Үүрэн телефоны операторуудын ууган компани болох Мобиком корпораци нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO:9001, Хөдөлмөр хамгаалал ба үйлдвэрлэлийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны BS OHSAS:18001, Мэдээллийн аюулгүй байдлын ISO:27001 зэрэг олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, гэрчилгээ авсан. Энэ сайн туршлагаасаа хуваалцахаар 2019 оны 10 дугаар 25-ны өдөр Ассоциацийн гишүүдийн ажилтнуудыг Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада болон холбогдох бусад захирал, ажилтнууд өөрийн оффист найрсагаар хүлээж авлаа.

Тацуяа Хамада захирал “Та бүхнийг манай оффист хүрэлцэн ирсэнд баяртай байна. Мэдээж бид өрсөлдөгчид, өнөөдөр бид цаашдын стратеги ч юмуу, маркетингийн урамшууллын талаар ярилцахгүй, гэхдээ бид өнөөдөр олон улсын стандартын талаар сайн мэдлэг, сайн туршлагаа хуваалцахаар цуглараад байна. Энэ нь бидний хувьд содон, өвөрмөц үйл явдал болж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологи асар их боломжийг авчирч, улс нийгмийн хөгжлийг дагуулж байна. Зарим үед бид өөрсдийн хэрэглэгчдээ ч сурган дагуулах болдог. Өнөөдөр бидний ярилцах сэдэв болох глобал стандартууд нь бидний бизнесийн дотоод процессыг сайжруулснаар үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, аюулгүй ажиллагааг бий болгох арга аргачлалыг бий болгодог давуу талтай. Та бүхэн магадгүй эдгээр стандартуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа байх, бид бүгдээрээ хэрэгжүүлснээрээ салбар маань илүү хүчирхэг болно.” хэмээн уулзалтын ач холбогдлыг дүгнэлээ.

Үргэлжлүүлээд олон улсын дээрх стандартуудыг хэрхэн нэвтрүүлсэн талаар "Мобиком" корпорацийн Чанарын удирдлагын албаны дарга Б.Тэнүүн дэлгэрэнгүй танилцууллаа.

                                                 

ISO 9001 нь стандартын хувьд байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх ажлын чанарыг удирдах, хянах тогтолцоо нь олон улсын стандартад нийцсэн болохыг баталгаажуулдаг бөгөөд дэлхийн 178 орны 1,064,000 байгууллага хэрэгжүүлсэн байна. ISO 9001 стандартыг ISO 14001, BS OHSAS 18001 стандартуудтай зэрэг нэвтрүүлэх боломжтой бөгөөд удахгүй Мобиком корпораци 45001 стандартад шилжихээр бэлтгэл ажлуудаа хангаж байгаа юм байна.

  • Олон улсын стандартыг бодитоор практикт хэрэгжүүлэх ажил нь цаг хугацаа шаардсан, тасралтгүй үргэлжлэх ажиллагаа бөгөөд мөн чанар нь үйлчилгээний чанар, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, дүрэм, журмыг компанийн үйл ажиллагааны шат, түвшин бүрт тодорхойлж хэвшүүлэх, тэдгээрийг ажилтан бүрт ойлгуулах, мөрдүүлэхэд оршдог. ISO 9001 стандартыг эрсдлийн удирдлагад суурилсан хэлбэрийг хэрэгжүүлсэн бөгөөд эрсдлийг системтэй удирдаж, тухайн жилийн топ эрсдлүүдээ тооцоолж, тухайн эрсдэл гарах магадлалыг үр дагавараар нь болон ач холбогдлын дарааллаар нь үнэлж эрсдлийг бууруулах хүчин зүйлс, арга замыг тодорхойлж топ эрсдлүүдэр тодорхой төсөл болгон хэрэгжүүлдэг. Олон улсын байгууллагаас аудын шалгалт ирж, тухай стандартын биелэлтэнд тогтмол хяналт хийдэг тул алдаа дутагдал байвал маш хурдан засаж залруулж, улам л сайжруулахыг хичээн ажилладаг байна.
  • BS OHSAS 18001 стандартыг хэрэгжүүлэхдээ тавигдсан үндсэн зорилтууд нь эрүүл, аюулгүй орчинг бий болгох, аюулгүйн мэдлэг чадвар, ажилтнуудын оролцоо, зөв зан үйлийг хэвшүүлэх, аюулыг илрүүлж, эрсдлийг урьдчилан тодорхойлж тэдгээрийг арилгах арга хэмжээг яаралтай авах, бүх түвшинд хяналт хариуцлагын тогтолцоог бий болгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлж, онцгой байдалд бэлэн байхад оршиж байсан. Уг стандартыг анх 2005 оноос хойш хэрэгжүүлж эхлээд 2017 онд олон улсын гэрчилгээг авсан бөгөөд ийнхүү амжилттай хэрэгжүүлснээрээ ажилтнуудын хувьд аюулгүй, найдвартай орчинг бий болгож, илүү сэтгэл ханамжтай байлгаж ажилтнуудыг сэдэлжүүлэхээс гадна хэрэглэгч ханган нийлүүлэгчдэд стандартын шаардлага хангаж байгаагаа харуулах боломжийг бий болгосон. ИТА цахилгаан тэжээлтэй болон өндөрт ажиллах, аюултай бүсэд болон замын ойр ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллгааны дүрмийг сайтар баримталж ажилласнаар осол аваар буурсан гэдгийг онцолж байв.
  • Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо буюу ISO 27001:2005 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 2012 онд батлалгаажуулж гэрчилгээ авсан. Энэ стандартыг хэрэгжүүлэхийн тулд эрсдлээ тодорхойлж, хяналтын систем би болгож, шаардлагатай бодлого, дүрэм журмаа боловсруулсан. Мэдээллийн нууцлалыг компанийн бүх түвшинд хадгалах, хамгаалах зааварчилгааг мөрдүүлж хэвшүүлэх, энэ нь ажилчдын үнэнч шударга байдлын илэрхийлэл байх бөгөөд нөгөө талаас нээлттэй байх мэдээллийг ч тодорхой байлгадаг. Тус стандартыг хэрэгжүүлснээр Мобиком корпораци нь мэдээллийн аюулгүй эрсдэлгүй орших нөхцлийг компани  дотроо төдийгүй харилцагчдын хувьд маш том давуу тал болсон гэдгийг онцолж байв.

Дээрх стандартуудыг хэрэгжүүлэхэд амжилтын тулгуур хүчин зүйлс нь яах аргагүй удирдлагын манлайлал, ажилтнуудын байнгын сургалт юм. Топ түвшнээсэээ эхлэн хүсэх, зөвхөн хүсээд зогсохгүй манлайлах, ажил хэрэг болгох нь хамгийн чухал алхам гэдгийг Мобикомынхон маань онцолж байв.

Олон улсын стандартыг хэрэгжүүлснээр үйлчилгээний чанар, тасралтгүй сайжруулалтыг бий болгох, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, тухайн байгууллагын брэндийн нэр хүндийг өсгөх, сайн үр дүнг авчрах бөгөөд энэ нь хэрэглэгчдэд хүрч буй үйлчилгээний сэтгэл ханамжаар хэмжигддэг. 

Тус уулзалтанд Ассоциацийн гишүүдийн холбогдох ажилтнууд нийт 31 хүн оролцсон бөгөөд ирсэн зочид сайн мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцсанд Мобиком корпорацийн удирдлагуудад талархлаа илэрхийлж, хүндэтгэлийн зураг татуулснаар уг уулзалт өндөрлөв. Мөн дараачийн удаа "Юнител" болон "Скайтел" компаниудаар зочилж, сайн туршлагатай танилцаж, мэдээллээ солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.