ХХЗХ-ноос цахим хог хаягдлын менежментийн талаарх судалгааны үр дүнг танилцуулах өглөөний уулзалтыг 2022 оны 12 сарын 2-нд зохион байгуулж, МХОА-ийн гишүүн байгууллагын төлөөлөл 11 хүн оролцлоо. Тус уулзалтаар ХХЗХ-ны Технологи Хөгжлийн Төвийн ахлах мэргэжилтэн Н.Цэнд-Аюуш цахим хог хаягдлын менежментийн олон улсын чиг хандлага болон эрхзүйн орчин, ОУЦХБ-аас өгч байгаа зөвлөмжүүд, Монгол улсын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, цахим хог хаягдлын менежментийн талаар судалгааны үр дүн, тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Судалгааг 98 тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс surveymonkey программын тусламжтайгаар авсан бөгөөд судалгаанд оролцогсдын 60.76% нь хог хаягдлаа ангилдаг, 45.57% нь цахим хог хаягдалдаа менежмент хийдэг, 79.22% нь цахим хог хаягдлыг зохицуулах дотоод журам байдаггүй, 90.79% нь ОУЦХБ-аас гаргасан ямар нэг зөвлөмж зааврыг ашигладаггүй, 64.94% нь хэрэгцээгүй болсон тоног төхөөрөмжийг хадгалах агуулахтай, 91.03% нь хамтран ажилладаг вендор компаниудад хугацаа дууссан тоног төхөөрөмжийг буцааж өгдөггүй гэсэн хариултыг өгсөн байна.
Компаниуд аюултай хог хаягдлын нэгдсэн бүртгэл хөтлөх, үнэлгээг хийдэг байх, энэ үйл ажиллагаанд оролцогч талуудыг тодорхой болгох нь чухал гэдгийг хэлж байлаа.
Судалгааны үр дүнд салбар дотроо хийх ажлаа төлөвлөх, Цахим хог хаягдлыг дотор нь нарийвчлан ангилах, ОУЦХБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу Еxtеndеd Producеr Responsibility буюу ERP системийг хэрэгжүүлэх боломжийг судлах, холбогдох стандартуудыг боловсруулж гаргах, бодлогын түвшинд цахим хог хаягдлын хyyль эрх зүйн орчинг бий болгох талаар ажиллах, татвараас чөлөөлөх, оператор компаниудтай вендор компаниудын хийдэг худалдан авалтын гэрээнд хугацаа дууссан тоног төхөөрөмжийг буцааж явуулахаар хуулинд тусгуулах (энэ талаар БОАЖЯ-нд хандах), ажлын хэсэг байгуулж цахим хог хаягдлыг дахин боловсруулах компаниудтай хамтран ажиллах, туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх, ХХЗХ-ноос сургалт, мэдээллийн ажил хийх шаардлагатай зэрэг санал гарав.
2023 онд ХХЗХ-ноос Цахим хог хаягдлын ангиллын судалгааг хийх, дээрх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх, энэ чиглэлээр ассоциаци хамтран ажиллахаар тохиров.