Ассоциацийн 2021 оны ерөнхийлөгчөөр Д.Энхбат томилогдлоо.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн 10 дугаар хурал 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр болж, ассоциацийн үйл ажиллагааны зорилго, зорилтын биелэлт, 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүнг дүгнэж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцахын зэрэгцээ 2021 оны Ассоциацийн Ерөнхийлөгчөө сонголоо.

Тус Ассосиацийн дүрэмд заасны дагуу Ерөнхийлөгчөөр жил бүр Удирдах зөвлөлийн гишүүд ротацаар ээлжлэн ажилладаг бөгөөд 2018 онд Скайнэтворкс компанийн Гүйцэтгэх захирал Ч.Энхмэнд, 2019 онд Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Тацуяа Хамада, 2020 онд Скайтел компанийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа нар ажилласан бол 2021 оны Ерөнхийлөгчөөр Юнител компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбатыг  сонголоо.

Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг бий болгох, үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийн төлөө салбарын тэргүүлэх мэргэжлийн байгууллага болох ассоциацийн эрхэм зорилгод хүрэх, гишүүдийн эв нэгдэл, харилцан ойлголцолыг хөгжүүлэх, ил тод, үл ялгаварлах үнэт зүйлсийг баримтлан хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж ирсэн  үе үеийн Ерөнхийлөгч нартаа талархал илэрхийлье.