Барилгын норм ба дүрэм боловсруулах ажил үргэлжилж байна

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн дэргэд эрх зүй, бодлого, зохицуулалтын орчинг сайжруулах, стандарт, норм норматив шинэчлэх чиглэлээр тус ассоциацийн гишүүдийн мэргэжилтэн, ажилтнуудын бүрдсэн 5 ажлын хэсэг 2020 онд зохион байгуулагдан ажиллаж байна.  

Барилгын хөгжлийн төвийн захиалгаар “Барилгын мэдээлэл холбооны болон менежментийн системийн сүлжээний зураг төслийн төлөвлөлтийн норм ба дүрэм”-ийг шинээр боловсруулах ажлыг Мэдээлэл холбооны сүлжээ (МХС) ТӨК болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци (МХОА) хамтран баг бүрдүүлэн хийж гүйцэтгэж байна.

Төслийн багийн ахлагчаар МХС ТӨК-ийн Техник ашиглалтын хэлтсийн дарга, зөвлөх инженер Д.Мянганбаатар, багийн бүрэлдэхүүнд Скайнэтворкс ХХК-ийн Ерөнхий менежер, Монгол Улсын гавьяат багш, зөвлөх инженер, доктор Ц.Болд, МХОА-н Гүйцэтгэх захирал У.Тамир болон Мобиком корпораци ХХК-ийн Сайт байгуулалт, барилгын инженер О.Отгонбаяр, Юнител ХХК-ийн Дэд бүтцийн албаны захирал Т.Батсайхан, Монголын цахилгаан холбоо ХК-ийн зураг төслийн мэргэжилтэн Б.Өлзийбаяр,  “Арбел Алтай” ХХК-ийн зураг төслийн инженер С.Энхмөнх зэрэг инженер судлаачид ажиллаж байна. Монгол Улсын гавьяат холбоочин, зөвлөх инженер Ц.Эрдэнэцэцэг, ISO-ийн сургагч багш, Монгол Улсын Барилгын зөвлөх инженер Т.Энхтуул нар зөвлөхөөр ажиллаж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи асар хурдтай хөгжиж, үйлчилгээний нэр төрөл, хамрах хүрээ өдрөөс өдөрт өргөжиж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн хэрэглээ эрс өөрчлөгдөж, харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн үйлчилгээг ашигладаг болсон. Хэрэглэгчдийн энэхүү хэрэгцээг харгалзан үзсэн, шинэ технологийн үйлчилгээ нэвтрэх боломжийг хангасан дэд бүтэц, шугам сүлжээг олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөх зайлшгүй шаардлага тавигдаж байгаагаас энэхүү дүрмийг боловсруулах үндэслэл гарч байна.

Орчин үед барилга, орон сууц илүү “УХААЛАГ” болж, барилга байгууламжийн дэд бүтцийн бүрэлдэхүүн бүрт системчлэл, сүлжээ холбогдож байна. Энэ нь тухайн барилгад өрнөж байгаа үйл явц, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, бүрэн хяналт тавих, цаашлаад дотор нь ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг илүү хялбар болгох, тав тухыг дээшлүүлэх, нөөцийн хэмнэлт хийх зорилготой юмсын интернэт (IoT)-ийг нэвтрүүлэх суурь юм. Тус норм ба дүрэмд тусгагдсан зохицуулалтууд батлагдсанаар мэдээлэл харилцаа холбооны сүлжээ байгуулахад гардаг стандарт бус сүлжээ байгуулахад хүргдэг хүндрэлтэй, шийдэгдэггүй олон асуудлыг шийдвэрлэх бөгөөд орчин үеийн ухаалаг(smart) барилгын шинжийг агуулсан байшин барилга, хотхон, хорооллыг барьж байгуулахад мэдээлэл холбооны сүлжээ болон барилгын менежментийн системийг нэвтрүүлэхэд шаардлагатай барилгын дэд бүтэц, шугам сүлжээг барилгын зураг төсөвт тусган төлөвлөдөг болох болно.

Одоогийн байдлаар уг норм ба дүрмийн төслийг боловсруулж, ХХМТГ, ХХЗХ болон салбарын нийт 22 байгууллагаас санал авч, мөн Барилгын хөгжлийн төвөөс томилсон экспертийн санал, дүгнэлтийг тусган МХХ-ны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж салбарын хэмжээнд дэмжигдсэн болно. Барилгын салбарын холбогдох мэргэжилтнүүд, зураг төсөл хийдэг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг тусгаж дүрмийн төслийг Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн зөвлөл, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байна.