Энэ удаагийн ээлжит өглөөний уулзалтын зочноор Татварын ерөнхий газрын ахлах байцаагч П.Ундармаа уригдан гишүүн байгууллагын хуулийн болон санхүүгийн хэлтсийн ажилтнуудад 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн татварын багц хуулийн талаар ойлголт мэдээлэл өглөө. Тус уулзалтанд 17 хүн оролцов.
Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-аас баталсан. Эдгээр багц хуулийг баталсантай холбоотойгоор 23 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай 3 хууль, хүчингүй болгох 3 хууль батлагдаж, нийт 32 төрлийн хуулийг хэрэгжүүлэхээр болсон. Хуулиуд батлагдсантай холбоотойгоор 49 эрх зүйн баримт бичиг /дүрэм, журам, аргачлал/-ыг баталж хэрэгжүүлнэ. Эдийн засгийг дэмжих, татварыг бүрэн хураах, татвар төлөгчдийг дэмжих гэсэн үндсэн 3 зорилтын хүрээнд татварын хуулийг шинэчлэл хийгдсэн бөгөөд татварын ачааллыг бууруулах, тайлангийн тоог цөөрүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжиж зээлийн хүүг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын татвартай харьцах чиглэлээр зарим онцлог өөрчлөлтүүд тусгагдсан байна. Тухайлбал татварын хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалт хийх, нөхөн ногдуулалтын акт гаргах, алданги торгууль ногдуулах хугацааг 5 жил байсныг 4 жил болгон бууруулсан, татварын өр төлөх хугацааг 2 сар хүртэл сунгадаг байсныг 2 жил хүртэл хугацаанд сунгах боломжтой болсон. Татварын тайлангаа 1 жилийн хугацаанд залруулах боломж олгосон зэрэг өөрчлөлтүүд тусгагдсан байна. Түүнчлэн албан татвараас хасагдах зардлыг нэмэгдүүлсэн, тухайлбал Хасагдах зардлыг зөвхөн жагсаалтаар хязгаарлахгүйгээр тодорхой шалгуур тавьж өгснөөр бизнесийн үйл ажиллагаатай холбоотой одоо хасаж чадахгүй байгаа зардлуудыг хасах боломж олгосон байна.
Бас нэг чухал өөрчлөлт бол алслагдсан орон нутагт татварын дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ нь Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжийн төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр болсон байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор тодруулсан, сонирхсон асуултдаа хариулт авсны зэрэгцээ практикт тулгарч буй асуудлуудын талаар санал бодлоо илэрхийллээ.
Харилцаа холбооны бизнес эрхлэгчдийн хувьд Монгол Улсын хамгийн алслагдмал газар нутагт үйлчилгээгээ хүргэн ажилладаг тул хөдөө орон нутгийн аж ахуйн нэгжүүд төлбөрийн и-баримт олгодоггүй нь тайлан өгөхөд хүндрэл учруулдаг. Үүний зэрэгцээ төрийн байгууллагууд мөн и-баримт олгодогүй тохиолдол нилээд байдаг байна.
Түүнчлэн олон улсын байгуулагуудын гишүүнчлэлийн татвар төлдөг, бусад улс орнуудын ижил төрлийн бизнес эрхлэгчдээс үйлчилгээ авдаг, бизнесийн харилцаанд ордог гэх мэт харилцаанаас орлогын албан татвар суутгахтай холбоотой хүндрэл практикт тохиолддог.
Дээрх асуудлаар ТЕГ-аас баримталж буй бодлогын хувьд тодорхой арга хэмжээг авахаар төлөвлөж байгаагаа татварын ахлах байцаагч П.Ундармаа дараах байдлаар тайлбарлалаа. Татварын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж татварын үйлчилгээг бүрэн цахимжуулах, татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг “BEPS”-ийн дүрэм, журмуудыг хэрэгжүүлж татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах, олон улсын стандартад нийцсэн үнэ шилжилтийн эсрэг дүрэм, журмуудыг нэвтрүүлэн татварын бааз суурийг хамгаалах зорилгоор дэлхийн 190 гаруй улстай мэдээлэл харилцан солилцох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн шинэчлэлийн талаар иргэдэд таниулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг санал нэгтэй онцолж, хуулийн шинэчлэлийг нийт иргэд, аж ахуйн байгууллагуудад танин мэдүүлэх зорилгоор энгийн үг хэллэг ашиглан хуулийг тайлбарласан видео шторк болон зурагт хуудас хийж түгээвэл зүгээр гэсэн саналаа илэрхийлэв.
Энэ чиглэлээр ТЕГ-аас бас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа гэв. Тухайлбал татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх олон нийтэд ил тод, нээлттэй нэгдсэн зөвлөмжийг гаргаснаар татварын байцаагчид болон татвар төлөгчид хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэхийг зогсоож, хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа юм байна.
Цаашид ассоциацийн гишүүн компаниудаас практикт тохиолдож буй бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ТЕГ-т албан бичгээр санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой гэсэн нь энэхүү уулзалтын онцлог ойлголт байлаа.