Мэдээлэл харилцаа холбооны бизнес эрхлэгчдэд хамаарах эрх зүйн зохицуулалт

Ассоциацийн гишүүдийн энэ удаагийн ээлжит өглөөний уулзалтыг 2019 оны 11 дүгээр  сарын 21-ны өдөр зохион байгуулж, гишүүн компаниудын хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, ахлах мэргэжилтнүүдийн нийт 24 хүн оролцлоо.

Энэ удаа Хуульч, судлаач Л.Галбаатар уригдаж, тус ассоциацийн захиалгаар хийгдсэн “Мэдээлэл харилцаа холбооны салбарт бизнес эрхлэгчдэд хамаарах эрх зүйн зохицуулалт” судалгаагаа танилцуулав.

Ассоциацийн үндсэн зорилтын нэг болох “үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийг бий болгох бизнесийн орчинг сайжруулахад нийт гишүүдийнхээ оролцоо, бодитой хувь нэмрийг татан оруулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах” гэсэн зорилтынхоо хүрээнд өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид бидний бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлэх, хамаарх эрх зүйн зохицуулалтуудыг судалж, цаашид эрх зүйн шинэчлэл, шаардлагатай өөрчлөлт хийх талаарх чиглэлээ тогтоох зорилготой энэхүү судалгааг хийлгэсэн билээ.

Үүний зэрэгцээ техник технологи шинэчлэгдэж байгааг дагаад шинэ шинэ үйлчилгээ, бизнес модел нэвтрүүлэхдээ бид хуулийн хүрээнд ажиллах нөхцөл бололцоогоо ойлгомжтой болгох нь энэхүү судалгааны бас нэг зорилго нь юм.

Одоогийн байдлаар Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 700 орчим хууль байгаа бөгөөд жилд дунджаар 40 орчим хууль батлагдаж байна. Монгол улсын хэмжээнд 2013-2018 онуудад нийт 256 хуулийг УИХ баталснаас үндсэн хууль зөрчсөн 58 удаагийн тохиолдол илэрсэн гэсэн судалгаа байдаг байна. Үүнээс гадна захиргааны хэм хэмжээ тогтоосон 1062 акт байдаг байна.

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулахад салбарын хуулиудаас гадна нийтлэг болон тусгайлсан үүрэг хүлээлгэсэн, түүнчлэн хариуцлага хүлээлгэсэн эрх зүйн зохицуулалтууд хамаарч байна.

Нийтлэг үүрэг хүлээлгэсэн зохицуулалтанд хувь хүний болон байгууллагын нууцыг хамгаалах, гэмт хэргээс болон терроризмоос сэргийлэх, хэрэглэгчийг хамгаалах, албан татвар төлөх, барилга байгууламжийг хамгаалах зэрэг үүрэг багтдаг байна.

Харин тусгайлсан үүрэг хүлээсэн зохицуулалтанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлэх, өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх, эрчим хүч хэмнэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, хэрэглэгчийн мэдээллийг мөрдөгч, тагнуулын алба, эрх бүхий албан тушаалтанд өгөх үүрэг багтдаг байна.

Үүний зэрэгцээ Зөрчлийн тухай болон Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн зохицуулалтууд байна. Захиргааны арга хэмжээний актын хувьд ХХМТГ болон ХХЗХ-ноос баталсан актууд хамаарна.

Хуульч, судлаач Л.Галбаатар нь удахгүй УИХ-д өргөн баригдахаар бэлдэж буй “Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл”, “Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төсөл”-д бидэнтэй хамааралтай зохицуулалтын талаар бас танилцуулав.  

Уулзалтанд оролцогчид судлаачаас судалгаатай холбоотой асуултуудыг асууж, хуулийн хэрэгжилтэнд тулгардаг асуудлууд, тэдгээрийг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломж зэрэг сонирхсон асуултууд асууж, санал бодлоо солилцохын зэрэгцээ практикт асуудал үүсгэж байгаа зарим зохицуулалтуудыг дэлгэрэнгүй судлуулах хүсэлтэй байгаа тухайгаа, энэ асуудлын талаарх саналаа ассоциацид гаргаж өгөх нь зүйтэй гэдгийг илэрхийлэв.