Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд “Digital Nation 2021” арга хэмжээнд хувийн хэвшлийнхэн манлайлан оролцож байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж, “Digital Nation-2021” нэр дор энэ сарын 17-19-ний хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээний талаар өнөөдөр /2021.09.07/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Мобиком корпорацын Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа, Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Интелмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр, Инфинити Сольюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Габит, Ай Эн Мобайл нэтворк ХХК-ийн Маркетингийн захирал Б.Мандуул нар хэвлэлийн хурал хийлээ.

ХХМТГ-ЫН ДАРГА Б.БОЛОР-ЭРДЭНЭ: 2020 оноос өмнө төр дижиталчлалын бодлогодоо төрийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч ирсэн бол одоо үүнийг салбар харгалзахгүй хөгжих шаардлагатай улс орны хөгжлийн хурдасгуур гэж үзэж байна. Тиймээс ч Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан. Энэ ажил “Digital Nation-2021” арга хэмжээгээр эхэлж байна. Үндэсний хэмжээний технологийн энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийнхэн манлайлж, төр хамтран оролцож буй нь онцлууштай.

“ЮНИТЕЛ” ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ЭНХБАТ

 Энэ арга хэмжээ нэг талаасаа уламжлал ёсоор, нөгөө талаас шинэчлэгдсэн байдлаар болох гэж байна. Төр, хувийн хэвшлүүд хамтран амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ төслүүдийн нэг энэ болж буй юм. Технологийн хөгжил дэлхийд ямар байна, Монголд ямар байна, цаашид бид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлтийг хийх томоохон ач холбогдолтой арга хэмжээ болох гэж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд цаашид дижитал шилжилтийн асуудлаар ойлголцох, хамтран ажиллах эхлэлийг тавих гэж буйд баяртай байна.

 

Эх сурвалж: https://www.cita.gov.mn/61047.html