ICT форум-2020 амжилттай зохион байгуулагдлаа

Техник технологийн хөгжил дэвшил, харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт гарч буй шинэ үйлчилгээ, шинэлэг санаануудыг танилцуулдаг ICT Expo-2020 энэ жил 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгууллагддаг бодлогын форумыг Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулагчаар оролцож, энэ жилийн “Цахим үндэстэн” сэдэвт форумын “Салбар хоорондын уялдаа холбоог хангах нь” сэдвээр панел хэсгийг хариуцан ажиллав.  

Тус форумын гол зорилго нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй дижитал шилжилтийн бодлого, E-Mongolia төслийг хэрэгжүүлэх үйл явц, тулгарч буй сорилтыг давж гарах, шийдлийг эрэлхийлэх, нийгэм эдийн засгийн салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэдээллийн технологид суурилсан инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэгдсэн.

Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд өрнөсөн форумын панел хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон салбарын 30 гаруй мэргэжилтэн оролцов.

УИХ-ын гишүүн, Монгол улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ форумыг нээж хэлсэн үгэндээ “Цахим шилжилтийн талаар үе үеийн Засгийн газрын хийсэн сайн ажлуудыг үргэлжлүүлэн эрчимтэй ажиллана. Энэ удаагийн хэлэлцүүлгийг зүгээр ярилцаад өнгөрөх хэрэгжүүлэх нөхцлийг хангасан тодорхой хугацааны төлөвлөгөө гаргаж,  хариуцсан эзэнтэй, үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Форум гурван панел хэсгээр өрнөсөн бөгөөд Нэгдүгээр хэсэг GOV-TECH буюу Цахим засаглал сэдвийн хүрээнд “Төрөөс харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр баримтлах бодлого, түүний хэрэгжилт” гэсэн сэдвээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ илтгэл тавьсан. Монгол Улсын Засгийн газраас 2021-2030 онд харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр салбарын эрх зүйн орчинг сайжруулах, 5G сүлжээг нэвтрүүлэх, интернэт хэрэглэж байгаа өрхийн тоог 70 хувьд хүргэх зэрэг бодлогыг баримтлах аж.

                                                                                

 

Үүний дараа “Салбар хоорондын уялдаа холбоог хангах нь” сэдэвт панел хэлэлцүүлэг өрнүүлэв.

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Цахим шилжилт хийхэд бид хандлагаа өөрчлөх, ялангуяа төр үүнд манлайлах ёстой. Хуулийг уялдуулах дүгнэлтийг Хууль зүйн яам, төсвийг уялдуулах нь Сангийн яам, харин мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн бодлогын дүгнэлтийг ХХМТГ хийх ёстой” гэдгийг онцлон илэрхийлэв.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн, Юнител групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат “Төр бол хамгийн том худалдан авагч, гэхдээ худалдаж авахдаа дараа нь өөрсдөө авч явна гэж харснаас тогтвортой хөгжил байхгүй болчихоод байгаа юм. Төр хувийн хэвшлийнхнээс бараа бүтээгдэхүүн биш үйлчилгээг нь худалдан авах гэдгээр харж ажиллавал урт хугацаандаа хувийн хэвшлийнхэн төрийн байгууллагуудад сайн үйлчилгээгээ нийлүүлж, хэвийн найдвартай ажиллаж, тасралтгүй хөгжиж, өндөр мэргэжлийн чадавхитай бүтээгдэхүүн, хамтын ажиллагаа бий болно гэж харж байна” хэмээн оновчтой тодорхойллоо.

Панелын модератор Г.Дамдинням төрийн үр дүнгүй хөрөнгө оруулалт, нэг удаагийн худалдан авалт дараа нь өөрөө чадна гэж оролдсон олон удаагийн үр дүнгүй оролдлогын шинж байсан, үүн дээр анхаарлаа хандуулж, төрийн манлайллыг үзүүлж ажиллахыг онцгой анхаарах ёстой юм байна гэдгийг онцолсон бол Интерактив компанийн захирал Б.Ууганбаяр “Засгийн газрын интерпрайс моделийг гаргаад асуудлыг эрэмбэлдэг загвар руу оруулах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

                                                  

 

Форумын Хоёрдугаар хэсэг “Инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэсэн сэдвийн хүрээнд Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй инновацийг дэмжих хөтөлбөрийг Инновацийг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч С.Энхжаргал танилцууллаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Инновацийг дэмжих хөтөлбөр чиглэгджээ. Инноваци бүтээгчдэд 90 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох дэд төслүүд хэрэгжүүлэх юм байна. Эдгээр дэд төслүүдэд санхүүжилт олгохын зэрэгцээ гарааны компаниудыг бойжуулах, чадавхижуулах үйл ажиллагаа хамаарч байгаа нь бодит дэмжлэгийн жишээ гэж болно. Энэ хэсэгт олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах гарц, шийдлийг оновчтой илэрхийлсэн илтгэлийг Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал С.Сүхбаяр тавив. Энэ хэсэг “Инновацыг дэмжих тоггтолцоог бүрдүүлэх нь” болон “Дижитал эдийн засаг-мэдээлэл, харилцаа холбооны салбарын оролцоо” сэдвүүдээр өрнөсөн.

                                                   

 

Форумын гурав дахь хэсэг “Ухаалаг хот, технологийн шийдэл, сорил” сэдвийн хүрээнд “Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригийн илтгэлийг сонсож, панел хэсэгт мэдээлэл холбооны оператор компаниуд болон гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн байгууллагууд дор дорноо технологийн дэвшлийг ашиглан цахимжуулах хувийн хэвшлийнхэнд технологи, шийдэл нь байдаг, харин энэ шийдлийг хот хүлээж авах түншлэлийн загвар байхгүй байна. Үүнийг бий болгохын тулд тодорхой хэсэгт тодорхой асуудлаар туршилтын төсөл хэрэгжүүлэх, төсөлд бүх талаас оролцож, гацааг гаргах жишиг загварыг бий болгох санал гарч байна. Ухаалаг хотын концепцийг хэсэгчлэн, үе шаттай төлөвлөх, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийг хангах, бий болоод байгаа технологийн болон өгөгдлийн бааз суурийг ашиглах, инноваци, технологи ашигласан ухаалаг шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар хөндөгдөв.

Түүнчлэн Засгийн газраас хийгдсэн “Монгол Улс дижитал хөгжилд бэлэн үү?” гэсэн судалгаагаар Монгол Улсын хувьд хамгийн бэлэн байдлыг дэд бүтэц хэмээн нэрлэсэн. Засгийн газар, нийслэлийн зүгээс төрийн үйлчилгээг цахимаар  хүргэх, түүнчлэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ч мөн цахим үйлчилгээг нэвтрэхэд дата хэрэглээ асар ихээр өсөх болно. Өсөн нэмэгдэх энэхүү эрэлт хэрэгцээг хангахуйц сүлжээ, дэд бүтцийн бэлэн байдал хадгалагдах уу? Эсвэл өргөтгөх, сайжруулах шаардлагатай юу? гэсэн асуулт тавигдаж байна. Энэ асуултанд “бэлэн биш”, тиймээс мэдээлэл, харилцаа холбооны шугам сүлжээ, дэд бүтцийг инженерийн бусад дэд бүтэцтэй уялдуулан цогцоор нь төлөвлөх, хамгаалах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх жишиг тогтолцоог бий болгох ёстой гэж хариулж байна.