ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өглөөний зочноор оролцлоо

Энэ удаагийн “Өглөөний уулзалт”-ын зочноор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэл нар уригдаж, ассоциацийн гишүүн компанийн захирлууд, хуулийн хэлтсийн дарга мэргэжилтнүүд зэрэг нийт 18 хүн оролцож, Өрсөлдөөний тухай хуулийг шинэчлэх концепц, хуулинд тусгагдаж буй тодорхой зохицуулалтууд, мэдээлэл, харилцаа холбооны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өрсөлдөөний тухай хууль нь өрсөлдөөнийг хязгаарлахаас илүүтэй Монголын компаниудыг дэлхийд экспортлогч болгох, өрсөлдөх чадвартай болгон дэмжихэд гол түлхэц болдог байх ёстой. Өрсөлдөөний хуулийн үндсэн зорилго нь аливаа бизнес аж ахуйн нэгж зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг хангахаас гадна, бизнес эрхлэгчид болон худалдан авагчдын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн хангалуун байдлыг хангаж, зах зээлийг хөгжүүлэх зорилготой” гэж тус газраас хуулийн өөрчлөлтийн үндсэн концепц болгож байгаа гэдгээ илэрхийлэв.

 

 

Харилцаа холбооны салбар бүрэн либеральчлагдсан, технологийн хөгжлийг даган зах зээлийн чиг хандлага, бизнсийн модель, шинж чанар нь маш хурдтай өөрчлөгдөж байдаг онцлогтой. Монгол Улсын хувьд дэлхий нийтийн энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, зах зээлийн хамрах хүрээ өргөжиж, олон улсын глобал компаниудтай зах зээлээ хуваалцах болсон. Нэгдэн нийлэлт зөвхөн технологийн чиглэлээр төдийгүй бизнесийн нэгдэн нийлэлт болж, бизнесийн моделиуд өөрчлөгдөж байгаа өнөө үед хамаарах зах зээлийг зөв тодорхойлох, улс орнууд үндэсний зах зээлийг хэрхэн хамгаалах асуудлуудыг шинээр авч үзэж, оновчтой шийдлийг эрэлхийлж, энэ чиглэлээр олон арван судалгаа хийгдэж, хэлэлцүүлгүүд өрнөж байна. Тиймээс орчин үеийн шинэ нөхцөл байдал, салбарын энэ онцлогийг өрсөлдөөний зохицуулалт хийх үедээ харгалзан үзэх, олон улсад хийгдэж буй судалгаа, дүгнэлтүүдийг илүү судлах шаардлагатай байгааг ассоциацийн гишүүдээс онцолж байв.

Хариуцлагын механизмын хувьд Зөрчлийн хуулийг баримталж байгаа нь хир нийцтэй вэ, практикт бодит үр дүн авчрах эсэхийг эргэн харах, тооцох ёстой хэмээн тэд үзэж байв. Түүнчлэн шүүхийн практикт өрсөлдөөнтэй холбоотой хэрэг маргаан бага байдаг нь тэдгээрийг шийдвэрлэх шүүхийн процесс хугацаа алддагаас өрсөлдөөнд нөлөөлөх үр дагавар нь гардагаа гараад ач холбогдлоо алдсан тохиолдол ч гардаг байна.

Түүнчлэн тусгайлсан зохицуулах байгуулгатай салбарын хувьд ямар байх талаар бодох, тухайлбал Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг, өрсөлдөөний асуудал хариуцсан байгууллагын чиг үүрэг давхцаж байгаа онцлогийг бас авч үзэж, зааг ялгааг нь илүү ойлгомжтой болгох шаардлагатайг онцлон дурьдлаа.

Өрсөлдөөний зохицуулалтын арга хэрэгслүүдийн талаар илүү тодорхой болгох, тэдгээрийг хэрхэн хэрэглэх, энэ үйл явц нь ил тод, бизнес эрхлэгчдэд ойлгомжтой байх талаар хуулинд тусгах  талаар саналаа хэлж байв. Тухайлбал өргөн нэвтрүүлгийн салбарт зохиогчийн эрхийн зөвшөөрөл авах, авахгүй байх явдал нь тухайн зах зээлд тоглогчдын өртөг, зардлын ялгааг үүсгэдэг. Энд зах зээлд давамгай байх, давамгай бус байхаас үл хамааран шударга бус өрсөлдөөн бий болдог. Оюуны өмчийн талаарх зохицуулалтын хувьд эзэмшигчид учрах хохирол талаас нь авч үздэг. Харин өрсөлдөөнд үзүүлж байгаа нөлөөллийг хэрхэн тооцох вэ гэдэг асуудал тодорхойгүй, зөвхөн зохиогчийн эрхийн зөрчил гэдэг өнцгөөс харах нь учир дутагдалтай байгаа талаар жишээ болгон ярьсан бөгөөд ийм тохиолдолд өрсөлдөөний зохицуулалтын ямар арга хэрэгслийг ашиглах вэ гэх мэт асуулт урган гарч байгаа юм.

Уулзалтын эцэст нь ШӨХТГ-ын дарга нар Өрсөлдөөний хуулинд өгөх энэ мэт санал, шийдлүүдийг албан бичгээр хүргүүлэхийг хүслээ.