Энэ удаагийн “Өглөөний зочин” ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ байлаа.

Энэ удаагийн өглөөний зочин уулзалтанд Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ уригдан, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Ерөнхийлөгч, “Скайтел” компанийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа, “Мобиком” компанийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, “Юнител” компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, гишүүн байгууллагын хуулийн болон техник технологи хариуцсан захирлуудын нийт 18 хүн оролцов. Засгийн газрын цахим шилжилтийн бодлого, төлөвлөлт, E-mongolia төслийн хэрэгжилтийн талаар хийж буй ажлуудыг товч танилцуулж, цаашид бид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах, БНҮҮС-тай холбоотой асуудлын талаар санал бодлоо солилцсон уулзалт боллоо.

“Мобиком” корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада: “Цахим Монгол, E-Mongolia хөтөлбөр, Дижитал шилжилт зэрэгтэй холбоотойгоор кибер аюулгүй байдал, цахим халдлагаас хамгаалах, сэргийлэх арга хэмжээнүүдэд анхаарах шаардлагатай, жишээлбэл эдгээр ажлуудад ашиглах, энэ технологийн боловсон хүчин бэлтгэх зэрэгт ач холбогдол өгөх хэрэгтэй. Мөн Бүх нийтийн үүргийн санд татварын дараах ашгаас хувь тооцож төлбөр өгөх нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө эрх ашигт халдаж байгаа хуульд нийцэхгүй тул дахин авч үзэх шаардлагатай” гэдгийг онцлон хэлэв. Үүний дараа Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Одхүү “Харилцаа холбооны салбарын тариф хамгийн бага үнэдээ тулсан байгаа. Харилцаа холбооны сүлжээ татах зардлыг төрийн байгууллагууд төсөвтөө зайлшгүй зардлаар суулгаж тодорхой тогтсон тарифаар хийлгэх нь зарчмын асуудал юм” гэсэн саналыг хэлсэн бол “Юнител” компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат “E-Mongolia, Дижитал шилжилт зэрэг хөтөлбөрүүдийг төр манлайлан хэрэгжүүлж байгаа тул E-Mongolia-г дэмжих үүднээс оператор компаниуд энэхүү платформыг ашиглахад дата үнэгүй болгосон нь тухайн компаниудын маркетингийн бодлого юм. Гэвч дижитал шилжилтийг хэрэгжүүлэхдээ дата үнэгүй болгох хүсэлтийг төрийн байгууллагуудаас тавьдаг нь хавтгайрах шинжтэй байгаа нь бизнесийн зарчимд нийцэхгүй, цаашдаа энэ салбарын тогтчихсон эко системийг эвдэх эрсдэлтэй”  гэдгийг хэлж байв. Түүнчлэн Ассоциацийн 2020 оны Ерөнхийлөгч бөгөөд “Скайтел” компанийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа “Харилцаа холбооны салбарын татварын хувь хэмжээ их байна. Бүх нийтийн үйлчилгээний санд цэвэр ашгийн 3% авч байгаа, энэ нь нийт орлоготой харьцуулбал 5% орчим болдог, мөн  өргөн нэвтрүүлгийн гээд ойролцоогоор 30-40% татвар төлж байна. Иймээс татвартай холбоотой асуудлууд, хууль журмуудыг нарийн анхаарч үзэх бодлого хэрэгтэй байна” гэсэн саналуудыг хэлж, эдгээр асуудалд анхаарлаа хандуулан, хамтран ажиллахыг хүслээ.

ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ “Өгөгдөл хамгаалах, Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Төрийн цахим харилцааны тухай зэрэг хуулийн төслүүдийг шинэчлэн  боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн салбартай шууд хамаарал бүхий бусад хууль, дүрэм, журмууд боловсруулахад салбарын байгууллагуудын төлөөлөл болох МХОА-ийг ажлын хэсэгт нь оруулах талаар анхаарч ажиллана. 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ч одооноос энэ талаар судалгаа, шинжилгээ хийгээд эхэлсэн явж байна. Олон улсад танигдах, бүтээгдэхүүн гаргах том зорилго байгаа ба үүний эхлэлийг E-Mongolia төсөл гэж харж байна. Одоогоор Facebook, Twitter, Youtube, Microsoft гэх зэрэг компаниудтай холбогдон хамтран ажиллах талаар ажиллаж байна. Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй хамтран ажиллаж байгаа, нэгдмэл санал байвал түүнийгээ дэвшүүлэх боломжтой” гэж бодож байна гэв.

Түүнчлэн тус уулзалтын үеэр Ассоциацийн гишүүд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн нийт орлогын 70-80 хувийг бүрдүүлдгийнхээ хувьд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих боломжгүй, хийгдсэн ажлын тайлан байдаггүй, ном товхимол хэвлүүлэх, судалгаа хийлгэх зэргээр зориулалтын бусаар зарцуулж байгаа, үүрэн холбооны оператор компаниудын хувьд зорилго нь биелсэн сан гэж харж байна, мөн цэвэр ашгийн дараах татварын 3 хувийг авна гэж байгаа нь давхар татварын дарамт үүсгэж байна гэдэг саналаа илэрхийлсэн. Харин энэ асуудлаар ХХМТГ-аас тус сангийн асуудлаар аудит хийлгэж байгаа, тайлантай  танилцсаны дараа шаардлагатай арга хэмжээг авах, холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ E-Mongolia төслийг хэрэгжүүлэхэд оператор компаниуд дэмжлэг үзүүлж, хэрэглэгчийн датаг үнэ төлбөргүй болгосонд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нээлттэй хамтран ойлголцож ажиллана гэв.