Хог хаягдлын менежмент сэдвээр өглөөний уулзалт зохион байгуулав

Харилцаа холбооны оператор компаниуд эко хандлагыг баримтлах, технологийн компаниудад тулгамдаж буй асуудлуудын нэг болох техник төхөөрөмжийн хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажиллаж болох вэ сэдвээр санал бодлоо солилцсон уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны Баасан гаригт зохион байгуулав.

Тус хэлэлцүүлэгт “Өнгө нэм” ТББ-ын Тэргүүн Д.Содбуян, Гүйцэтгэх захирал Н.Амгалан-Эрдэнэ нар хүрэлцэн ирж, Монгол Улсын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, төрөөс баримталж буй бодлого шийдвэр, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн салбар, харилцаа холбооны оператор компаниудаас үүсэх хог хаягдлын төрөл, тэдгээрийг устгах  зэрэг олон талын мэдээллийг өгөв.

Харилцаа холбооны компаниудын хувьд хэрэглэж буй техник төхөөрөмжийн хувьд ойролцоогоор 10-20 жилдээ нэг удаа устгах шаардлага гардаг ч хамгийн их хаягдал үүсгэж устгах болдог, аюултай хог хаягдалд орох нь батерей, акумлятор юм. Хэдийгээр цэнэгээ бүрэн алдаагүй батерейг өөр газар ашиглах, илүүдэл хэсгийг устгуулахаар зарим нэг компаниудтай гэрээ байгуулж өгдөг ч тэдгээр нь ийм төрлийн хог хаягдлын менежмент хийх эрхтэй, зөвшөөрөлтэй эсэх нь тийм ч тодорхой бус байдаг байна.

Хуванцар эдлэлийг дахин боловсруулах үйлдвэрт кабелийн тэмдэгтийн шонг Мобиком корпорациас захиалж хийлгэж байгаа бол Юнител компани Дата төвийнхөө хог хаягдлын ангилан ялгалтыг хийх төслийг “Өнгө нэм” ТББ-аас зөвлөлгөө авч хийж байгаа гэх мэт сайн жишээг дурьдаж байв.  

Зөвхөн техник технологийн хог хаягдлаас гадна байгууллагын аж ахуйн хог хаягдал их гардаг ашиглалтаас хасагдсан офиссийн тавилга, компьютер зэргийг хадгалсаар, агуулахууд нь дүүрдэг  гэдгийг ч хэлж байлаа. Мөн нэг сонирхолтой санаа дэвшүүлсэн нь Мэдээлэл холбооны сүлжээ компанийн СТГ-ын захирал Ц.Одхүү хөдөө орон нутагт байгаа хог хаягдлыг МХС компанийн аймаг, сумдын салбарт  нэгтгэж цуглуулах боломжтойг мөн дурьдаж байсан. .

Уулзалтанд оролцогсод эхний ээлжинд харилцаа холбооны салбарт ямар төрлийн хог хаягдал үүсдэг, тэдгээр нь ямар ангилалд багтахыг болон ямар хэмжээг эзэлдэг талаар  судалгааг “Өнгө нэм" ТББ-тай хамтран хийх асуудлыг ассоциацийн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулахаар санал нэгдэж, энэхүү  судалгааны үр дүнд үндэслэн цаашид хэрхэн ажиллаж болох талаар дахин ярилцахаар боллоо. Энэ судалгааны маягтыг Үндэсний статистикийн хороогоор батлуулж, хог хаягдлын шинэ төрлийн маягтыг батлуулж уг судалгааг хийвэл улсын хэмжээнд анх удаа харилцаа холбооны төрлийн хог хаягдлын ангилал нэмэгдэх, нэгтгэгдсэн дүн мэдээнд хамруулах ач холбогдолтой юм. 

Орон нутгийн хог хаягдлыг яах вэ гэдэг асуудлаар Үндэсний дата төвөөс "Өнгө нэм" ТББ-тай хамтран судалгаа хийх гэж байгаа бөгөөд тус судалгаанд МХОА-ийн гишүүд нэгдэж, санал мэдээллээ солилцох боломжтойг дурьдаад өөрсдийнх нь Showroom болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй танилцаж болно хэмээн тэд урьсан юм.

Ийнхүү ирэх онд “Өнгө нэм” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, цаашид хамтран ажилахаар санал нэгдлээ.