Орон сууц ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөхтэй холбоотой асуудлаар МХОА-иас ээлжит өглөөний уулзалтыг 2022 оны 3 сарын 2-ны өдөр зохион байгууллаа.Тус уулзалтанд МХОА-ийн гишүүн байгууллагын техникийн болон хуулийн албаны дарга мэргэжилтнүүдээс гадна ХХЗХ-ны ЗБХГ-ын албаны дарга Х.Нинжболор, ахлах мэргэжилтэн А.Уранчимэг, мэргэжилтэн М.Ангараг нар урилгаар хүрэлцэн ирж, санал солилцов.
Энэ хууль нь 1999 онд батлагдсан Орон сууцны тухай хууль болон 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг нэгтгэн шинэчлэн найруулж байгаа бөгөөд учир нь хуулийн хэрэгжилт хангалтгүй, өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй, орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан зохицуулалтууд нь хуулийн зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тогтоогдсон байна.
Засгийн газраас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, орон сууцны ашиглалтыг хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, эрх үүргийг шинээр тодорхойлох, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.
Уулзалтаар Тус хуулийн төсөлд тусгагдсан дэд бүтцийн бүхий л салбарт хамаарах орон сууцны инженерийн шугам сүлжээтэй холбоотой зохицуулалт, тухайлбал мэдээлэл холбооны сүлжээтэй холбоотой практикт тулгардаг асуудлуудыг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл холбооны операторууд хэлэлцэн ярилцлаа.
Либеральчлагдсан салбарын онцлог, СӨХ-той харилцах харилцаанд тулгардаг асуудлыг шийдвэрлэх гарцыг харгалзан үзсэн, барилгын норм, дүрмийн шинэчлэлтэй уялдуулсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгуулах зарчмын саналууд дээр оролцогсод санал нэгдэв. Энэхүү саналууд дээр салбарын хэмжээнд нэгтгэн Харилцаа холбооны зохицуулах хороогоор уламжлуулан хууль боловсруулагчид саналаа хүргүүлэхээр тогтлоо.
Монгол Улс “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, мэдээлэл, холбооны салбарыг стратегийн ач холбогдолтой салбарт оруулан бусад салбарын хөгжлийг хурдасгахад өндөр ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрч байгаа өнөө үед цахим шилжилтийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагыг хангах суурь платформ болсон мэдээлэл холбооны сүлжээг байгуулах, өргөтгөхөд саад тотгор байхгүй байхад чиглэгдсэн шинэ зохицуулалт (Right of Way)-ыг хэрэгжүүлж буй олон улсын сайн туршлагыг жишиг болгох нь зохистой гэдгийг тэд онцолж байлаа.