын хувцасны өрөө, гал тогооны хэсэг, хүүхдийн хүлээлгийн өрөө, хэсэг амарч тоглох булан гэх мэт деталь бүрт анхаарал хандуулсан нь харагдаж байв. Ажиллагсадын тав тухыг хангах агааржуулалтын систем, өнгө үзэмж, тавилгын сонголтыг ч гайхалтай зохион байгуулсан байв. Бас нэг анхаарал татсан асуудал бол принтер, сканнер, хувилагч төдийгүй үдээсний машин гэх мэт оффисийн хэрэгслийг дундын болгосон нь жижиг зүйл мэт санагдавч санаанд оромгүй зардлын хэмнэлтийг бий болгосон байна. Ийнхүү ажлын байрны шинэ орчин, хэвшил хамт олны уур амьсгалд ч сайнаар нөлөөлж, ажиллагсад сэтгэл хангалуун байгаа нь сонирхолтой санагдав.
Түүнчлэн “Shine on” шинэ жилийн баярын арга хэмжээгээ оффистоо тэмдэглэж хэмнэсэн төсвөө бүх ажилчиддаа бонус хэлбэрээр олгосон нь хүн бүрийн хувьд орлого зарлагын баланс алдагддаг 12 сарыг илүү зардал гаргалгүйгээр, харин ч “бонус”-ын орлоготойгоор шинэ жилийн арга хэмжээг нүсэр биш, энгийн, шинэлэг байдлаар тэмдэглэж, ажиллагсад нь сэтгэл ханамжтай байсныг онцолж байсан.
Ирсэн зочид “сайн” туршлагаасаа хуваалцсан “Юнител” группийн хамт олонд талархаж, зарим нэг санаачлагыг компани дотроо хэрэгжүүлнэ гэдгээ ч илэрхийлээд амжсан.