Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциациас "Дэд бүтэц, үндсэн болон хэрэглэгчийн түгээх сүлжээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд" сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Мэдээлэл Холбооны Сүлжээ компанийн хурлын танхимд зохион байгууллаа.

Ассоциацийн гишүүн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон инженер техникийн ажилтнуудын дунд зохиогдсон тус хэлэлцүүлэгт нийт 26 хүн оролцлоо.

Ассоциацийн гишүүд нь харилцаа, холбооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, үйлчилгээг Монгол Улсын бүх сум суурин газарт хүргэж, нийтдээ 43 мянга гаруй км шилэн кабелийн сүлжээг байгуулж, 310 сумыг холбосны зэрэгцээ бүх сум суурин газарт үүрэн холбооны 3G, 4G станцуудыг суурилуулсан байна. Өнөөдөр Монгол Улсын бүх аймаг, хот, сум суурин газар интернетэд холбогдож, иргэд хүссэн цахим үйлчилгээг хүлээн авах боломж бүрдээд байгаа ч зарим хүндрэлтэй асуудлууд байсаар байгаа тухай Мэдээлэл Холбооны Сүлжээ компанийн Стратеги төлөвлөлтийн газрын захирал Ц.Одхүү илтгэлдээ онцоллоо.

Тус хэлэлцүүлэгт оролцогсод санал бодлоо илэрхийлж, дэд бүтэц, сүлжээ байгуулах, ялангуяа хот, суурин газарт сүлжээ байгуулах, байгуулсан сүлжээний ашиглалт, үйлчилгээнд тулгарч байгаа асуудлууд нь олон жил хуримтлагдаж байгаа бөгөөд асуудлыг цогцоор нь харж, хэлэлцэж, гарц шийдлийг хайх нь зүйтэй гэдэг дээр санал нэгтэй байв.

Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх арга замууд нь хууль, эрх зүйн шинжтэй шийдлүүд байхаар байгаа бөгөөд энэ чиглэлээр салбарын бодлогын Агентлаг болон Зохицуулах хороотой нягт хамтран ажиллаж үр дүнд хүрнэ гэж үзэж байв.

Ассоциацийн гишүүн оператор компаниудын хувьд саналаа ассоциацийн түвшинд ярилцаж, асуудал бүрээр дахин ярилцах, шаардлагатай тохиолдолд Ажлын хэсэг зохион байгуулах замаар шийдлийг тодорхойлох, нэгтгэсэн саналаа Харилцаа Холбоо, Мэдээллийн Газар болон Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд тавьж хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Бидэнд тулгарч буй асуудлуудын хувьд үндсэндээ цамхаг бааз станцтай холбоотой, барилга, орон сууцтай холбоотой, түүнчлэн хот тэлэлт, сүлжээ төлөвлөлттэй холбоотой гэсэн  гурван чиглэлд болгон авч үзэхэд болохоор байна.

Юуны түрүүнд сүлжээ байгуулах стандарт, норм ба дүрмийг шинэчлэх, шинээр боловсруулах ажлыг ассоциацийн түвшинд Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран ажиллаж буй өнөөгийн практикыг үргэлжлүүлэн хийж, зам, барилгын компаниуд мөрддөг болгоход Зам Тээврийн Хөгжлийн Яам, Барилга Хот Байгуулалтын Яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, стандартын сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийх хэрэгтэй байна.

Дараачийн асуудал болох бааз станц, сүлжээг улсын комисст хүлээлгэн өгөх болон газрын кадастрын мэдээллийн санд сүлжээгээ оруулах процессыг хялбаршуулах, сүлжээний зурвас газарт давхардуулан газар олгодог асуудлыг шийдвэрлүүлэх гарцыг Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бодлогын түвшинд шийдүүлэх боломж байж болох юм.

Барилга, орон сууцанд техникийн өрөө байдаггүйгээс холбооны сүлжээг байгуулахад тухайн барилга, орон сууц эзэмшигчид, СӨХ-тэй ойлголцох шаардлагатай байдаг. Үүний тулд СӨХ-ийн түрээсийн жишгийг бүгд хамтран тооцож тэдэнд санал болгох, хэрэглэгчийн шугам/access network/-ыг нэгдсэн байдлаар зохион байгуулах асуудлыг гишүүд дотроо ярилцаж шийдэл олох нь зүйтэй.

Түүнчлэн гар утасны бааз станцаас цацруулж буй радио долгион нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт ард иргэдийн дунд бааз бий болсонтой холбоотойгоор станцыг барилга, орон сууцны дээврээс зөөх, шилжүүлэх шаардлага тавьж байгаа нь үүрэн холбооны сүлжээг зохион байгуулах, түүний ашиглалт, засвар үйлчилгээг зохион байгуулахад ихээхэн хүндрэл бий болгож, төлөвлөгдөөгүй зардал, хөрөнгө мөнгөний асуудлыг үүсгэж байна. Тиймээс энэ чиглэлээр олон нийтийн дунд зөв ойлголт өгөх нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, сэтгүүлчдэд зөв таниулах сургалт зохион байгуулах, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Харилцаа Холбооны Зохицуулах  хороотой  хамтран ажиллах шаардлагатай байна.

Үндсэн сүлжээнд үүсч буй асуудлууд нь хот тэлэлт, ялангуяа захын хороолол, лагерийн төлөвлөлттэй уялдуулан сувагчлал, дэд бүтцийг төлөвлөх, түүнчлэн зам, гүүр байгуулалттай холбоотой сүлжээг зөөх, шилжүүлэх, сүлжээг гэмтээх асуудал ихээр гарч байгааг тухайн төслийн хөрөнгөд тусгуулах чиглэлээр бодлогын түвшинд асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд оруулах талаар Харилцаа Холбоо, Мэдээллийн Газарт хандах нь зохистой гэж хэлэлцүүлэгт оролцогсод үзэв.

Үүний зэрэгцээ ассоциацийн түвшинд гишүүд давхардсан хөрөнгө оруулалтаас зайлсхийх, зардал хэмнэх үүднээс  цамхаг, байр, хөргөлт, тэжээл гэх мэт хуваан ашиглах /infrastructure share/ болон дээр дурьдсан хэрэглэгчийн шугам/access network/-ыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зэрэг асуудлыг гишүүд дотроо ярилцах ажлыг ойрын үед зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэлэлцүүлгээс гарсан эдгээр санаа, санал санаачлагыг ассоциацийн түвшинд ажил болгох үүднээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган ассоциацийн Удирдах Зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэв.