Газрын тухай багц хуулийн шинэчлэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа!

Жил бүр зохион байгуулагддаг ICT Expo энэ жилээс хүрээгээ тэлж “Digital Nation 2021” болон зохион байгуулагдаж байгаа эдгээр өдрүүдэд Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гишүүдийн санаачлагаар Барилга хот байгуулалтын яам болон ХХМТГ, ХХЗХ-ноос холбогдох газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүдийг урьж Засгийн газраас шинэчлэн найруулж батлуулахаар ажиллаж буй “Газрын тухай багц хууль”-ийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны Бямба гаригт Блью Скай зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. 

Ассоциацийн гишүүдийн Хууль эрхзүй болон Техник технологийн газрын дарга нар оролцсон энэхүү уулзалтанд БХБЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Нямдорж болон БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ихбаяр нар урилгаар хүрэлцэн ирж Газрын тухай хуулинд орж байгаа шинэчлэл, харилцаа холбооны шугам сүлжээ, дэд бүтэцтэй хамааралтай өөрчлөлтүүдийн талаар танилцуулав.

Харилцаа холбооны шугам сүлжээ, цамхаг, дэд бүтцийг барьж байгуулахдаа газар эзэмших зөвшөөрөл авах процесс, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд хамрагдах, сүлжээний зурвас газрыг хамгаалах, нийтийн болон хувийн эзэмшлийн газарт сүлжээ байгуулах зэрэгт учирч буй хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх зохицуулалтыг Газрын тухай хуулийн шинэчлэлд тусгах боломжтой эсэх талаар ярилцаж санал бодлоо солилцов.

Өнгөрсөн 5 дугаар сард тус Ассоциациас Газрын багц хуулийн шинэчлэлд гишүүдийнхээ саналыг нэгтгэн БХБЯ-нд хүргүүлсэн бөгөөд зарим саналуудыг хуулийн төсөлд тусгасан талаар уулзалтанд уригдсан, хуулийн төсөл дээр ажиллаж буй БХБЯ-ны ажилтнууд танилцуулсан юм. Уулзалтын төгсгөлд хуулийн төсөлд нэмэлт санал байвал ассоциацийн гишүүд хоорондоо ярилцаж, дахин нэгтгэж хүргүүлэхээр болов.