“Монгол бичигтэн 2025” төслийг оператор компаниуд дэмжин ажиллаж байна

Монголчууд өөрсдийн гэсэн хэл, ёс заншил, босоо монгол бичигтэй, дундрашгүй арвин түүхтэй ард түмэн билээ. Техник технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад гадаад хэл, соёлыг танин мэдэж, суралцах нь “орчин үеийн” иргэн байхад зайлшгүй тулгарч байгаа хэрэгцээ боловч эх хэл, босоо монгол бичгээ дээдлэн хүндэлж, хэвээр нь авч үлдэх, хойч үе, үр хүүхэддээ сургах ёстой хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан билээ. Тус зарлигийн хүрээнд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж, бүх насныхныг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бичгийн хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр зааж байгаа “Монгол бичигтэн” төслийг тус ассоциаийн гишүүн, үүрэн телефоны оператор компаниуд болох Мобиком корпораци, Юнител, Скайтел компаниуд, түүнчлэн Жи мобайл компани хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин, хамтран ажиллаж байна.

 

Долоо хоног бүр өгөгдсөн гэрийн даалгаварыг хамгийн түрүүнд  хийсэн эхний 200 хүн тус бүрд 5000 төгрөгийн нэгж эсвэл 1Гб дата эрх бэлэглэх урамшууллыг үүрэн холбооны оператор компаниудаас олгоод байна. Одоогийн байдлаар 2000 хүнд есөн сая есөн зуун хорин гурван мянган төгрөгийн урамшууллыг олгоод байгаа бөгөөд нийт 16 удаагийн хичээлийн төгсгөлд 4 ялагчид гар утас бэлэглэхээр төлөвлөөд байна.