Цахим хөгжлийн багц хуулинд өгсөн нийт саналын 69,6% нь тусгагджээ

Цахим хөгжлийн багц хууль буюу Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд шинэ оны өмнөхөн батлагдаж, 2022 оны 05 дугаар сарын 1-нээс хэрэгжихтэй холбоотой Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гишүүд дээрх хуулиудын үндсэн концепц, тэдгээрийг дагалдаж гарах дүрэм, журам, стандартууд болон ассоциацийн өгсөн санал энэ хуулиудад хэрхэн туссан талаар мэдээлэл өгсөн уулзалтыг Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулав.

Тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хэлтсийн дарга  Б.Билэгдэмбэрэл уригдаж, ассоциацийн гишүүдийн асуултанд хариулсан ба Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж, ЗБХГ-ын дарга Б.Мягмарнаран, Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболд, Хуулийн хэлтсийн дарга Т.Ууганбат, хуулийн мэргэжилтэн Т.Мөнхнаран, мэргэжилтэн Г.Баттулга болон ассоциацийн гишүүн байгууллагын хууль болон технологи, үйлчилгээ хариуцсан албаны дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 27 хүн оролцов.

Энэхүү цахим хөгжлийн багц хуулийг хэрэгжүүлэхэд харилцаа холбооны оператор компаниуд “мэдээлэл хариуцагч”-ийнхаа хувьд үйл ажиллагааны процесс, бүтцийн өөрчлөлт болон магадгүй тодорхой хөрөнгө оруулалт шаардагдаж ч мэдэх тул хуулийн заалт, шинэ зохицуулалт бүрийг анхааралтай ажиглаж байсан юм. Тиймээс эдгээр хуулийн төсөлд санал өгөх Ажлын хэсгийг ассоциаци дээрээ зохион байгуулж, 2 удаа танхимаар, 2 удаа цахимаар хуралдаж, гишүүдийнхээ саналыг нэгтгэн ХЗДХЯ-ны түвшинд зохион байгуулагдсан бүх хэлэлцүүлэгт оролцож, саналаа илэрхийлсэн бөгөөд албан бичгээр 92 саналыг өгсөн билээ.

Улмаар УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн Дэд Ажлын хэсэгт тус ассоциацийн төлөөлөл ажиллаж, Дэд ажлын хэсгийн хуралд 15 удаа танхимаар, 10 удаа цахимаар, УИХ-ын чуулганы хуралдаанд 5 удаа, Байнгын хороодын хуралд 4 удаа оролцсон байна. Дэд ажлын хэсэг дээрх 4 хууль болон тэдгээрийг дагалдах 81 хуулийн төсөл дээр ажилласан болно.

Үүний үр дүнд ассоциациас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулинд 44 санал өгснөөс 28 /63,6%/ тусгагдсан, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд нийт 18 санал өгснөөс 15/83,3%/ тусгагдсан, Цахим гарын үсгийн тухай хуулинд 6 санал өгснөөс 5 санал тусгагдсан, Кибер аюулгүй байдлын тухай хуулинд 24 санал өгснөөс 16 /66,3%/ санал тусгагдсан. Нийт 92 санал өгснөөс 64 санал буюу 69,6% нь тусгагдсан байна.

Тус хэлэлцүүлгийн бас нэг зорилго нь эдгээр хуулиудыг дагаж гарах дүрэм журам, заавар, нөхцөл шаардлагауудын аль хэсэгт нь ач холбогдол өгч саналаа өгч ажиллах талаар санал солилцох байв.

Ассоциацийн гишүүдийн зүгээс хуулийн хэрэгжилтийн явцад өөрсдийн үйл ажиллагаанд тэдгээр шинэ зохицуулалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар, шинээр байгуулагдсан яам болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас лавлагаа, тодруулга авах талаар дахин нарийвчлан ярилцаж, нэгдсэн ойлголтонд хүрэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Тиймээс хэлэлцүүлэгт оролцогсод ассоциацийн дэргэд ажиллуулсан Ажлын хэсгийг өргөтгөн стратеги төлөвлөлтийн болон үйлчилгээний ажилтнуудаар өргөжүүлэн хамтран ажиллахаар  санал нэгдлээ.