МҮХАҮТ-ын отгон гишүүн болов!

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойн баяр тохиож байгаа эдгээр өдрүүдэд Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци нь 5063 гишүүний хамгийн отгон гишүүдийн нэг болж, гишүүнчлэлийн үнэмлэхээ гардан авч, баярын хурал, үйл ажиллагаанд оролцов. 
Ассоциацийн гишүүн байгууллагууд тус танхимын идэвхитэй гишүүд бөгөөд бид 2020 оны Нэгдүгээр сард ассоциацийн “Өглөөний зочин” уулзалтанд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинг урьж оролцуулан хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон билээ. Энэхүү уулзалтаас хойш УИХ болон Засгийн газраас шинэчлэн боловсруулж буй Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд саналаа нэгтгэх, 2019 оны сүүлчээр шинэчлэгдэн батлагдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд харилцаа холбооны салбарт хамааралтай Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхтэй холбоотой тусгагдсан өөрчлөлт нь хувийн хэвшлийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгааг сануулсан хамтарсан мэдэгдэл гаргах зэргээр хамтран ажилласан. 
Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын онцгой нөхцөл байдал, эдийн засгийн хүндхэн давааг туулж яваа энэ цагт хувийн хэвшлийнхний дуу хоолойг төрд хүргэх гүүр болж яваа  МҮХАҮТ-тай бид цаашид ч нягт хамтран ажиллаж, гишүүдийнхээ болон салбарын хэмжээнд тулгарч буй асуудлуудыг ярьж, харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа улам сайжруулан ажиллах болно.
МҮХАҮТ-аас 60 жилийн ойн  хүрээнд "Дэвшилд хөтөлсөн жаран" уриан дор тэмдэглэж, фото зургийн үзэсгэлэн, ёслолын концерт, баярын хурлын үйл ажиллагааг зохион байгуулж, энэхүү үйл явдал нь УИХ-ын Дарга Г. Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Монголын бизнесийн салбарын тэргүүлэх 1000 гаруй бизнес эрхлэгч, Олон Улсын байгууллагын төлөөлөл, ЭСЯ-д болон Танхимын үе үеийн удирдлагууд оролцсон томоохон арга хэмжээ боллоо. 

 

Гэрэл зургийг mongolchamber.mn сайтаас авсан болно.