Ассоциацийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нэг болох гишүүн байгууллагууд хоорондоо “Сүлжээ, дэд бүтцээ хэрхэн хуваалцаж болох вэ” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ассоциацийн гишүүн байгууллагуудын бодлого, төлөвлөлтийн болон техникийн удирдах ажилтнууд нийт 23 хүн оролцлоо.

Компани бүр дэд бүтэц, сүлжээгээ харилцан ашиглаж буй жишээ, туршлага, боломжийнхоо талаар танилцуулж, харилцан санал бодлоо солилцлоо.

Үндсэн сүлжээний хувьд сувагчлалаас гадна нөөц тэжээл, шилэн кабелийн шөрмөс түрээслэх, нөөц сүлжээг бүрдүүлэх чиглэлээр хангалттай түвшинд хамтран ажиллаж байна. Хэрэглэгчийн сүлжээний хувьд цамхаг, антенны суурь, шон зэрэг харилцан хуваалцах  боломж байгаа боловч компани бүрийн сүлжээний төлөвлөлтөөс хамааран цаг хугацааны ялгаа гарч практикт хэрэгжүүлэх бололцоогүй болдог. Тиймээс ассоциацийн гишүүд хоорондоо сүлжээний төлөвлөлтийн талаар мэдээллээ солилцдог боломжийг бий болговол энэ чиглэлд хамтран ажиллахад дөхөм болж болох юм. Энэ талын жишиг практикыг үндсэн сүлжээний операторууд аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн нь үр дүнтэй байгаа юм. Түүнчлэн хотын дотор зөөн шилжүүлэх шаардлага гардаг бааз станцын түвшинд бүх үүрэн холбооны оператор компаниуд хамтран ажиллаж жишиг бий болгох нь зохистой алхам гэж хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байлаа.

“Сүүлийн үеийн олон улсын жишгээс харахад дэд бүтцийн пассив хэсгээс гадна агрегацийн түвшинд мобайл сүлжээний радио аксесс /RAN/-ыг хувааж ашиглах боломжийг хэрэглэж радио давтамжийн үр ашгийг нэмэгдүүлж байна. Цаашид 5G технологийг нэвтрүүлэх стратегиа тодорхойлохдоо энэ боломжийг бид тооцож, ярилцах ёстой. Өнөөгийн практикаас IPTV технологийн хувьд гадаад, дотоодын студи, продакшнтай холбогдохдоо “headend”-ыг хувааж ашиглах боломж бас байна” хэмээн Скайтел ХХК-ийн Технологи хариуцсан дэд захирал Ч.Даваажамц танилцуулав.

Аль ч операторын хувьд хэрэглэгчдийн сонголтонд нээлттэй байх зорилгоор барилгын доторх /indoor/ сүлжээнд хувааж ашиглах боломжийг холбогдох стандарт, норм дүрэмд тусгах нь зүйтэй гэж үзлээ. Үүний зэрэгцээ барилга байшин эзэмшигчтэй тохирох түрээсийн үнийн хувьд нэг бодлого барих, үнийн өрсөлдөөн үүсгэхгүй байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Дэд бүтэц, сүлжээг аль ч түвшинд хувааж ашиглах нь оператор бүрийн хувьд давхардсан хөрөнгө оруулалтаас зайлсхийх, зардал өртгөө хэмнэх ач холбогдолтойг бүгд ойлгож байгаа, тиймээс бие биенийхээ хүсэлтэнд хариу өгөх, шийдвэрлэхдээ шуурхай байх нь хамтын ажиллагаагаа илүү сайжруулж чадна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хүлээн зөвшөөрлөө. Хэлэлцүүлгээс гарсан эдгээр санал, санаачлагыг ассоциацийн түвшинд ажил болгох үүднээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ассоциацийн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулахаар шийдвэрлэв.