“Нэгдсэн тусгай зөвшөөрөлийн тогтолцоог хэрэгжүүлэх боломж” сэдвээр хэлэлцүүлэг хийв

Нэгдсэн тусгай зөвшөөрлийн талаарх концепц, олон улсын чиг хандлага, манай оронд хэрэгжүүлэхэд бэлэн байгаа эсэх, бид юу хийж болох вэ зэрэг сэдвийг хөндсөн Ассоциацийн гишүүдийн дундах ээлжит хэлэлцүүлгийг 2019 оны 11 сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтанд Ассоциацийн гишүүн байгууллагын төлөөлөл болох хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХХЗХ-ны ЗБХГ-ын Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир, ЗБХГ-ын ахлах мэргэжилтэн Х.Нинжболор нар урилгаар оролцов.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн асар хурдтай өөрчлөлт нь технологийн төдийгүй бизнесийн нэгдэн нийлэлт (convergence)-ийг эрчимжүүлж байгаа өнөө үед тусгай зөвшөөрлийн зохицуулалт дагаад шинэчлэгдэн либеральчлалын эхэн үеийн индивидуал болон класс лицензийн хэлбэрээс нэгдсэн тусгай зөвшөөрлийн тогтолцоонд шилжиж байна.

Энэ нь бизнесийн моделиуд шинэчлэгдэхийн хэрээр шинэ үйлчилгээнүүдийг бий болгож, нэг зөвшөөрлөөр олон үйлчилгээ эрхлэх боломжийг олгосон илүү уян хатан аргыг ашиглаж эхэлснийг хэлж байгаа юм. Гэвч нэгдсэн тусгай зөвшөөрөлд шилжих явц тийм ч хурдтай өрнөхгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 195 улс орноос дөнгөж 13% нь л нэгдсэн тусгай зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлсэн байна.

Монгол Улсын хувьд өнөөгийн тогтолцоо, тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл нь ерөнхийдөө Малайз, Сингапур улсынхтай ижил бөгөөд нэгдсэн тусгай зөвшөөрөлд шилжих бэлтгэл болгон тусгай зөвшөөрлийн ангилалыг 2010 оноос хойш аль болох нэгтгэн ерөнхий нэршилтэй болгон өөрчилж байгаа юм байна.
Нэгдсэн тусгай зөвшөөрлийн тогтолцоонд шилжихэд дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс, радио давтамжийн төлбөр нь үйлчилгээний ангиллаас хамааран өөр өөр байдаг тул тусгай зөвшөөрлийг нэгтгэн олгоход төлбөрийн асуудлыг сайтар тооцоолох шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн ангилал бүрийн хувьд үйлчилгээний цар хүрээ, үйл ажиллагааны чиглэл, радио давтамж ашиглах эсэх, дугаарлалт, тусгай зөвшөөрлийн хугацаа, олгогдож буй эрх, хүлээж буй үүрэг зэрэг нь харилцан адилгүй байдгаас тэдгээрийг уялдуулах, нэгтгэх эсвэл хасах зохицуулалтыг хийхэд ажиллах шаардлагатай.

2015 онд Дэлхийн цахилгаан холбооноос гаргасан зөвлөмжийг баримталж, “Ухаалаг хот” концепцийн хүрээнд том дүр зургаар нь харж, технологийн хөгжлийг дагаад шинээр  бий болж буй бизнесийн моделийн чиг хандлагыг дагах ёстой гэж Зохицуулах хорооноос үзэж байна.

Тиймээс энэ үйл явц манай улсад хэрхэн явагдаж байгаа, бизнесийн хөгжил хаана яваа талаар үйлчилгээ эрхлэгчидтэйгээ ярилцах, ойлгож авах, нэгдсэн тусгай зөвшөөрлийг аль үйлчилгээнд хийж эхлэх вэ гэдгээр нилээдгүй ярилцлага, хэлэлцүүлгүүд зохион байгуулах шаардлага байгааг хэлэлцүүлэгт оролцогсод хүлээн зөвшөөрлөө.

Хэлэлцүүлэгт УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд ассоциациас гишүүдийнхээ саналыг нэгтгэснээ танилцуулж, санал солилцов. Эдгээр хуулиудад бүрэн либеральчлагдсан салбарын онцлогийг харгалзан үзэх, ялангуяа тусгай зөвшөөрлийн хугацааг богиносгох тухай тусгасан байгааг эсэргүүцэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.