Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамир Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын шинэ удирдлага Б.Болор-Эрдэнэтэй уулзаж, Ассоциацийн үйл ажиллагааны зорилго чиглэлийн талаар товч танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцлоо.
Ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамир хэлэхдээ Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуулиудын нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулах, Коронвируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хууль, Орон сууцны хуулийн шинэчилсэн төсөл гэрэг хууль тогтоомжид санал өгөх чиглэлээр амжилттай хамтран ажилласан. Сүүлийн 2 жилд ICT EXPO арга хэмжээний үр дагавар, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд санал нэгдэж, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдэл, гарцын талаар ярилцдаг форум зохион байгуулах ажлыг уламжлал болгосон. Дижитал шилжилтийн суурь платформ болсон харилцаа холбооны сүлжээг хамгаалах, хэрэглэгчийн сүлжээг байгуулахад учирч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх гарц, шийдлийг тодорхойлох Ажлын хэсгийн хүрээнд ХХЗХ болон ХХМТГ-тай хамтран ажиллаж, Ажлын хэсгийн үр дүнг салбарын удирдлагуудад танилцуулахад бэлэн болгосныг онцолж, энэ чиглэлээр агентлагын шинэ удирдлагаас дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Ассоциацийн зүгээс төрийн цахим үйлчилгээг дэмжин ажиллаж байгаа, цаашид ч дэмжихээ илэрхийлж, төрийн бусад салбарын дижитал шилжилтэнд оператор компаниудын нэгэнт бий болгосон технологийн боломж, давуу талыг ашиглаж, төрийн давхардсан хөрөнгө оруулалтаас зайлсхийх чиглэлээр бодлогын тодорхой шийдэл гаргахыг хүслээ. Түүнчлэн төрийн цахим үйлчилгээнд оператор компаниудын санал болгож болох боломжууд, мөн төрийн үйлчилгээний болон банкны салбарын дижитал шилжилтэнд хамтран ажиллаж буй туршлагаас дурьдлаа.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ассоциацийн зүгээс бас нэг дэвшүүлж буй тодорхой асуудал бол Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бодлогыг шинэчлэх, засаглалыг сайжруулах талаар байсан бөгөөд энэ чиглэлээр агентлагын шинэ удирдлага санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хамтран ажиллана гэлээ.
Дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэд, олон нийт, бусад салбарт таниулах, зөвлөлдөх /digital literacy/ чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа Б.Болор-Эрдэнэ дарга хэлж, ассоциациас хийсэн дижитал шилжилтийн талаарх сэтгүүлчдийн ойлголт мэдлэгийг тандсан судалгаа, хэвлэлийн мониторингийн талаар сонирхож, энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.
Ийнхүү Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци нь цаашид хамтын ажиллагаагаа тогтвортой, үр дүнтэй хөгжүүлж, E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар харилцан ойлголцсон уулзалт боллоо.