Цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2021.08.10) боллоо.

Танхим болон цахим хэлбэрээр болсон тус хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Америкийн худалдааны танхим, Нотариатын танхим, Хуульчдын холбоо, МҮХАҮТанхим зэрэг байгууллагын төлөөлөл, “МУК компьютерс” ХХК, “Бат солюшинс партнерс” тэргүүтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл, олон нийтийн төлөөлөл зэрэг 186 хүн оролцов.

Төслүүдийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын дарга 54 дугаар захирамжаараа хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсныг дурдав. Ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байгаа юм.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал нээж, хэлэлцүүлэг эхэллээ.

Тус хэлэлцүүлэгээр Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцох ба хуулийн төслийг илүү сайжруулах, орхигдсон асуудал байвал нэмж тусгах зорилго оршино.

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг ийнхүү өндөрлөсөн бөгөөд төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахдаа нэр томьёог нэн оновчтой болгох, байгууллагуудын статусыг тодорхой болгох, мэдээлэл технологийн салбарын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх чиглэлд шаардлагатай бүх зохицуулалтыг хийх, хуулийн гол зохицуулалтуудыг хуулиас давсан журмуудаар зохицуулахгүй байхад онцгой анхаарах, мөн хариуцлагын асуудлыг нэн тодорхой болгох зэрэгт анхаарах шаардлагатай” гээд хэлэлцүүлгийн нийт оролцогчдод талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж: https://www.cita.gov.mn/60791.html